Өнөөдөр цахим орчинд Төв цэвэрлэх байгууламжид осолдсон иргэдийн цогцос солигдсон талаарх бичлэг ТРЭНД болов.
Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-нд осол гарч дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгсөн бөгөөд өнгөрсөн баасан гаригт нэгийг нь гэрийнхэн нь хүлээн авч хөдөөлүүлжээ. Үлдсэн гурвыг нь өнөөдөр нутаглуулах байсан ч талийгаачдын цогцос солигдсон байжээ. Өнөөдөр өглөө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачийнхаа цогцосыг авч нутаглуулахаар ирсэн ар гэрийнхэн нь цогцоснууд солигдсоныг мэдэж гомдол гаргажээ. Энэ талаар ШШҮХ-ийн эмнэлэгийн асуудал хариуцсан дэд захирал А.Амгаланболдоос www.zarig.mn сайт тодруулсан байсныг та бүхэнд хүргэж байна.
ШШҮХ-ийн эмнэлэгийн асуудал хариуцсан дэд захирал А.Амгаланболд " Цогцос солигдсон нь үнэн. Анх хэргийн газар дээр таниулах ажиллагаа явуулж цогцосны уутанд талийгаачийн овог нэрийг нааж манай байгууллагад ирүүлсэн. Энэ уутан дахь дугаар овог нэрийн дагуу бүлэг шинжилгээ хийгдсэн. Энэ асуудлаар манай хяналт шалгалт аудитын хэлтэс шалгалт явуулж байгаа. Ямар хариуцлага алдав гэдэг асуудал дээр албан шалгалт хийгдэж байна. Энэ шалгалтын үр дүн хараахан гараагүй байна. Үр дүн нь гарахаар холбогдох албан тушаалтанд хариуцлагын асуудал яригдана. Мөн энэ цогцос нэрний асуудал хаана солигдов гэдэг дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана. Осол болсоны дараа өтгөн “лаг”-ан дотроос хүмүүсийн цогцосыг гаргаж авсан. Маш их бохирдлогдсон байсан. Цагдаагийн байгууллагаас цогцосыг таниулах үйл ажиллагаа явуулаад угааж цэвэрлэж ар гэрт нь үзүүлэх үйл ажиллагаа явуулах байсан ч энэ ажиллагаа хийгдээгүй" гэлээ.
Эх сурвалж: www.zarig.mn