Энэ удаад бид боловсролын салбарын залуу лидерүүдийн нэг Faro сургалтын төвийн захирал А.Бямбажаргалтай ярилцлаа. Тэрээр дунд сургуулиа Монголд төгсөн, Куба, Герман улсад бакалавр, Азийн топ сургуулиудын нэг болох Бээжин дахь Цинхуа их сургуульд магистрын зэргээ дүүргэж, 2014 оноос Faro сургалтын төвийг байгуулан хүүхэд, залууст гадаад хэл сурахын ач холбогдлыг ойлгуулан мэдүүлэхээс гадна Facebook компанитай хамтран Монголын сургуулийн сурагчдад цахим хэрэглээний боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Түүний боловсролын салбарт хийж буй дэвшилтэт бизнесийн үйл ажиллагааг үнэлэн Дэлхийн алдарт Forbes сэтгүүлийн Ази тивийн “30 Under 30 Asia” буюу Азийн 30 Хүртэлх насны шилдэг бизнес эрхлэгч хэмээн шалгаруулсан. Ингээд түүнтэй залуу хүн өөрийн зорилгоо хэрхэн олох, гадаад хэл сурах нь яагаад чухал талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. А.Бямбажаргалтай Facebook-ын хөтөлбөрийн талаар өмнө нь Цайны цагийн зочин буландаа урин ярилцсан билээ.
-Хүн өөрийгөө нээн олох юм бол амьдралын зорилго, тэмүүлэл тодорхой болдог гэдэг. Таны хувьд хэрхэн өөрийгөө олсон бэ?
-Бусдын адил дундаж амьдралтай айлын охин байсан. Хүүхэд байхаасаа аливаа зүйлд тууштай хандаж сурсан. Тийм ч болохоор их, дээд сургуульд тэтгэлгээр суралцсан бөгөөд аав, ээж маань миний төлбөрт санаа зовж байгаагүй. Куба, Германд сурч төгссөн учраас испани, герман хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин англи хэлийг бие даан сурсан.
Өөрийгөө олох тийм амархан байгаагүй. Залуу дээрээ аливаа зүйлийн эрсдэлийг үзэж, алдаж, онож байх хэрэгтэй. Тэгж байж өөрийгөө олдог юм уу гэж боддог
Би 24 нас хүртлээ бусдын адил ажиллаж, Сэргээгдэх эрчим хүчний газарт төрийн алба хашиж байсан. Дараа нь нэг хувийн компанид ажилласан. Ажиллаж байх хугацаандаа нэг зүйл ажигласан манай монгол хүмүүс англи хэлний мэдлэг дутмаг юм байна гэдгийг мэдсэн. Би ажлынхаа шаардлагаар гаднын компанитай хамтран ажиллахад англи хэлтэй хүн ховор байсан. Тэр үед англи хэл заах хэрэгцээ байгааг харсан. Ингээд иргэд англи хэл сурах хүсэлтэй байгааг хараад яагаад боловсролын салбарт ажиллаж болохгүй гэж бодсон. Англи хэл зааж байхдаа өөрийгөө хүнд юм сургахдаа дуртай хүн байна гэдгийг мэдсэн. Багш гэдэг чинь манлайлагчийн ажил буюу бусдын сэтгэлийн галыг асааж сайн хүн болгох хүсэл тэмүүллийг бадраах гэдгийг ойлгосон. Багшлах явцдаа өөрийгөө боловсролын салбарт, багш хийх ёстой хүн гэдгийг олж мэдэж авсан. Өөрийгөө олох тийм амархан байгаагүй. Залуу дээрээ аливаа зүйлийн эрсдэлийг үзэж, алдаж, онож байх хэрэгтэй. Тэгж байж өөрийгөө олдог юм уу гэж боддог.
-Таниас хүүхэд, залуус асуудаг байх. Яаж тань шиг ийм мундаг болох вэ хэмээн?
-Англи хэлний багшаар 2-3 жил ажилласан бөгөөд нэг зүйлээ давтаад заагаад байхаар өөрийн хувь хүний хөгжил хоцрогддог юм шиг санагдсан тул өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Цинхуа их сургуульд магистрын зэрэг хамгаалж байхдаа дэлхийн ертөнцтэй илүү их танилцсан. Манай улс дэлхийд уул уурхайгаар гарах биш боловсролын түвшингээрээ танигдаж, манлайлж гарий гэсэн том зорилгыг өөртөө тавьсан. Заавал дэлхийд дахинд гэхээсээ илүү Азидаа боловсролын түвшингээрээ танигдаад эхлэх хэрэгтэй. Faro боловсролын төвийн суралцагчид маань IELTS-ын өндөр оноо аван гадаадад суралцаж байгааг хараад сэтгэлийн таашаал авдаг.
Англи хэлийг бол бие даан сурсан. Би англи хэлийг бие даагаад сурсан бол та ч гэсэн чадна гэсэн үг
Бараг 25-26 насандаа үеийнхнийгээ бодоход би юу хийх ёстой гэдгээ ойлгочихсон байсан. Одоо бол улам тэрийгээ бататгаад явж байгаа. Нэг зүйлийг хүүхдүүдэд хэлмээр санагддаг хүн болгон өө та яасан мундаг юм бэ 25, 26, 27 насандаа компанийн захирал хийгээд 40-50 хүнийг ажлуулаад гэхэд нь “Хүн хүний цаг өөр байдаг юм. Зарим хүнийх магадгүй эрт эхэлдэг, зарим хүнийх магадгүй орой эхэлдэг. Гэхдээ хичээгээд мэрийлтэй явах юм бол тэр цаг үе заавал ирнэ” гэдэг. Хүн бүрийн амьдрал зураг шиг өөр шүү дээ. Тэгэхлээр хүн аливаа зүйлийг хийхээсээ айхгүй байх хэрэгтэй. Алдаж үзэх хэрэгтэй. Хүн алдаснаараа маш том сургамж олж авдаг. Гэр бүлтэй болоогүй эрсдэлийг ганцаараа үүрч яваа үед хүн алдаж үзээд юмыг ойлгоод ухаараад явах хэрэгтэй. Хүүхэдтэй, гэр бүлтэй болчихоод алдаа гаргаад явж болохгүй ш дээ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж юм бий.
-27-37 насны залуучуудын хувьд хэлний мэдлэг боловсролын системээс болоод дутуу дулимаг англи хэлтэй хүмүүс их байдаг. Хэлний бэрхшээлээсээ хэрхэн даван гарах вэ?
-Яг энэ асуудлаар манайд олон залуучууд хандаж ирдэг. Дээрх насны залуучуудад арван жилд нь орос хэл нэг заагаад, гэнэт орос хэлний багш нь аялга, дуудлага нь зүгшрээгүй байхдаа англи хэл заасан байдаг. Тэгэхээр алдаг оног англи хэлтэй залуучууд байна. Би нэг зүйлийг байнга хэлдэг хүн сурахад хэзээ ч оройтохгүй гэж. Сургуулиа төгсөөд 10 жил болчихсон хичээл хийхээр толгой ажиллахгүй байна гэдэг. Энэ бол маш буруу анхны хандлага байгаа юм.
Хүн сурахад оройтохгүй хамгийн гол нь нэг зүйлийг ойлгох ёстой юм шиг санагдсан хүн бол зарчимч байх хэрэгтэй гэдгийг
Би ч гэсэн 27 насандаа хятад хэл сурна гээд явж байсан. Хүн сурахад оройтохгүй хамгийн гол нь нэг зүйлийг ойлгох ёстой юм шиг санагдсан хүн бол зарчимч байх хэрэгтэй гэдгийг. Өнөөдөр би нэг цаг англи хэл сурах ёстой бол цагаа гаргаад өөрийгөө шахаад сурах хэрэгтэй. Миний ажиглалтаар монголчууд их залхуу санагдсан. Би англи хэл сурахгүй бол болохгүй гэсэн зорилгоо тодорхойлсон мөртлөө суралцаж эхэлдэггүй. Өдөрт дор хаяж хоёр цагийг хэл сурахад зарцуулах хэрэгтэй.
-Та түрүүн яриандаа хэл сурахад зарчимч байх хэрэгтэй гэлээ. Та испани, герман, англи, хятад хэлийг хэрхэн суралцсан талаараа хуваалцахгүй юу?
-Миний хувьд АНУ, Австралид англи хэл сураагүй, испани, герман хэлний хувьд нутагт амьдарч, суралцаж байхдаа сурсан. Харин англи хэлийг бол бие даан сурсан. Би англи хэлийг бие даагаад сурсан бол та ч гэсэн чадна гэсэн үг. Миний хувьд хүүхэд байхаасаа үзсэн хичээллээ орой болгон хоёр цаг давтдаг байсан. Шалгалтын өмнө овоолж байгаад бүгдийг нь давтах нь толгойд нь юм үлддэггүй. Аливаа зүйлийг сурна гэдэг чинь дадал юм. Мянга сайн багш, сургалтын хөтөлбөр байгаад сурагч өөрөө хичээл зүтгэл гаргаж давтахгүй бол хэзээ ч хэлний мэдлэгтэй болохгүй. Манай Faro боловсролын төвийн багш нарыг гадаадад боловсрол дээшлүүлэн суралцсан хэмээн ойлгодог. Гэвч манай ажилтны 70 гаруй хувь нь Монголд англи хэл сурсан байдаг. Үүнээс харахад Монголд англи хэл сурч болдог гэдгийг харуулж байгаа юм.
Би англи хэл сурахгүй бол болохгүй гэсэн зорилгоо тодорхойлсон мөртлөө суралцаж эхэлдэггүй. Өдөрт дор хаяж хоёр цагийг хэл сурахад зарцуулах хэрэгтэй
Мэдээж хэл сурахад эхлээд багшаасаа мэдээлэл авчих үүний дараагийн ажил бол таны ажил юм. Мэдэж авсан мэдлэгээ өөрийн болгохын тулд өдөрт хоёр цаг заавал цаг гарган давтан амьдралынхаа хэв маяг болгох хэрэгтэй. Манайхан нэг ном, киног англи хэл дээр уншаад, үзчихээд болчихлоо гэж боддог. Миний хувьд Монте Кристо зохиолыг англи хэл дээр дөрвөн удаа уншиж, The Friends цуврал киног 5-6 удаа давтан үзэж байсан. Ингэж өөртөө давталт үүсэхээс гадна, тухайн харилцан яриаг ойлгож, мэдэхгүй үгээ цээжилдэг. Манай Faro боловсролын төвийн философи бол би англи хэл сурч чадсан тул та ч бас чадна хичээгээд хамтдаа сурий гэдэг өнцгөөс хүүхэд залууст заадаг.
Мэдэж авсан мэдлэгээ өөрийн болгохын тулд өдөрт хоёр цаг заавал цаг гарган давтан амьдралынхаа хэв маяг болгох хэрэгтэй
-Боловсролын салбар дахь бизнес тань амжилттай явж байна. Яагаад чухам Faro Foundation Mongolia төрийн бус байгууллагыг байгуулан байгууллагаасаа хөрөнгө гарган сургуулийн сурагчдад Facebook-ын цахим хөтөлбөрийг заахаар болов?
-Хүн өөрийгөө дайчлан тогтмол хөгжүүлж байгаасаа хэмээн үздэг. Бид нарын үеийн залуучууд эх орондоо амьдран хүүхэдтэй болно. Миний хүүхэд ч гэсэн энэ улс, нийгэмд аж төрнө. Одоогийн байгаа нийгэмд хүүхдээ өсгөн, хүмүүжүүлэх үү, үгүй юу гэдэг чинь өөрөө сонин зүйл болчихож байгаа байхгүй. Би сайхан амьдарч байгаа ч бусад маань яах юм бэ, бусдадаа нөлөөлж хамтдаа хөгжин сайхан амьдрах хэрэгтэй. Хамтдаа хичээгээд энэ нийгмээ өөрчлөхийг хүсэхээс гадна нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хэмээн дээрх ажлыг эхлүүлээд явж байна. Төрийн бус байгууллагаа нийгэмдээ ээлтэй, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа хийе хэмээн байгуулж байсан.