Уолт Дисней кино компани нэрт найруулагч Жэймс Камероны алдарт бүтээл “Avatar”-ын хоёрдугаар ангийн нээлтийг бүтэн жилээр хойшлууллаа. Кино сонирхогчид, үзэгчид “Avatar 2”-ыг ирэх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дэлгэцэнд гарна хэмээн хүлээж байсан юм.
Гэсэн ч “Star Wars” цувралын шинэ ангийг хийх болсонтой холбогдуулан Жэймс Камероны шинэ бүтээлийн нээлт 2021 оны 12 дугаар сар хүртэл хойшлогдоод байна. Уолт Дисней “Star Wars”-ын шинэ ангийг 2022 оны 12 дугаар сард дэлгэцэнд гаргахаар төлөвлөжээ.
“Avatar” бол Box Office-ын бүх цаг үеийн шилдэг амжилтуудыг тогтоосон, үзэгчдээс асар их хайр хүндлэл хүлээсэн уран бүтээл юм. Түүний тогтоосон амжилт удаан хугацаанд хадгалагдсаар өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Avengers: Endgame” эвдсэн билээ.
Аварга биет хүн дүрст цэнхэр амьтдын тухай бүтээлийн цувралууд аль эрт гарч эхлэх ёстой байсан ч хойшилсоор шүтэн бишрэгчид нь дахин хоёр жил хүлээх хэрэгтэй боллоо. Өмнө нь “Avatar 2”-ыг 2020 онд, “Avatar 3”-ыг 2023 онд, “Avatar 4”-ыг 2025 онд, “Avatar 5”-ыг 2027 онд дэлгэцэнд гаргахаар төлөвлөсөн байжээ.
Найруулагч Камерон жилийн өмнө хийсэн мэдэгдэлдээ цуврал бүтээлүүд дээрээ хэдий нь ажиллаад эхэлсэн гэж тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: www.reauters.com