Монгол Улсын хэмжээнд хөхний эрүүл мэндийн асуудал орхигдчихоод байгаа салбар. Хавдар судлалын үндэсний төв хөхний хавдрын асуудлаар дагнадаг. Хөхний хувьд ганц хавдраас гадна өөр олон асуудал гардаг. Буглаа, бэрсүү, хоргүй хавдрууд, гормоны өөрчлөлтүүд, шалтгаангүй өвдөх гэх мэт маш олон төрлийн эмгэг байдаг. Ингэж өвдөж байгаа хүмүүс хаана хандахаа мэдэхгүй тохиолдол байдаг. Тэгвэл өнгөрсөн жилээс хөхний эмгэгээр мэргэшсэн орчин үеийн бүхий л шинжилгээг хийж байгаа Хөхний эрүүл мэндийн төвийн Дүрс оношлогооны эмч Б.Заяабаттай ярилцлаа.
-Одоогоор ямар үйлчилгээнүүд үзүүлж байна вэ?
-Манай төв оношилгоо болон зөвлөгөө өгөх түвшинд ажиллаж байна. Хөхний оношилгоонд өвөрмөц шинжилгээнүүд бий. Маммограф бол хамгийн чухал шинжилгээ. Хоёрдугаарт, хоёр төрлийн хэт авиа буюу эхо аппараттай. Эход харна, дараа нь маммографийн шинжилгээ хийнэ. Мөн хөхнөөс эд авдаг шинжилгээ, цусны бүх төрлийн шинжилгээг хийж байгаа. Хөхний толгойноос гардаг шингэнийг шинжилдэг цитологи буюу эсийн шинжилгээ бас авдаг. Хөхний эмгэгийн бүх оношлогоог хийж байна гэсэн үг. Одоогоор гурван зөвлөх эмч, болон мэргэжлийн эмч, сувилагч гээд 10 гаруй хүнтэй ажиллаж байна. Жил гарангийн хугацаанд 4000 гаруй эмэгтэйг үзсэн бөгөөд 30 гаруй хортой хавдар илрүүлсэн.
Хавдар жижигхэн байх тусмаа хүнд мэдэгдэх зовуурь нь бага илэрдэг. Хавдар томроод хожуу үе шатандаа орсон байвал илүү их зовуурь өгдөг
-Хортой хавдар илэрсэн хүмүүсийн хувьд хожуу үедээ орсон байна уу, аль эсвэл эрт оношлуулсан уу?
-Янз бүр байгаа. Хавдар жижигхэн байх тусмаа хүнд мэдэгдэх зовуурь нь бага илэрдэг. Хавдар томроод хожуу үе шатандаа орсон байвал илүү их зовуурь өгдөг. Дийлэнх нь хоёрдугаар үе шат буюу дунд үедээ оношлогдож байна. Нэгдүгээр үе шатандаа оношлогдсон тохиолдол байгаа. Хөхөө барьж, дарж үзэхэд бага зэргийн зүйл тэмтрэгдэж байвал шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь хортой хавдар байх тохиолдол байж болно. Манай төвд хандсанаар эрт оношлох боломжтой.
-Эмэгтэйчүүдийн хувьд хөхөө чанга дарах, гарт нь нэг зүйл тэмтрэгдэж байвал тэр зүйл нь хортой хавдрын нэг шинж тэмдэг гэж ойлгож болох уу?
-Хавдар нь дотроо хортой, хоргүй байдаг ч хоргүй гэж оношлогдсон ч хоргүйгээсээ хортой болох тохиолдол байдаг. Эхогоор хөхөнд тань ямар нэг зүйл үүссэн эсэхийг харна. Гэвч энэ нь хортой хавдар гэдгийг 100 хувь онош тогтоож чадахгүй, хортой байх магадлалтай гэж үзвэл эдийн шинжилгээ авч хортой эсэхийг мэддэг. Хэдийн чинээ эрт оношлогдоно төдий чиний урт насална. Нэг, хоёрдугаар шатандаа оношлогдох юм бол таваас дээш жил амьдарна. Харин гурав, дөрөвдүгээр үедээ оношлогдох юм бол 1-1.5 жил амьдардаг. Иймд хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарч тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Шинжилгээнд орсноор хавдрын нэгдүгээр үе шатандаа оношлогдох юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой.
40 нас хүрсэн л бол “Би эрсдэлтэй бүлэг рүү орлоо” гэж үзээд жил бүр хөхний үзлэгт орно
-Ямар давтамжтайгаар хөхний үзлэгт орох ёстой юм бэ?
-Олон улсын жишгээр 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой гэж заадаг. Харин 40 хүртэл насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа үзлэгт орж байх ёстой. Энэ бол бүр тогтчихсон хугацаа. 40 нас хүрсэн л бол “Би эрсдэлтэй бүлэг рүү орлоо” гэж үзээд жил бүр хөхний үзлэгт орно.
-Хорт хавдар үүсгээд байгаа шалтгаан, юутай холбоотой вэ?
-Нэг шалтгаан дурдвал эмэгтэйчүүдийн төрөл бүрийн гормоны бэлдмэл, жирэмснээс сэргийлэх эм нь цаагуураа гормонд нөлөөлж, эсийг мутацад оруулж байдаг. Урт хугацаанд хэрэглэсний дараа эс маань мутацлагдаж хорт хавдар болдог. Эмэгтэйчүүдийн спирал нь өөрөө гормоны зохицуулалтад оролцдоггүй учраас хорт хавдар үүсгэхгүй. Харин төрөл бүрийн тураах эм, арьсыг залуужуулах зэрэг бэлдмэлүүд нь дааварт нөлөөлдөг.
Хөхний хавдрын гол шалтгаан бол хэт орой төрөх, сарын тэмдэг орой ирэх. Хоёрдугаар том шалтгаан бол хүүхдээ хөхөөр хооллохоо больсон
-Олон улсад хөхний хорт хавдрын эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Европын холбооны улс ялангуяа Герман, Австри, Бельгид эмэгтэйчүүдийн хувьд номер нэг өвчин нь хөхний хавдар болоод байна. Хөхний хавдрыг эмчилж дийлэхгүй байна шүү дээ. Би саяхан Европын холбооны улсад болсон олон улсын хуралд оролцоод ирлээ. Тэр хурал дээр хөхний хорт хавдрын тухай л ярьсан. Монголд элэгний хорт хавдар, элэгний өвчлөлийг хамгийн их ярьж тэмцэж байгаа бол тэнд хөхний хавдартай тэмцэхийн төлөө зүтгэж байна. Яагаад энэ өвчин газар аваад байна вэ гэхээр тэнд төрөлт байхгүй болсон. Төрөлт орой болсон. Хөхний хавдрын гол шалтгаан бол хэт орой төрөх, сарын тэмдэг орой ирэх. Хоёрдугаар том шалтгаан бол хүүхдээ хөхөөр хооллохоо больсон. Сүү үйлдвэрлэдэг булчирхайнууд сүү үйлдвэрлэлээ ч тэрийгээ гадагшлуулахгүй болохоор дотроо буглаад, эсүүдийн бүтэц алдагдаад эхэлдэг. Зориулалт нь сүү үйлдвэрлэхээ болиод эхэлдэг. Тэр нь явсаар хавдар болчихдог. Хүүхэд төрүүлэх идэвхтэй нас гэж байдаг шүү дээ. Тэр хугацаандаа төрөх хэрэгтэй. Хүүхдээ хөхөөр хооллож байх ёстой.
-Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд хөхүүлээд том, жижиг хөхтэй болчихлоо, хэрхэн ижилхэн болгох, унжсан хөхийг чангаруулж, томруулах арга байдаг болов уу хэмээн асуудаг?
-Гоо сайхны хувьд янз бүрийн арга байдаг байх. Хөх, том жижиг болох асуудал бол хавдрын өвчлөлтэй харьцуулалтгүй зүйлс. Хөхөө том, жижиг болгож байгаа нь та өөрөө шүү дээ. Хүүхдээ ээлжлээд хөхүүлэх юм бол ижил тэнцүү хэвээрээ байна. Хөхний эрүүл мэндийн төвийн хувьд монгол эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрыг хувийг багасгах, хавдрыг эрт оношлох, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл түгээхийн төлөө ажиллаж байна.
-Хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд горьдоно, эрнэ гэж бий. Горьдсон үед бариа хийлгэх, элдэв юмаар илж маажих, домнох зэргээр аргалцгаадаг. Энэ мэт ардын арга засал хэр зөв бэ?
-Хөхүүл эмэгтэйчүүд горьдчихлоо гэдэг. Хөхний сүү үйлдвэрлэдэг булчирхайнаас хөхний толгой хүртэл суваг бий. Тэр сувгаар сүү дамждаг. Тэр нь бөглөрчихдөг. Энгийн үгээр сүү нь гашилна гэсэн үг. Ээдмэг шиг болчихлоор нарийхан сувгаараа гарч чаддаггүй. Сүүний булчирхай сүү үйлдвэрлээд байдаг. Суваг нь бөглөрчихсөн байвал сүү нь нэмэгдээд тэлэгдээд томроод зангирчихдаг. Зарим илээч, бариач хүмүүс бариад тэр бөглөрсөн сувгийг нь нээчихдэг. Тэгэхээр дотор нь байсан сүү нь гадагшилчихлаар эдгэчихлээ гэж ярьдаг. Гэхдээ хөхний бүх асуудал дээр бариа, иллэг байх ёстой гэж ойлгож болохгүй. Хүүхэд нь хөхөө сайн хөхөхгүй байвал маш сайн сааж, суллах ёстой байдаг. Тэгээгүйгээс хөхөө сүүтэй үлдээгээд суваг нь дотроо бөглөрчихдөг нөгөөх нь идээд буглаа, хөхний идээд үрэвсэл болох тохиолдол бий. Сайн иллэг хийгээд саалтуураар саах нь хөх үрэвсэх, буглаа үүсэх эрсдэлийг багасгана.
Хүүхэд нь хөхөө сайн хөхөхгүй байвал маш сайн сааж, суллах ёстой байдаг. Тэгээгүйгээс хөхөө сүүтэй үлдээгээд суваг нь дотроо бөглөрчихдөг нөгөөх нь идээд буглаа, хөхний идээд үрэвсэл болох тохиолдол бий
-Төрсний дараа хөх нь бэрсүүдээд арилахгүй байгаа тохиолдолд яах вэ?
-Горьдоогоо сайн гаргаагүй байснаар хатуу зангилаа болоод бэрсүү болоод үлдчихдэг. Хааяа чимчигнэж өвддөг ч зарим эмэгтэйчүүдэд зүгээр байдаг. Зарим бэрсүүний хувьд хортой хавдар болох эрсдэлтэй. Бэрсүүтэй бол мэргэжлийн эмчид үзүүлж, байнгын хяналтад байхыг зөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр тогтмол орж, хэмжээ, бүтцэд нь хэрхэн өөрчлөлт орсныг хянуулах хэрэгтэй. Дээрх хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох юм бол эдийн шинжилгээ авч хавдар мөн эсэхийг шалгадаг.
-Эцэг, эхчүүд охиныхоо хөх ургаж эхэлсэн үеэс л хөхний үзлэгт оруулж хэвших хэрэгтэй юу?
-Хөхөө өөрөө шалгах аргыг зөв сурах ёстой. Ямар нэгэн зүйл гарт мэдрэгдэж, тэмтрэгдэх юм бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Муугаар ярихад бариа заслын газруудад идээ, бээр, буглаагаа арилгуулна хэмээн бариулж байгаад хавдар байсныг нь мэдэлгүй задлах тохиолдол гарч магадгүй. Иймд мэргэжлийн эмчид буглаа, зангилаа, хавдар эсэхийг тодруулсны дараа бариулж болно.
-Эмэгтэйчүүдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Хувь хүн өөрөө хөхөнд нь ямар нэгэн зовуурь илэрч байвал эмчид хандаж, мэдээлэл зөвлөгөө авах хэрэгтэй. Хорт хавдрыг ямар нэгэн мэс хүргэж байж эмчилнэ гэж үзэж байгаа. Мэс хүргэнэ гэдэг нь хөхийг хэсэгчилж юм уу бүтнээр нь авч байж амьд явна. Орчин үед маш жижиг хэмжээтэй хавдрыг соруулан авдаг болж байна. Хөхний эрүүл мэндийн төв дээрх аргыг тун удахгүй Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.