Өнөөдөр бол Орос орны агуу их ялалтын 74 жилийн ойн өдөр билээ. 1945 оны тавдугаар сарын 9-нд Германчууд бууж өгснөөр Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн өдөр юм.
ОХУ жил бүрийн энэ өдөр цэргийн жагсаал хийж батлан хамгаалах, цэрэг арми, зэвсэгт хүчний суу алдрыг мандуулан хүчин чадлаа гайхуулан дэлхийн нийтийн анхаарлыг татсаар ирсэн уламжлалтай. Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалд 16 дахь удаагаа дуу хоолойгоо хүргэн мэндчилэх юм.
Ялалтын баярын 70 жилийн ойн жагсаалаас хойш дөрөв дэх жилдээ дарааллан Батлан Хамгаалах яамны харьяа Цэргийн их сургуулийн эмэгтэй сонсогчид Улаан талбайд жагсана. Үүгээр зогсохгүй анх удаа эмэгтэй хүндэт харуулууд баярын жагсаалд оролцож байгаагаараа онцлог юм.
Москвагийн Дотоодыг хамгаалах их сургууль, Цагдаагийн байгууллагын эмэгтэй эрэгтэй алба хаагчид, сонсогчид болоод Мөрдөн байцаах хороо сүр жавхлант баярын жагсаалд нэгдэж байна.
Цэргийн жагсаалын үеэр анхаарал татах өөр нэг зүйл бол Аурус Сенат тоноглосон лимузин машиныг жагсаалын командлагч болон Батлан хамгаалахын сайд унаж танилцуулна гэжээ.
Таван жилд анх удаа гадны зочид төлөөлөгчдийг хүндэт зочноор уриагүй хэмээн эх сурвалжид дурдсан байна. Баярын жагсаалын бэлтгэл ажил өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хангагдаж эхэлжээ. Оросын 144 сая гаруй ард түмний тэн хагас нь баярын жагсаалд оролцоно гэсэн судалгааг хийсэн байна.
Урьдчилсан байдлаар 13,000 цэрэг, 132 зэвсэг техник, 74 онгоц өнөөдрийн жагсаалд оролцоно гэж мэдээлсэн ч бэлтгэл ажлын үеэр 17,600 цэрэг, зэвсэгт хүчний 190 гаруй техник, Үндэсний харуул, Дотоод хэргийн яамны 3,800 бие бүрэлдэхүүн оролцжээ.
Ялалтын баярын жагсаал Москвагийн цагаар өглөөний 10, манай цагаар үдээс хойш 15 цагт эхэлнэ гэж мэдээлсэн байна. Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу, жагсаалын дарга зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагч армийн генерал Олег Салюков нар жагсаалыг толгойлох юм.
Араас нь ОХУ-ын цэргийн хөгжмийн коллежийн бөмбөрчид, зэвсэгт хүчний найрал хөгжимчид алхана. Жагсаалын тэргүүнд хуурай замын цэргүүд, дунд хэсэгт цэргийн зөөврийн техник хэрэгслүүд, сүүл хэсэгт нисэх хүчний цэрэг дайчид техник хэрэгслүүд жагсана.
ОХУ-ын ард түмэн өнөөдрөөс эхлэн ням гараг хүртэл бүх нийтээрээ амарч агуу эх орны ялалтын баяраа тэмдэглэх ажээ. Нийслэл Москва хотын Улаан талбайгаас гадна 26 том, 50 жижиг хотод баярын жагсаал болж дайны он жилүүдийг дурсан, амь биеэ хайрлалгүй тулалдсан баатруудад хүндэтгэл үзүүлэх юм.
Эх сурвалж: www.themoscowtimes.com, www.nationalpost.com, en.wikipedia.org