Олон Улсын Уулчдын Холбооны Ерөнхий Ассамблей Улаанбаатар хотод ирэх сарын 4-7-нд зохион байгуулагдана. Уг үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын “Горы Байкала” клубын уулчин, спортын мастер, сургагч багш Сергей Глазунов агсны “Боломж-үргэлж байдаг...” нэртэй фото зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд ирэх сарын 5-нд 11:00 цагт болно.
Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын Газар, “Монгол Хайкинг” клубын зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Монгол улсад суугаа ОХУ-ын Элчин Сайдын Яамны төлөөлөл, уулын спортын клубууд, сонирхогч, дэмжигч нар оролцох аж. Нэрт уулчны амьдрал, спортын замналыг фото зургаар өгүүлэх үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.
ОХУ-ын уулын спортын мастер “Сласение в горах”-“Уулын аврагч” цолтон тэрбээр оргилд авиралт хийхдээ ахтайгаа хамт авирдаг байжээ. Уулчин хамгийн сүүлд Пакистаны Латок 1 (7145 м) оргилын Хойд ханаар авиралт хийсэн байна. Түүнийг амжилттай авиралт хийснийг өндрөөр үнэлж “Золотой ледоруб Россий” болон “Хрустальный пик” шагналаар шагнаж байв.