АНУ-ын шүүх Орост төрсөн Германы иргэн 28 настай Анна Сорокин бүсгүйд доод тал нь дөрөв, дээд тал нь 12 жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хугацаанд биеэ хэрхэн авч явахаас шалтгаалан ялын хэмжээг өөрчилнө гэжээ. Сар орчим үргэлжилсэн шүүх хурлын дараа эмэгтэйг АНУ-ын тансаг зэрэглэлийн үйлчилгээний байгууллагууд, банкуудыг хууран мэхэлж 200,000 ам.доллар луйвардсан хэрэгт буруутгасан юм.
Сорокин өнгөрсөн дөрвөн жилийн турш АНУ-д амьдрахдаа өөрийгөө 60 сая ам.долларын хөрөнгө өвлөж авах чинээлэг бүсгүй мэтээр харагдуулж байжээ. Хуурамч өвч залгамжлагч бүсгүй банкны чек ашиглан тансаг зэрэглэлийн Нью-Йорк зочид буудалд амьдарч, хувийн онгоц түрээсэлж, дээдсийн зиндааны үдэшлэгүүдээр хэсч, өндөр үнэтэй брэндээр гоёж, хувийн стилисттэй болжээ.
Өөрийгөө чинээлэг айлын баян өв залгамжлагч хэмээн итгүүлж чадсан залуу бүсгүйн хэргийг Германы Засгийн газарт шилжүүлж магадгүй байгаа юм. Нью-Йоркийн шүүхээс хорих ялаас гадна 24,000 ам.долларын торгууль, мөн луйвардсан 200,000 ам.долларыг эргүүлэн төлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэрээр шүүх хурлын үеэр хийсэн алдаандаа гэмшиж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйжээ.
Үнэн хэрэгтээ Анна Сорокины аав том оврын ачааны автомашины жолооч ба түүний нэр дээр нэг ч цент өвлүүлээгүй байна. Өмгөөлөгчид нь Сорокиныг Нью-Йорк хотын тансаглал, хээнцэр ганган байдалд сохорсон байсан бөгөөд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх гэж байсан тул хууль бус үйлдэл хийгээгүй гэж хамгаалжээ.
Сорокин урлагийн бүтээл цуглуулах хүсэлтэй ба зөвхөн гишүүнчлэлийн эрхтэй дээд зиндааныхан сонирхдог урлагийн клуб нээхээр төлөвлөж байсан гэжээ. Германаас Нью-Йоркод ирж амьдралаа сайжруулах мөрөөдөлтэй бүсгүй Банкнаас 22 сая ам.долларын зээл авахаар хүсэлт гаргасан байсныг шүүх хурал дээр танилцуулсан байна. Түүнчлэн Мароккад хамт амралтаа өнгөрүүлж, төлбөрийг нь даасан найзаасаа 60,000 ам.доллар хулгайлахыг оролдсон гэж прокурорууд буруутгажээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com