Венесуэл улсад шинэ сарын эхний өдөр үзэл бодлоо илэрхийлж гудамж талбайдаа жагсахыг сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо уриалан дэмжигчдэдээ видео мессеж илгээгээд байсан юм.
Сөрөг хүчнийг дэмжигчид мягмар гарагийн өглөө Хуан Гуаидог уриалга гаргасан даруйд нийслэл Каракас хотод жагсаж эхэлжээ. Тайван замаар жагсаал эхэлсэн ч төрийн эргэлт хийхийг оролдсон тухай эх сурвалжууд дамжууллаа. Гэвч Каракасын гудамж талбайд хэрэгдсэн цэрэг армийн техникүүд Мадурогийн талынх байсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзжээ.
Каракас хотод сөрөг хүчнийг дэмжигчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд үүссэн эмх замбараагүй байдлын талаар Ерөнхийлөгч Николас Мадуро албан ёсоор мягмар гарагийн үдэш 21 цагт мэдэгдэл хийж, сөрөг хүчнийхний сэдсэн төрийн эргэлт бүтэлгүйтсэн гэжээ. Мөн энх тайвныг сахин хамгаалахаар агуу зориг гаргасан цэргийн өндөр албан тушаалтнууд баяр хүргэж талархсан байна.
Хуан Гуаидогийн зүгээс төрийн эргэлт хийхийг оролдоогүй гэлээ.
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог түр эрх барих Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Засгийн газар Мадурог улс орноо орхин Куба руу зугтах талаар Оросын эрх баригчидтай ярилцсан хэмээн мэдээлж байсан. Гэвч Николас Мадуро үүнийг худал цуурхал байсан гэж өөрийн биеэр мэдэгджээ.
Каракас хотод жагсаал хийсэн иргэд болон Мадурог дэмжигчдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас 70 гаруй иргэн бэртэж гэмтсэн байна. Хүний эрхийн байгууллагуудын зүгээс зуу гаруй хүн гэмтэж бэртсэний дийлэнх нь сөрөг хүчний удирдагчид байсан гэжээ.
Мягмар гарагт Каракаст эмх замбараагүй байдал үүссэн даруйд тус улсын эдийн засгийн гол эх үүсвэр газрын тосны үнэ 0,6 хувиар буурсныг The Guardian мэдэгдсэн байна. Венесуэл газрын тосоороо дэлхийд тэргүүлэх баялаг нөөцтэй. Энэ нь ч эмх замбараагүй байдал үүсэх гол шалтгаан болдог гэж олон улсын ажиглагчид үздэг. Хоногт сая баррель түүхий нефт экспортолдог байна.
Эх сурвалж: www.theguardian.com