Боловсрол, Соёл урлаг, Шинжлэх ухаан, Спортын яам Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 12-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд зохион байгуулах юм. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг өнгөрсөн баасан гаригт уран зургийн галерей хүлээн авч, бүртгэж дууссан байна. Улсын санд худалдан авах бүтээлд: Дүрслэх урлагийн бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн гурван жилд туурвисан бүтээл байх, мөн ур чадварын өндөр түвшинд болон материал технологийн хувьд чанартай хийгдсэн, музей галерейн сан хөмрөгт хадгалан, дэлгэн үзүүлэх боломжтой байвал зохих аж. Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй, өмнө хуулбарлагдаагүй эх бүтээл байх, уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн товч тайлбарыг ирүүлэх бөгөөд нэг уран бүтээлчийн хоёр бүтээл оролцож болох гэнэ.