Шинээр байгуулагдсан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны үүсгэн байгуулагч Н.Ариунболд Холбооныхоо анхдугаар хурлаа 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Анхдугаар хурлаар Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг малчид уяачдаар хэлэлцүүлэх, уяачдын холбооны тэргүүнээ сонгох зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх тул мориндоо хайртай малчин түмэнд уг хурал нээлттэй болно гэв.
Тус уяачдын холбоо монгол малын генетик нөөцийг бүртгэлжүүлж, ойрын жилүүдэд монгол морио пасспортжуулах, Үндэсний их баяр цэнгэл наадамд зөвхөн монгол морь уралдуулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон асуудлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцууллаа.
Н.Ариунболд “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо нь малчдын эрх ашгийг хамгаалах, монгол адууны удмын санг хамгаалах ажлыг хийнэ. Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ээс тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд уралдаан зохион байгуулахыг хориглосон. Хүүхдийн эрхийг хамгаалахаар гаргасан Засгийн газрын шийдвэрийг бид дэмжихгүй байгаа. Гэвч эрх бүхий байгууллагын шийдвэр учраас хүндэтгэлтэй хандана. Тиймээс Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэхдээ энэ асуудлаар тусгайлсан санал гаргаж УИХ-д өргөн барина.
Мөн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын буруутай шийдвэрийн улмаас уяачид хохирч үлдэх тохиолдол олон байдаг. Гэвч хохирч үлдсэн уяачийн хохирлыг хэн хэрхэн барагдуулах асуудлыг хуульчлаагүйн улмаас уяачид хохирлоо барагдуулуулж чаддаггүй байсан. Энэ мэтчилэн нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлага бий болсон учраас Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ. Тус төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлана гэдэг найдаж байгаагаа хэллээ.