Цайны цагийн зочин: Үнэт металлын сорьцын хяналтын газрын Эрдэнийн чулууны шинжээч Б.Гэрэл:
Эрдэнийн чулууг энгийн нүдээр харахад ялгаж танихад хэцүү байдаг. Үнэхээр өөрөө ялгаж мэдэхгүй бол сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны гэрчилгээг нь үзэж шалгах хэрэгтэй. Гадуур худалдаалж буй үнэт чулуун эдлэлүүдийн ихэнх нь гэрчилгээгүй байдаг. Гэхдээ импортоор орж ирж байгаа үнэт эдлэл, эрдэнийн чулууны хувьд гэрчилгээтэй байдаг. Гэрчилгээтэй байна гэдэг нь баталгаатай гэж ойлгож болно. Гэрчилгээгүй бүтээгдэхүүнийг жинхэн гэдгийг мэдэж чадахгүй бол манай байгууллагад шалгуулан авч болно. Худалдан борлуулж байгаа үнэт чулуу эдлэлийг гэрчилгээтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг.
Байгалийн чулууны хувьд дууриамалаасаа өнгө зүс, хээ, зураасаараа ялгаатай байхаас гадна үнийн хувьд үнэтэй байдаг
Иргэдэд анхааруулж хэлэхэд оюу, ундрам, шүр зэрэг чулуунуудыг байгалийн чулуу хэмээн төөрөгдүүлэн зардаг. Байгалийн чулууны хувьд дууриамалаасаа өнгө зүс, хээ, зураасаараа ялгаатай байхаас гадна үнийн хувьд үнэтэй байдаг. Тэгэхээр жинхэнэ байгалийн чулуун үнэт эдлэл бол зах зээл дээр үнэтэй зарагддаг гэсэн үг. Сүүлийн үед гадуур дууриамал улаан өнгөтэй шүр зарагдах болсон. Байгаль дээр хэт улаан өнгөтэй шүр их ховор бөгөөд үнэтэй зарагддаг.
Байгалийн чулуу маань өөрөө байгаль дээрээ үүсдэг байгалийн энергийг шингээж явдаг гэж үздэг. Тийм учраас байгалийн чулуу ямар нэгэн байдлаар хүнд ээлтэй, энергитэй байдаг нь үнэн. Дуураймал синтетик чулууны хувьд энерги байдаггүй. Дуураймал чулууны хувьд хүний энергийг буцаагаад сордог бол байгалийн чулуу нь хүнд энерги өгдөг гэдэг.
Зарим нэг гаднаас орж ирдэг алтан эдлэл дээр 755, 585 гэсэн тоо тавьчихсан байдаг. Уг тэмдэг нь сорьцын баталгааны тэмдэг биш зүгээр сорьцын цифр юм. Дээрх тэмдэгтэй алтан эдлэл нь яг алт байх магадлалтай ч Үнэт металлын сорьцын хяналтын газрын шинжилгээгээр батлуулах хэрэгтэй.
Манай орны хувьд үнэт чулуу ховор бөгөөд хагас үнэт чулуунууд манайхаас олддог. Тухайлбал, анар, усан биндэръяа, мана, гартаам, болрууд гардаг. Манай улсад эрдэнийн чулууны хайгуулын ажил хоцрогдсон. Монголоос үнэт чулуу олборлоод эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэгч байдаггүй. Хөөрөгний хувьд Монголын мана, гартаам зэрэг чулуугаар хийдэг ч хаанаас яаж олборлон олсон талаар мэдээлэл байдаггүй. Манай газарт хандан хөөрөг зэрэг үнэт эдлэлээ шинжлүүлж байгаа иргэдийн зарим зүйлс нь хуурамч чулуугаар урласан байдаг. Иймд үнэтэй хөөрөг, үнэт чулуу эдлэл авахаар бол сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны гэрчилгээтэй эсэхийг шалгах хэрэгтэй.
Монголын хилээр чулуу гаргах хориотой байдаг. Гэвч ашиг, хонжооны төлөө Өмнөговь, Дорноговь аймагт байх жижигхэн мана чулууг гадагшаа их хэмжээгээр гардагт харамсдаг. Мана чулуу нь байгалийн чийг хадгалдаг гэдэг нь үнэн юм.