П.Батзаяа
Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Улаанбаатар хотын суугуул өдгөө 93 насыг зооглож яваа Ж.Лхамжав гуайтай ярилцлаа. Тэрээр 13 хүүхэд төрүүлж өсгөсөн үр удам өдгөө 500 орчим болжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та сайн байна уу. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Жамбын Лхамжав гэдэг. Хэнтий аймгийн хуучнаар Идэрмэг суманд төрж өссөн. Одоо Батноров сум болсон. Хүүхэд ахуй насаа нутагтаа мал маллаж өнгөрүүлсэн. Нутгийнхаа уул уснаас ажил амьдралын гараагаа эхэлж, үр хүүхдүүдээ тэндээсээ л гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэлээ дээ. Тэгээд 55 настайдаа өндөр настныхаа тэтгэвэрт суусан. Одоо 93 насны сүүдэр зооглож байна.
- Буянтай сайхан нас насалж. Үр хүүхэд, ач зээ өнөр болж байна уу?
-Би 13 хүүхэд төрүүлсэн. Гурван хүүхэд нь эндсэн. Одоо 10 хүүхэд, тэдний хүүхдүүд гээд өнөр өтгөн болсон. Хоёр жилийн өмнө ургийн баяр хийхэд хүүхдүүд, хүүхдүүдийн хүүхдүүд гээд 400 хол гарсан юм хэлнэ лээ. Одоо бараг 400-500-гийн хооронд болж байгаа байх. (Инээв) Би чинь дөрөв дэх үеэ үзээд жаргаж явна. Анхныхаа хүүхдийг 17 настайдаа гаргаж байсан. Одоо миний хамгийн бага хүүхэд 53 настай. Гэхдээ яг насыг нь сайн мэдэхгүй байна. Хамгийн том охин маань 76 настай. Би чинь хүүхдүүдтэйгээ зэрэг өтөлж явна.
-Хүүхдүүд нь ээжийгээ дагаад олон хүүхэд гаргасан уу?
-Би чинь найман хүүхэн, хоёр хүүтэй. Том охин есөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гэр бүл болоод тусдаа гарцгаасан. Түүний дараагийн хүүгийнх Налайхаас урагшаа Гордокод бий. Тэднийх есөн хүүхэдтэй. Дараагийн охиных 11 хүүхэдтэй. Ер нь манай хүүхдүүд олон хүүхэд гаргасан. Хамгийн цөөхөн нь гурван хүүхэдтэй.
-Та 500 орчим ач зээ, үр удмаа бүгдийг нь таних уу?
-Танихгүй ээ. (Инээв) Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг л танина. Харин тэднээс цаашихыг нь сайн мэдэхгүй л дээ. Яг ойролцоо байгааг нь хагас хугас мэдээд байгаа. Төрүүлсэн хүүхдүүдээсээ салаалсан 500 орчим үр удам дундаа будилаад л жаргаж явна. Заримдаа царай төрхийг нь харж байгаад л хэнтэй илүү адилхан байгаагаар нь түүний хүүхэд үү гээд л таамаглана шүү дээ.
-Танай цагаан сарын баяр өргөн дэлгэр болдог байх даа?
-Өргөн дэлгэр болдог. Цагаан сараар ер нь бүхий л хүүхдүүд ирнэ шүү дээ. Муу гэрт минь багтаж, зөрөх зай үлдэхгүй. Шинийн нэгэнд нэг айл доод тал нь 10 гаруй л хүний бүрэлдэхүүнтэй зочилдог. Манай хүүхдүүд хот, хөдөө байдаг болохоор ээлж дараагаар ирсээр цагаан сар бараг сар үргэлжилдэг. Хүүхдүүдийн найзууд хүртэл ирж золгоно. Бага хүргэн шинийн нэгэнд “Ээжээ таны бэлэгний хайрцаг сулрах дөхөж байна уу” гээд асуудаг юм. Хүүхдүүд “Ээжийн сэтгэлд нийцүүлдэггүй юм гээд намайг машиндаа суулгаж аваад дэлгүүрээр явна. Бэлгээ сайн бөөгнүүлж аваад ирнэ. Дөрвөөс таван том хайрцгаар дүүрэн бэлэг бэлдэж аваад шинийн нэгэнд хоёр хайрцаг нь дуусчихдаг. Өндөр нас наслах чинь их буян шүү. Төрийн сайд, УИХ-ын гишүүдээс хүртэл нутгийн зөвлөлөөр дамжуулж бэлэг явуулдаг. Өндөр насны хишиг гээд 250 мянга, одонгийн мөнгө 100 мянган төгрөг жилдээ нэг удаа авдаг.
-Таны амьдралд жаргалтай сайхан үе олон тохиосон байх. Хамгийн сайхан мөч хэзээ байдаг вэ?
-Өдий насыг наслаад үр хүүхэд ач зээгээ тойруулаад сууна гэдэг хамгийн сайхан даа. Ялангуяа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр Мартын 8-наар их сайхан байдаг аа. Хүүхдүүд тал талаас баяр хүргээд, бэлэг бэлэглээд би гэдэг хүн чинь нэг их л гавьяа байгуулсан хүн шиг л санагддаг.
-Гэр бүлийнхээ хүнтэй танилцаж байсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач. Хайр сэтгэлээрээ сууж байв уу, эсвэл аав ээж нь санал болгоод сууцгаасан уу?
-Анх 18 настай ханьтайгаа танилцаж байсан. Нэг нутаг усных болохоор мал ахуйд нь туслах, мод түлээг нь бэлтгэхэд нэмэр болохоос авхуулаад нэг нэгнийхээрээ орж гарч байгаад л гэр бүл болцгоосон доо. Тухайн үед зарим хүмүүсийг аав ээж нь санал болгоод л суулгачихдаг тохиолдол байсан юм даг. (Инээв) Бидний хувьд хэн хэндээ дасаад л сууцгаасан. Тэр нь бодвол хайр сэтгэлээрээ суусан гэсэн үг байх даа. (Инээв)
-Олон хүүхдийн аав, ээж байна гэдэг амаргүй даваа? Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Одоо цагтай харьцуулах юм биш. Бид чинь нэгдлийн төлөвлөгөө норм, гүйцэтгэл гээд цаг завгүй хэдэн малынхаа араас гүйхээс авхуулаад амсхийх чөлөө муу. Түүний хажуугаар өөрсдөдөө болон хүүхдүүддээ дээл, хувцас оёж өмсүүлнэ. Худалдаа энэ тэр гэх бэлэн юм байхгүй. Оёж шидэх даавууны өөдөс ч олддоггүй байлаа. Юм бүхэн ховор байсан гэхдээ яаж ийгээд хэдэн хүүхдээ өсгөсөн дөө. Хамгийн гол нь хүн залхуурахгүй байж өөрсдийн биеэр үр хүүхдэдээ үлгэрлэх ёстой. Миний хань үр хүүхдүүд, хань ижилдээ түшигтэй, ажилч хичээнгүй хүн байсан юм. Тиймээс л миний хүүхдүүд улсад учиргүй их гавьяа байгуулаагүй ч гэсэн, ямартай ч хэрэг төвөг тариагүй байхыг бодоход хүүхдээ муу хүмүүжүүлсэн гэж бодохгүй байна.
Бүгд дор бүрнээ ажил хөдөлмөр хийж, амьдралаа залгуулж байгаа. Харин олон хүүхэд бие биенийхээ нөмөр нөөлгөөр эвтэй найртай, халамжтай, нэгнийгээ гэсэн сэтгэлтэй зөв хүмүүжилтэй өсдөг юм байна. Бид чинь тэр бүр хүүхдүүдээ асраад, бөөцийлээд байдаггүй. Зөнгөөрөө л хүн болцгоосон. Одооны хүүхдүүд ч мэдэхгүй ээ. Бөөцийлөөд байх тусам өвчлөмтгий, элбэг хангалуун байх тусмаа голж шилэх юм ажиглагдаад байх юм. Миний хань хүүхдүүдээ алтан дунджийг баримталж явахыг захидаг, сургадаг байсан болохоор хүүхдүүд минь багаасаа амьдралын ухаанд суралцаж, толгой толгойгоо дааж яваа байх гэж боддог юм. Би одоо ч хүүхдүүдээ, ач зээ нараа тийм замаар сургахыг хүсдэг. Ханийгаа бурхан болсноос хойш хэсэгтээ гэртээ ганцаараа байсан. Сүүлийн үед хүүхдүүдтэйгээ хамт байгаа. Бүхий л насаараа жаргал зовлонгоо хуваалцаж байсан хүний хажуу дахь байхгүй болох бас горьгүй юм билээ. Энэ олон хүүхдүүд хань болохоос гадна бага охиноос гарсан охин надтай хамт байдаг байсан. Сүүлд тэр маань ч бас айлын хүн болоод нутагтаа байгаа. Би зун тэднийд очиж зусаад намар 10 сард хот руу орж ирдэг.
-Хүн гэдэг төрж өссөн нутгаа, тоглож өссөн уул толгодоо их санадаг. Та чинь тэгвэл зун болохоор нутаг руугаа “жирийчихдэг” юм байна?
-Хэнтий аймгаас зүүн тийш Бэрхийн уурхай гэж байдаг. Тэнд миний хүүхэд нас, залуу нас өнгөрсөн болохоор дулаарах үеэр тийшээгээ тэмүүлнэ шүү дээ. Заримдаа биеийн байдлаасаа болоод явах жаахан оройтно. Тиймээс одоо эртнээс сувилалд хэвтэж, биеэ тэнхрүүлж байна. Энд би чинь ганцаараа гараад явж чаддаггүй. Хүүхдүүд дагуулж эмнэлэг, дэлгүүр хоршоо орж, айл хэсдэг. Бусдаар бол тэгээд гэр зуураа өнждөг. Уг нь чих гайгүй байхад зурагтаар Солонгос кино их үздэг байлаа. Одоо чих юм сонсохдоо муу болоод байна. Харин нутагтаа очихоороо таягаа тулаад таньдаг ганц нэг хөгшнийдөө орж хөзөр, даалуу тоглосон шигээ өдрийг өнгөрүүлнэ. Тэнд машин тэрэгний хөл хөдөлгөөн харьцангуй бага, багаасаа тоглож өссөн газруудаараа явахаар сайхан байдаг.