"Халуун сэдэв" булангийн энэ удаагийн зочноор Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар оролцож байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг цэргүүдээр гүйцэтгүүлэх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой оюутнуудыг хүртэл хомроглон цэрэгт татаж байна гэсэн хэл яриа гараад байгаа. Энэ талаар болон бүтээн байгуулалтад оролцох цэргүүдийн цалин, хангамжийн талаар асууж тодрууллаа.
-Цэрэг татлагыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ жил хувьд бүтээн байгуулалтад цэргийг оролцуулах Засгийн газрын шийдвэр гарсан онцлог жил болж байна. Цэргийн алба хааснаар гурван давуу талтай.
Нэгдүгээрт, Монгол улсын Үндсэн хуульд зааснаар цэргийн алба хааж үүргээ биелүүлнэ.
Хоёрдугаарт, Цалинтай цэрэг болно. Тодорхой цалин олгож, мэргэжил эзэмшүүлнэ. Хоёр сая төгрөгийн цалинтай байна гэсэн яриа байдаг. Нарийн мэргэжлийн хүмүүс ийм цалин авна. Энэ үнэнд ойртсон тоо.
Гуравдугаарт, Дорнод аймгийн Халх гол суманд бүтээн байгуулалт явагдаж, жишиг сум болох зорилттой байгаа. Энд богино хугацаанд ажилласан хүмүүс ирсэн. 300 мянгаас 1 сая төгрөгийн цалин авсан байна лээ. Энэ хүмүүс болон энэ жилийн цэрэг татлагад хамрагдаж байгаа залуусын хувьд Зэвсэгт хүчинд үлдэж ажиллах боломж бүрдэнэ.
Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргүүдэд МСҮТ-ийн багш нараар мэргэжил эзэмшүүлнэ. Хөдөлмөрийн хуулинд зааснаар ажиллуулна. Ажлын хөлсийг халагдсаны дараа өгнө.
-Энэ жил цэргийн зарлан аваад ирсэн хүн бүрийг татаж байна гэсэн яриа гадуур байна л даа?
-Миний өмнө тодорхой тоо баримтууд байна. 30 хувь нь өвчнөөр, 60.9 хувь нь суралцахаар чөлөөлөгдсөн байна.
-Цэрэгт татахын тулд нэг залуугийн долоон шүдийг нэг дор авсан гэсэн шуугиан бас гарсан?
-Шүд нь хорхой идээд, ёзоор байсан байна. Хоёр ёзоор авчээ. Гэхдээ энэ хүн цэрэгт яваагүй. Гэртээ байна. Мэдээллийг худал тарааж болохгүй.