СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы анхны эмэгтэй нисгэгч, түүний далавчтай болох мөрөөдөл

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ари Фужи гэгч эгэл даруу ахлах сургуулийн сурагч охин далавчаа дэвсэн нисэхийг хүсч, тэр мөрөөдлөө төмөр хөлгөөр тэнгэрт дүүлэн биелүүлэх хүсэлтэйгээ ойлгожээ. Гэвч Япон оронд эмэгтэй нисгэгчид нийтлэг биш учраас тэнгэрт дүүлэн ниснэ гэдэг мөрөөдөл хэвээр үлдэв.

CNN Travel буланд өгсөн ярилцлагадаа Фужи “өмнө минь маш өндөр хана тулгарсан. Өөрийгөө хамгаалах хүчин эмэгтэйчүүдийг элсүүлдэггүй. Тиймээс нисгэгч болно гэдэг маш хэцүү зам туулна гэдгийг би мэдсэн” хэмээн өгүүлжээ.

Түүний замд тулгарсан саад бэрхшээл үүгээр дууссангүй. Фужи Иргэний нисэхийн коллежид суралцахад хэтэрхий жижигхэн биетэй байв. Гэвч үүгээр бууж өгөлгүй гадны улс орнуудаас боломж хайсаар АНУ явж нисгэгчийн гэрчилгээ авахаар болжээ. Америкт суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж нислэгийн компаниудад ажилд орохыг хүссэн ч эсэргүүцэл эгдүүцэлтэй тулгарч эхэлсэн байна.

Ари Фужи: Энд маш олон эрэгтэй боловсон хүчин байгаа. Тиймээс Японд нисгэгч болно гэдэг боломжгүй. Ялангуяа нислэгийн компаниудад ажилд орох амаргүй гэж олон хүн хэлсэн. Би хэзээ ч тэднээс яагаад гэж асууж байгаагүй ч эмэгтэй нисгэгч байдаггүй болохоор боломжгүй гэж бодож байгааг нь мэддэг байсан.

 

 

Эцэст нь түүнд Japan Airlines-ын охин компани JAL Express-ын сургах хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж өөрийн түүхээ бичих эхлэл нь тавигджээ.

Ажилд орсноос хойш түүнд маш их дарамт шахалт ирдэг байсан ч сургалт, аялал бүрийн өмнө толиндоо харж “би бол ахмад” хэмээн зоригжуулдаг байна. Жилийн дараа гэр бүлтэй болж, хамтран нисгэгч болоход хүмүүс мөрөөдлөө биелүүлж чадсан юм чинь одоо амрахгүй юмуу гэж асуухад энэ салбарт бусад эмэгтэйчүүдэд боломж олгох хэрэгтэй гэдгийг харуулахын тулд, хүсэл мөрөөдлийнхөө төлөө үргэлжлүүлэн ажиллахаа хэлдэг байсан хэмээн ярьсан байна.

 

 

“Би шинээр нисгэгч болох гэж буй залуучуудад өөрийн амьдралын хэв маягийг сонгосон бол ямар хүйстэй байх нь чухал биш гэж хэлдэг. Эмэгтэй хүмүүс ч бас онгоц жолоодож чаддаг гэдгийг харуулахад өөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж боддог” хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.