Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг хойшлуулшгүйгээр баривчилгаа хийсэн. Одоогоор түүнийг цагдан хорихтой холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байна. АТГ дээр 2002 оны эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл "Гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зөрчих" гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож өнгөрсөн Баасан гаригт мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирсэн байгаа. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын газарт санал хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэлээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл анги буюу "Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн" гэдэг үндэслэлийн 133.1 дэхь заалтад “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж.
Дашрамд дурдахад нэг сарын өмнө дээрх хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын хоёр мөрдөн байцаагч, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын нэг ажилтныг тус, тус хориод байсан юм.