Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон.
Иймд дараах зохицуулалтыг хийхээр болсон аж.
Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.
Харин Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зорчуулах зохицуулалт хийжээ.