Украйн улсад ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан дүнгээр таамаглаж байсанчлан инээдмийн жүжигчин Володимир Зеленьский ялалт байгуулаад байна.
Олон улсын ажиглагчдын зүгээс ард иргэд хуучны бурангуй дэглэмийн улс төрчдөөс залхаж шинэ дүр төрхийг илүүд үзсэн бололтой хэмээн дүгнэлээ. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 70 гаруй хувь нь жүжигчин Зеленьскийг сонгосон байна.
Гурван долоо хоногийн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд өрсөлдсөн 40 орчим нэр дэвшигчийн аль нь ч иргэдийн 50-иас илүү хувийн санал авч чадаагүй учраас хамгийн өндөр саналтай хоёр нэр дэвшигч өчигдөр дахин өрсөлдсөн. Зеленьскийтэй хамт өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенко нэр дэвшсэн. Порошенко Украйны тав дахь төрийн тэргүүн ба 2014 оноос хойш эрх барьж хоёр дахиа улиран сонгогдохоор найдлага тавьжээ.
Украйны Крымыг оршин суугчдын санал хураалтаар ОХУ эргүүлэн авсны дараахан Петр Порошенко Ерөнхийлөгч болж байсан. Өчигдрийн санал хураалтаар иргэдийн 25 хувийн санал авсан ба сонгуулийн дүнг урьдчилан таамаглах аргагүй гэнэтийн үр дүн гарсан гэжээ. Мөн тэрээр “би Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхих ч улс төрийн байр сууриа ингээд дуусгах эсэхийг дахин эргэцүүлэн бодно” хэмээжээ.
Энэ жил 41 настай хошин шогийн жүжигчин Зеленьский ялалт байгуулсныхаа дараа дэмжигчдэдээ хандан “би хэзээ ч та бүхний урмыг хугалахгүй. Яг одоогоор би албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж аваагүй байна. Гэхдээ Украйн улсын иргэний хувьд Зөвлөлтийн холбооноос салсан бүх улс орнуудад хандаж хэлэхэд БИДНИЙГ ХАРЖ БАЙ, боломжгүй зүйл гэж үгүй” хэмээн мэдэгджээ.
Зеленьский нь Украйны телевизийн хошин цувралд Ерөнхийлөгч болж буй шударга багш залуугийн дүрд тоглож ард түмний дунд танил болсон эрхэм юм. Сонгуулийн санал хураалтын дүн албан ёсоор батлагдвал тэрээр ирэх таван жилийн хугацаанд эрх барина. Тус улсын Ерөнхийлөгч батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлогыг тодорхойлох гол хүн юм.
Украйн улсын шинэ төрийн тэргүүнээр сонгогдоод буй жүжигчин Зеленьский 1978 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Кривий Ригт Еврей гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Олександр Зеленьский нь төрсөн газар Кривий Ригийн Эдийн засгийн институтид комьпютерийн программ хангамж, кибернетикийн тэнхимийн эрхлэгч профессор бол ээж нь инженер мэргэжилтэй аж. Зеленьский Украйнд бүрэн дунд боловсрол эзэмшихээсээ өмнө Монголын Эрдэнэт хотод дөрвөн жил эцэг эхийн хамт амьдарсан байна. Хожим эх нутагтаа хуульч мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ажиллаж үзэлгүй 17 настайгаасаа шоу бизнесст хөл тавьжээ.
Эх сурвалж: www.bbc.com