Цагдаагийн Шуурхай мэдээллийн төвд өнөөдөр өглөө 06 цаг 15 минутанд Сүхбаатарын дүүргийн 11-р хороо, 100 айлын автобусны буудлын орчимд "Толгойноос нь цус гарсан байдалтай нас барсан хүн байна" гэсэн дуудлага иржээ. Энэ хүн амины хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.
-ЦЕГ-ын Дуудлагын төвд өнөө өглөө 06 цаг 15 минутад 100 айлд хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаа, шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Тийм учраас уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Үзлэг дууссаны дараа илүү тодорхой болно. Цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүрүүлсэн. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Задлан шинжилгээ цогцост хийх үзлэгээр үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхой болно” гэлээ.
Мөн "гэмт хэргийг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдээлэл ирүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна" гэлээ.
Нас барсан эрэгтэй нь 40 орчим насны хүн байсан бөгөөд Монгол дээлтэй байжээ.