“Монголын хууль гурав хоног үйлчилдэг, шүүх, хяналтын байгууллага бүхэлдээ ялзарсан, шүүгч, прокурорууд насаараа бизнес хийсэн хүмүүсээс илүү баян” гэсэн яриаг бид сүүлийн үед ихээр сонсож байгаа. Системийн шинжтэй өөрчлөлт хийхгүй бол шударга бус байдал арилахгүй гэдэг дээр ҮАБЗ-ийн гурван гишүүн нэгдэж, хууль, хяналтын байгууллагын удирдлагыг үндсэнд нь сольж дууслаа. Солихгүй бол нийгэмд шударга бус байдал улам даамжирна гэсэн ард иргэдийн хүлээлт ч байгаа. Гэвч хуулийн цоорхой арилахгүй, хүний муу нь "явахгүй" л байна. Шинээр томилогдсон дарга нар үүнээс ажлаа эхлэх хэрэгтэй болжээ.
Улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан МХЕГ-ын газар хэлтсийн дарга тэргүүтэй нийт 25 хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон явдал саяхан гарлаа. Энэ бол хууль, хяналтын байгууллагын ялзралын бодит жишээ болж, сонссон хүн бүрийн жигшлийг төрүүлж байна.
Угтаа бол МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан. Тэд нэг тэрбум орчим төгрөгийг хэрхэн олсноо тайлбарлаж чадаагүй учир үүнийг хясан боогдуулж, хээл хахуулийн замаар авчээ гэж үзэж байсан. Гэтэл шүүхээс “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн ганцхан үндэслэлээр хүчингүй болгочихлоо.
Олны анхаарал татсан иймэрхүү хэргүүд ийм замаар хэрэгсэхгүй болох шат руугаа явж байгаа юм биш биз?!
Олны анхааралд орсон хэргүүдийн нэг нь Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар Ч.Бямбаа нарт холбогдох хэрэг. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд “”Рекат” компанийн их замын дээрэмчид болох Д.Дорлигжав нар дөрөв байтугай сая ам.долларыг надаас хахуульд авсан” хэмээн баримт дэлгэсэн. Шилжүүлэг хийсэн баримтаа ч АТГ-т хүлээлгэн өгсөн.
Удалгүй энэ хэргийн мөрөөр Т.Ганболдын үгэнд зоригжсон хоёр бизнесмэн Д.Дорлигжавын баруун гар Ч.Бямбаад нийтдээ 150 сая төгрөгөө залилуулсан гэдгээ мэдэгдсэн. Ч.Бямбаа энэ мөнгийг “Дорлигжавт өгсөн” гэж ярьдаг. Хэвлэлээр энэ асуудал босоод ирэнгүүт Д.Дорлигжавын жолооч, эхнэр нь бизнесмэнүүдтэй ирж уулзаад “Мөнгийг чинь төлнө. Дорлигжавын хэрэг дууссаны дараа хохирол барагдуулъя” гэж гуйсан байдаг.
Хууль, хяналтынхны нарийн аргын нэг болоод байгаа “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг ангилалд Д.Дорлигжав нарын хэрэг орох юм биш биз гэсэн болгоомжлол байна. Ажил болон гэрээс нь тэрбум төгрөгийн авлига олчихоод байхад хэрэгсэхгүй болгож байгаа юм чинь Д.Дорлигжав нарт холбогдох дөрвөн сая ам.долларын хэрэг дээр шүүгч нар нэг өдөр хээв нэг “Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусжээ” гэж алх тогших юм биш биз.