Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас улс төрийн өндөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зээл авсан гэх хэрэг өнгөрсөн оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Энэ хэрэгт холбогдох хэдэн арван компанийн нэрс гарч ирж, тухай бүрт нь АТГ-аас хяналт шалгалт явуулж байсан.
Тэгвэл ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон ихэнх хэргийг "хаах"-аар болжээ.
Шалтгаан нь "Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон" тул дараах иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа ажээ.
Үүнд:
УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК
Гэхдээ хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж буй төсөл дотор ЖДҮХС-гийн хууль тогтоомж, журмын дагуу шалгарсан, төслийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа төслүүд байгаа боловч төслийн үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн мөнгөнөөс өндөр хүүтэй, өр зээлээ хаасан, машин унаа авсан, хувь хүмүүст шилжүүлсэн зэрэг нийтлэг зөрчилтэй төслүүд байгаа аж
Эдгээр зөрчилтэй төслүүдэд ЖДҮХС-гаас зээл олгосон иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу хяналт шалгалт явуулах, барьцаа, батлан даалтын дагуу эргэн төлүүлэх, нэхэмжлэх, гарсан зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Сан өөрөө хариуцаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг АТГ-аас гаргаж, ажлын хэсгээс мэдэгдэл хүргүүлэн төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх, хохиролгүй болгох арга хэмжээ авч байгаа гэж Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр мэдэгдлээ.
Мөн дараах иргэн, ААН-ийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлээд байгаа ажээ.
Иргэн А.Төгөлдөр, Т.Цээндэр, Э.Баяр, Ц.Пүрэвсүрэн, Г.Цэрэннадмид, Ц.Оюунчимэг, Э.Ариун-Ундрага, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Х.Дөшбаатар, Ч.Батчулуун, Б.Анхбаяр,
“Аралтөбе” хоршоо,
“Тэнгэрийн Соёмбо” ХХК,
“Ганга нар трейд” ХХК,
“ЦЕТ” ХХК,
“Ти Эс Эн” ХХК,
“Эс Би Би Эй” ХХК,
“Хараат хайрхан уул” ХХК,
"Органик Хүнс Трейд" ХХК,
“ЖГБ” ХХК, “Ш.Ууганбаяр” ХХК,
“Хөх үзүүр” ХХК,
“Төмөр Ган” ХХК,
“Буянцэцэн” ХХК,
“Соёмбо капитал” ХХК,
"Алтан Олом" ХХК,
“Жигүүрт хөсөг” ХХК,
“Гэга” ХХК,
“Өсөх буудай” ХХК,
“Идлэг фүүдс” ХХК,
“Монгол буйдан” ХХК,
“Завхан буурал” хоршоо зэрэг иргэн, хуулийн этгээдийн төслүүд юм.
Шалтгаан нь "улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан нартай хамааралгүй, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд заасан шаардлагыг хангасан, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх боломж болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлж байгаа тул" гэжээ.
Ийнхүү ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх хэргийн дийлэнх нь хаагдаж байна.
Харин улс төрийн өндөр албан тушаалтан 9 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ажээ. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан.
Одоогоор дээрх яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлээгүй байгаа аж.