СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-06

Гэрэлтэй цонхны цаана…

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.ДАМДИН-ОЧИР

2019.5.04-ний бямба гариг. Үдшийн 22:40 цаг.

Төрийн ордны хоёрдугаар давхрын энэ дөрвөн цонх амралтын өдрүүдийн үдшээр ч гэрэлтэй өнждөг болоод гурван сар болж буй. Тодруулж хэлбэл, хоёрдугаар сарын 2-ны өдөр ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн ажлын өрөөний цонх юм.

Бас хэдэн “үе” дамжиж ноцолдоод бараагүй хотын утааг арилгах ажлыг Засгийн газраас түүнд хариуцуулсан. Ёстой л “…Чадах уу” гэж асуумаар байгаа юм.

Одоогоор Л.Оюун-Эрдэнийн олон ажлаас ганц нэг нь л буюу “Эрдэнэт үйлдвэр-тэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг гаргуулснаас өөр гойд өөрчлөлт харагдахгүй байна.

Гэсэн хэдий ч Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдыг амралтын өдрүүдээр ч дуудаж ажиллуулсаар энэ 90 хоногийг өнгөрөөжээ. Зарим хэвлэлд энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж бичиж байлаа.

Амралтын өдрүүдээр ч ажиллаад улс орон үсрэнгүй хөгждөг бол Монгол Улсад өдийд сэргэлт мандалтын зах зухаас харагдаж эхлэх ёстой. Гэхдээ алга. Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноос буугаад төрийг төвшитгөх хэцүү гэсэн Их хааны үг байдаг.

Түүн лүгээ анх удаа УИХ-д сонгогдсон, улс төрийн туршлага багатай энэ залууг ЗГХЭГ-ын даргаар томилогдож чадсаныг хүмүүс мартаагүй л байгаа.

2016 онд УИХ дахь МАН-ын 65-ын нэг болсон Л.Оюун-Эрдэнэ анхдугаар чуулган дээр л “…МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга биш Ерөнхий сайд болох ёстой” гэж дуугарсан.  Дараа нь чанга дуугарч эхлэх суурь нь 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд болсон Элчин сайдаар томилогдох гэж байсан Б.Хурцтай холбоотой Нээлттэй сонсгол болсон юм.

Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулсан тэр сонсгол дээр Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, А.Сүхбат нарын хамт орж үг хэлсэн. Харин үүнд нь “гомдсон” Б.Хурц АТГ-т хандсан.

Энэ завсарт Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийх санаачлага гаргасан. Нэлээд гишүүн дэмжсэн.

Ингэж яваад тэрээр 2018 оны зургадугаар сарын 15-нд Б.Хурцын гомдлын дагуу АТГ-т мэдүүлэг өгсөн.

Харин тэндээс гарч ирээд “…Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна. Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна.

Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв.

Улмаар баяр наадмын өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж 60 тэрбумаар Нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Сүүлдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг гаргасан.  Удалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүд Л.Оюун-Эрдэнэтэй нэгдэв. Тэд Сүхбаатарын талбайд хоёр ч удаа томоохон жагсаал зохион байгуулсан. Ингэсээр 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь гаргасан юм.

Товчхондоо, М.Энхболдын оронд Г.Занданшатар очиж, Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон.

Энэ томилгоонууд явсны дараа УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарыг чөлөөллөө.

Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад нь “орны хүн”-тэй болсон. Гэхдээ ерөнхий шүүгч энэ долоо хоногт тодрох тухай мэдээлэл яригдаж байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн энэ ажилд томилогдохоос өмнө, томилогдсоны дараа иймэрхүү үйл явдлууд болж өнгөрлөө.  Энэ бүхнийг түүх шүүнэ.

Гэхдээ өнөөдрөөр нь харвал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний хувьд олон дайсантай болжээ. “Эрдэнэт үйлдвэр”-т явуулсан ажиллагаа, Хөгжлийн банкны зээл, өмч хувьчлалууд, хууль хяналтын байгууллагууд гээд “оролдсон” сэдвүүд нь хэн хэний уур бухимдлыг хүргэх нь тодорхой.

Үүнийг баталсан нэгэн явдал саяхан болж өнгөрлөө. Эх сурвалжуудын мэдээллээр, Л.Оюун-Эрдэнэ Монголдоо том нэгэн эмнэлэгт хордлогын шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байжээ. Гэтэл хөл нь хавдаж үрэвсээд, тус эмнэлгийнхний зөвлөснөөр БНСУ-ыг зорьсон байгаа юм.

Шинжилгээ өгч, үзүүлээд иржээ. Түүнийгээ өөрөө тайлбарласан байна. Бас “…Жилийн 365 хоногт хагас бүтэн сайнгүй ажиллана гэсэн ч дөрвөн өдрийн ажлаа алдлаа. Уучлал гуйж байна” гэжээ. Харин түүний тайлбарыг доог тохуу болгох аян цахим сүлжээнд тун өргөн тархацтай, хэд хоног “байршсан” юм. Хорхой хүртэл биедээ хүрэхэд атирдаг гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг ЗГХЭГ-ын даргын гурван сарын хугацаан дахь янз бүрийн мэдээллийг дуулгахад ийм байна.

Тэрээр БНСУ-аас ирээд үргэлжлүүлээд “хагас, бүтэн сайн”-гүй л сууж ажиллаж байгаа бололтой.

Гэвч юманд учир, суманд занги бий. Өдөр шөнөгүй сууж ажиллахыг “…Сайн ажиллалаа” гэхгүй.

Бас Баялгийн сан, Ирээдүйн 25 жилийн хөгжлийн хөтөлбөр нь цаасан дээр ч буугаагүй яриа хэвээр байгаа бол энэ залуу цаашаа хол явахгүй. Зүгээр л нэг амьтан хүн өрөөндөө дуудаж “реклам” хийгээд байдаг нөхөр байж таарна. Бас түүнийг хардаад байдаг шиг элдвийн томилгоонд хуруу, хошуу шургуулж суудаг ч байж мэднэ. Бүр наад зах нь улсын “урсгал зардал” дэмий үрж, гэрэл цахилгаан бараад сууж байдаг гэсэн үг.

Ингэхээр ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ гэрэлтэй цонхны цаана юу амжуулж суудаг нь сонин л юм.

2019.5.6  ДАВАА  №93  (6060)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.