Б.ЭНХТУУЛ
…Нийтлэлийнхээ эхэнд ийм “том” гарчиг тавьсан ч түүний нэрийг хамт зүүхгүй л бол хэлэх үг, хэсэг бусаг санаа минь дутуудчих гээд болсонгүй. Бум бужигнаж, түм түжигнэсэн их хотын амьдрал дундаас энэ удаа бид алдар нэр нь цойловч, их ажлын ард даруухан суух нэгэн эрхмийг “Амьдралын тойрог”-тоо зочноор урьсан юм. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг ард түмэн өгдөг гэдэг. Монголчууд төдийгүй дэлхий таних энэ хүн бол Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Монгол Улсын зөвлөх эмч Оргойн Сэргэлэн юм. Эрхэм эмчийг өрөөнийх нь үүдэнд хүлээх зуур амьдралын олон өнгө нүдэнд тусах нь Монголын эрүүл мэндийн салбарын өнөөгийн дүр зураг, түүний ажлын онцлогийг өгүүлэх баримтат кино мэт.
Хаврын урь орж, хүн малын зоо тэнийсэн энэ өдрүүдэд хүмүүний амьдралд жаргал, зовлон ээлжилсээр л байх аж. О.Сэргэлэн эмчийн өрөөнийх нь үүдэнд итгэл найдвар горилсон, оочер дарааллаа алдчих вий гэсэн олон харц ар араасаа дугаарлаж зогсоно. Хүн болгон л хаалга онгойж эмч гарч ирэхийг хүлээнэ. Бас хүн болгон л сэтгэлдээ гэгээ татсан хариулт сонсохсон гэж яарах нь илт. Анзаарч харвал, түүний өрөөнийх нь үүдний хулдаасан шал бусдаасаа түрүүлээд будаг нь халцраад элэгдчихэж. Өдөр бүр түүнтэй ийм олон хүн ирж уулздаг гэж бодохоор монголчууд бидний дунд элэг, ходоодны өвчлөл, хорт хавдар хэр их газар авсныг илтгэх байх. Тийм л учраас О.Сэргэлэн эмч өглөөний 04:00-06:00 цагт ажилдаа яаран ирж, үдшийн бүрийд ч харих завгүй, хагалгаанд орсон өвчтөнөө ар гэрийнхэнтэй нь хамт сахиад, хонох шахам ажилладаг аж.
Өдрийн цагаар түүнтэй уулзахаар ирэхэд үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаад завгүй сууж харагдсан. Харин орой, ажил тарсан хойно зориод очиход, “Өдөржин хагалгаатай байлаа, одоо ч мөн дуусаагүй, үргэлжилж байна” хэмээн ядруухан угтсан. Эмч хэмээх эрхэм алдар түүнд амрах зав, амсхийх чөлөө олгоогүй мэт. Ингээд бидний яриа их ажлын дундуур алаг цоог урсаж, үйлчлүүлэгчдийн үзлэгийн цагийг сөөлжин байж, сая л нэг цаасан дээр буув.
Монголд шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн юм. 2017 онд түүнийг Америкийн мэс заслын коллеж хэмээх дэлхийн 124 орны мэс засалчдын холбоог нэгтгэсэн, 80 мянга гаруй гишүүнчлэлтэй том байгууллагаас дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгаруулсан. Одоо түүнийг монголчууд төдийгүй дэлхий таньдаг болсон хэмээн өгүүлсний учир энэ. Эрүүл мэндийн салбарт тэр өдгөө 37 дахь жилдээ ажиллаж байна.
“Дэлхий танина” хэмээн огших хэрнээ бид бас түүнийг бага мэддэг ч юм шиг. Монголын эрүүл мэндийн салбарт, мэс заслын шилдэг эмчилгээний арга, технологиудыг нэвтрүүлж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын оношлогоо эмчилгээг дэлхийн өндөр хөгжилтэй орны түвшинд ойртуулах гэж ажил, амьдралаа зориулсан энэ хүн Улаанбаатар хотын унаган хүүхэд ажээ. Харин түүний аав Увс аймгийн Сагил сумын уугуул, Монгол Улсын гавьяат багш Батын Оргой гэж Монголд хамгийн анх физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг санаачилсан, тоо физикт толгой цохидог цөөхөн багш нарын нэг байв. Тэрээр Улаанбаатар хотын 14 дүгээр сургуульд олон жил багшилсан, хүүхдэд хайртай нэгэн байв. Аавынхаа тухай дурсан ярихдаа О.Сэргэлэн эмч “Миний аав хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг, ангийнхаа хүүхдүүдийн төлөө бол биднээс ч илүү санаа зовдог хүн байсан. Аав минь айлын ганц хүүхэд байв. Долоон настай байхад ээж нь нас барж, 13 настай байхад аав нь нас барж, аав минь бага насандаа өнчрөл хагацал их үзсэн хүн. Тэр үед Сагил сумандаа нэг айлд үрчлэгдэх нэрээр зарцлагдаж явсаар дөрөвдүгээр ангид байхад нь нөгөө айл нь сургуульд дахиж явуулахгүй гэхээр нь Улаанбаатар хот руу, сургуулийн хүүхдүүд аваад явж байгаа машинд нууцаар сууж хот орж ирж, багшийн сургуульд бүртгүүлэн ажил амьдралынхаа гарааг өөрөө залсан хүн байдаг.
Тэр үед Увсаас хот руу орж ирэхэд зам харгуй муутай, олон хонож ирдэг байсан. Зутруухан явж байхад нь нутгийнх нь сайхан сэтгэлтэй хүн таарч, “Хүүгийн минь дулаан хувцаснаас нөмрөөд, хоол хүнснээс нь идээд яваарай” гэж хэлж, санаа тавьсан гэдэг. Мөн Сагил сумын багш нар аавын минь амьдралыг сайн мэддэг байсан болохоор “Цэргийн сургуульд ороорой. Хувцастай, хоолтой явна шүү” гэж хэлж захиж байсан гэдэг. Миний аав амьдралдаа тийм их зовлон үзсэн болохоор хүүхдэд их хайртай, хүүхдийн төлөө амь насаа ч зориулахад бэлэн, тийм л ховорхон хүн байлаа. Багшийн сургуулиа төгсөөд Баянчандмань, Хөвсгөл аймагт багшилж явахдаа ээжтэй минь таарч танилцсан түүхтэй. Миний аав, ээж хоёр холын хүмүүс нийлсэн байдаг юм” хэмээн кино шиг түүх дурссан юм.
Аливаад тууштай байж, амьдралын хатуу хөтүүд шантардаггүй, эрдэм номд шимтэн суралцдаг зан түүнд аав, ээжээс нь өвлөгджээ. Түүний ээж Төв аймгийн Лүн сумын уугуул, Намнангийн Цэрэндолгор гэж мөн л багш мэргэжилтэй хүн байв. О.Сэргэлэн эмчийн эмээ, өвөө хоёр хоёулаа Лүн сумын уугуул. Удам угсааг нь яривал, бүр ч сонирхолтой түүх дэлгэх аж.
Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөө, хувьсгалын төлөө зоригтой дуугарч байсан гол удирдагчдын нэг, Да лам Цэрэнчимэд түүний удам угсааны хүн ажээ. Түүний өгүүлэх нь “Да лам Цэрэнчимэд бол миний эмээгийн ах. Тэд ах дүү тавуулаа, ганц эмэгтэй дүүтэй, гурван эрэгтэй дүүтэй байсан. Гурван дүү нь бүгд лам байсан учраас эхнэр хүүхэдгүй хүмүүс байв. Харин манай эмээгийн ээж 24 хүүхэд төрүүлж өгсгөсөн, буянтай хүн байсан. Хамгийн том охин нь миний эмээ юм. Том охиноо буюу миний эмээг Да лам Цэрэнчимэдэд үрчлүүлж, голомтон дээр нь өссөн хүн бол миний эмээ байдаг. Эмээ минь насаараа мал дагасан. Биднийг өсгөж хүмүүжүүлж, ээжийн минь оронд ээж болж явсан буянтай буурай байлаа. Аав ээж хоёроос минь илүү эмээ минь биднийг харж өсгөсөн.
Эмээ минь биднийг багад нэгэн сонирхолтой түүх ярьсан нь санаанаас ер гардаггүй. Цэрэнчимэд да лам нэгэн сайн үйлс хийгээд, Богд ламаас шагнал хүртэх үед “Чи хүний олныг илүүд үздэг үү, эдийн арвиныг илүүд үздэг үү” гэж асуухад нь “Би хүний олныг илүүд үздэг” гэж хэлэхэд, араг сээзгий дээр суусан хүүхдийн дүрстэй нэгэн “бурхан”-ыг өгөхдөө “Үеийн үед, үрийн үрд хадгалж яваарай. Үр ач олонтой, элбэг сайхан явах болно” гээд өгсөн байдаг юм. Одоо тэр бурхан надад хадгалаастай бий. Бид үүнийгээ бурхан гэж шүтэж явдаг. Цагаан сараар ах дүү, төрөл саднаараа манайд цуглаад, Богд гэгээнтнээс бидэнд уламжилж, өвлөгдөж ирсэн энэ бурхан шүтээндээ бүгд залбирч мөргөөд явдаг. Миний өвөө, эмээ хоёр хоёулаа их мундаг хүмүүс байлаа. Миний ээж эхээс дөрвүүлээ. Тэр үед хүүхдээ сургуульд сургах гээд зүтгэдэг хүмүүс ховор, болж өгвөл сургуулиас нь гаргаад малын захад гаргачихдаг айл олон байсан. Гэтэл тэр үед өвөө, эмээ хоёр минь бүх малаа зараад манай ээжийг, хоёр ахтай нь хамт Баянчандмань руу сургуульд явуулаад, өөрсдөө тэднийгээ дагаж нүүж ирээд сууршиж байсан байдаг. Тэр үед Төв аймгийн Лүн сум дөрвөн жилийн сургуультай. Үргэлжлүүлээд суралцъя гэвэл Баянчандмань руу явдаг байв. Тэр л үед ээж минь Баянчандманд наймдугаар анги төгсөөд, аавтай минь танилцаж гэр бүл болсон байдаг. Тэгээд Багшийн сургуульд суралцаж төгсөөд, нийслэлийн 14 дүгээр сургуульд Хөдөлмөрийн багшаар ирж, олон жил хамт ажилласан байдаг. Аав, ээж хоёр минь хоёулаа багш мэргэжилтэй. Би ийм л гэр бүлд төрж өссөн хүн байдаг юм” хэмээн ярих нь удам дамжсан багшийн “Амьдралын тойрог”-ийг зураглах мэт.
О.Сэргэлэн эмч эцэг, эхээс дөрвүүлээ ажээ. Харин одоо хоёулахнаа үлджээ хэмээн санаашрав. Одоо түүнд өмөг түшиг болсон ганц дүү нь, “Үүрэгт трейд” компанийн захирал О.Баяр бөгөөд тэрээр Монголд барилгын салбарт олон том бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн, бизнесийн салбарт хүчин зүтгэж яваа нэгэн байдаг аж.
Эмч хэмээх мэргэжлийг хүссэн хүн бүр эзэмшээд байддаггүй. Эзэмшсэн мэргэжлийнхээ төлөө бүхнээ зориулж чадах л хүн жинхэнэ эмч болдог аж. Өнөөдөр түүний эрүүл мэндийн салбарт ажилласан цаг хугацаа, 37 жилийн туршлага Оргойн Сэргэлэн гэж хүнийг “Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч”, “Элэгний шилдэг мэс засалч” хэмээн ажлаар нь овоглож, ард түмэн “Сайн эмч” хэмээн цоллоход хүргэжээ.
“Өвчтэй хүний сэтгэлийг эмчлэхгүйгээр биеийг нь эмчилж чадахгүй” гэж Сократын хэлсэн алдартай үг байдаг. Түүний баримталдаг зарчим, эмч хүний ёсзүйд энэ үг бас яс шингэсэн байдаг бололтой юм. Биднийг ярьж суух хооронд утас хэдэнтээ дуугарч, хот хөдөөнөөс холбогдох үйлчлүүлэгчид үзүүлж, зөвлөгөө авах цаг хэдэнтээ товлов. Мөн үүдэнд дугаарлах үйлчлүүлэгчдийн шинжилгээний бичиг, рентген зургийг үзэж, дахин шинжилгээ өгөх, зарим хариуг нь баг хамт олноороо хэлэлцэх тухай шийд өгч байв. Энэ бүхнээс харахад О.Сэргэлэн профессор олон ажлыг зэрэг амжуулж сурсан хүн юм. Тэрээр үүнийгээ сайн сургууль, сайн багш нарын минь ач гавьяа хэмээн тодотгож байв.
Түүний эмч болсон түүхийг сөхвөл, О.Сэргэлэн хэмээх шавилхан биетэй охин 1976 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг төгсчээ. Тухайн үед бүх хүүхэд гадаад руу явж суралцахсан гэж боддог байсан үе болохоор аравдугаар ангиа онц дүнтэй төгсөөд, ОХУ-д хүний их эмчээр, Москвагийн институтэд суралцах хуваарь авчээ. Харамсалтай нь тэр үед хуваарь булаацалдсан будлиан гарч, тухайн үеийн сайд дарга нарын хүүхэд түүний оронд гадагшаа явах болов. Тэгээд дахиад хуваарь сонгоход, Ленинградад хүүхдийн эмч, Иркутскт шүдний эмч, Венгрт эм зүйн чиглэлээр суралцах боломж олджээ. Гэсэн ч тэрээр хүний их эмч болох хүсэлтэй байсан учир Монголдоо сургуульд орохоор шийдэж, 1976 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн оржээ. Энэ тухай дурсан ярихдаа тэр “Анагаахын сургуульд орчихоод, сангийн аж ахуй руу явж байхад хамт төгссөн найзууд бүгд гадагшаа явчихсан, сэтгэл гонсойх үе гардаг байлаа. Гэхдээ энэ түр зуурын л мэдрэмж байв. Хожим нь би Монголдоо суралцаж, эмч мэргэжил эзэмшсэндээ баярлаж явдаг юм. Яагаад гэвэл, манай Анагаах ухааны дээд сургуулийн сургалт маш сайн. Би энэ сургуульд зургаан жил суралцахдаа онц суралцаж, улаан дипломтой төгсөж байлаа. Хэрэв гадаадад сураад ирсэн бол багш нар минь намайг танихгүй. Миний амьдралын гараа яаж эхлэх байсныг мэдэхгүй. Монголд суралцснаараа ерөөсөө алдаагүй. Би энэ л сургуульдаа олон сайхан багш нартайгаа учирсан” хэмээн эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуулиараа бахархан ярьсан юм.
Эмчийн мэргэжил нэг бодлын их амаргүй, нөгөө бодлын өвдөж, зовсон нэгэнд эрүүл энхийг бэлэглэж, өвчин зовлонгоос салгаж өгдөгөөрөө сайхан юм. Магадгүй, бусад маш олон мэргэжлийн алдааг засах боломж байдаг бол эмч хүнд алдах, алдаа гаргах эрх байдаггүй хэмээн тэр ярьж байв. Эмнэлгийн хүлээлгийн танхимд, эмчийн өрөөний үүдэнд хагалгаанд орсон эцэг, эхээ бүлтийтэл хараад сууж байгаа бяцхан үрс, хань ижлээ эргээд ирэхийг нь хүлээн суугаа тэр хүмүүст үхэл хагацал үзүүлэхгүй юмсан гэхдээ өдөржин үргэлжлэх хагалгааны өрөөнд хоёр хөлөө цуцаж, гараа эцтэл зогсохдоо”Алдаа гаргах вий” гэсэн командыг өөртөө өгчихөөд халуун цусны үнэр, мэс заслын хурц гэрэлд харах нүдээ чилээн байж, өөрийгөө мартаж ажиллах гагцхүү мэс заслын эмчээс гарах их зориг тэвчээр байх. Тэр ийм л хатуужилтай, тэвчээртэй занг оюутан байхдаа өөртөө суулгаж чаджээ.
“Би I курст сурч байхдаа мэс заслын эмч болъё, хагалгаанд яаж орж, мэс засал хийж байгааг харах вэ гэсэн бодолтой явдаг байлаа. Тэгээд IV курсын сайн оюутан болох одоо “Элэгний М.Шагдарсүрэн” нэрээр нь хүмүүс анддаггүй мундаг эмч байдаг. Тухайн үед түүнд хагалгаа хийж байгааг харах хүсэлтэй байгаагаа хэлтэл “Би өнөөдөр орой жижүүрт гарна. Мэс заслын тасагт хувцсаа солиод бэлдээд ирээрэй” гэсэн. Тэгээд хамгийн анх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын тасагт очиж, Шагдарсүрэн ахыг дагаад анх удаа хагалгааны тасагт орж үзэж байж билээ. Тэр үед Шагдарсүрэн ах маань оюутан байсан учраас хагалгаанд туслахаар орж, би анх хагалгаа хийхийг харж байсан дурсамж сэтгэлд одоо ч тод санагддаг. Түүнээс хойш, олон удаа ингэж орсон доо. Эмч нарыг асуухаар нь “Гуравдугаар курс” гэж хэлчихээд хагалгаа харахаар ордог байлаа. Тэгээд ёстой л III курсээс эмнэлзүй, мэс заслын хичээл орж эхлэхэд, олон удаа хагалгаанд орж харсан болохоор их мэдлэгтэй болсон байсан. Одоо эргээд бодож байхад, өнгөрсөн 36 жилийн хугацаанд 6000 гаруй мэс засал хийж дээ.
Тэр дундаа 1998 оноос хойш ходоодны мэс заслыг түлхүү хийсэн байна. Ходоодны мэс заслын үр дүнгээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан” гэв. Ийм л гэгээн цагаан дурсамжтай, мэс заслын эмчээс “Таны мэргэжлийг одоо хэн өвлөж авах вэ?” гэж асуухад, “ Би нэг хүүтэй. Хүүгээ эмч болгох санаатай хүсэлт тавьсан боловч хүү маань “Ээж, би өөрийнхөө сонирхсон сонирхлоор явна. Би компьютерийн програмчлал, программ хамгааллаар явна” гээд Бээжингийн шинжлэх ухаан технологийн их сургуулийг банкны компьютер хамгааллын чиглэлээр төгссөн. Одоо Монголбанкинд ажиллаж байна. Харин миний мэргэжлийг өвлөж авсан хүн гэвэл миний дүүгийн хүү дотрын эмч, мөн ахын маань хүүхэд миний шавь болж үений мэс засалч чиглэлээр суралцсан” гэв.
“Эмч хүн хувийн зохион байгуулалт сайтай, ажлаа нарийн төлөвлөж сурах нь амьдрахад дөхөм болдог” хэмээн ярих нь түүнийг хэр няхуур нямбай болохыг илтгэнэ. Энэ бүхнийг тэр багш нараасаа сурчээ. Тэрээр Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Ж.Пунцаг багшийнхаа удирдлаган дор ясны архаг үрэвсэлтэй өвчтөний идээнээс өсгөвөр гарган, түүнийгээ хоргүйжүүлж ариутгаад вакцин бэлдээд буцааж тарьдаг эмчилгээний аргыг гаргасан маань үр дүнтэй болсон байна. Гурван жил үүнийгээ судлаад, их сургууль төгсөхдөө VI курстээ оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэн болж, сургуулиа алтан медальтай дүүргэжээ. Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, Мэс заслын тэнхимдээ багш болж, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш Пэлжээгийн Долгор гэж мундаг багшийн удирдлаган дор ажиллаж, багшийнхаа зааж зөвлөснөөр мэргэжил дээшлүүлэх курс, англи хэлний хоёр жилийн оройн ангид суралцаж төгсөөд, дараа нь бүтэн нэг жилийн сурганы курс төгсөөд үндсэндээ 1982 оноос хойш одоог хүртэл ажлынхаа хажуугаар суралцсаар л явна. Эмчийн мэргэжил бол тасралтгүй суралцдаг онцлогтой. Миний багш Монгол даяар “Цагаан Долгор” гэж алдаршсан, унаган англи, орос, франц хэлтэй мундаг хүн байлаа.
Багшийнхаа ачаар сурган заах аргыг өөрийнхөө хэмжээнд эзэмшлээ. Англи хэлийг ч бас өөрийнхөө хэмжээнд сурсан. Мэс заслынхаа курсийг ч төгссөн. Энэ хооронд эмчээ хийнэ, багшаа хийнэ, тэр үедээ факултетийн эвлэлийн хороон даргаар ажиллана, анги даасан багш, курс даасан багшийн ажлыг амжуулна гээд олон ажлыг зэрэг амжуулж сурахад багшийн минь үүрэг оролцоо их байлаа. Ачтай, ухаантай багш нарын минь хэлж, зааж өгсөн бүхэн одоо ч надад бүх зүйл дээр хэрэг болдог. Мөн БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захиралд S.G.Lee (Лий) хэмээх хүн миний хайртай багш. Энэ хүний нөмөр нөөлөг, зааж өгсөн зүйл их бий. Би сайн багш нараар эрдэм заалгасандаа баярлаж явдаг. Мөн хүний гавьяат Ардын эмч Б.Гоош багшаараа их бахархдаг. Долгор багш минь асуудлыг маш сайн бод, тайван шийддэг занд намайг сургасан. Би одоо ч гэсэн шавь нартаа багш нараасаа сурсан зүйлээ хэлж зааж, зөвлөж захидаг” гэж байв.
Эмчийн хөдөлмөр бол багийн тоглолт байдаг аж. Хөл бөмбөгийн багийн амжилт дасгалжуулагчаас хамаардаг бол эмчийн ажил ч бас олны хүчээр урагшилдаг юм байна. Эрхэм профессор ярихдаа “Хүнд өвчтөндөө тусламж үзүүлээд амь насыг нь эргүүлээд авч ирж байгаа эмч нар баг хамт олноороо өөрийн эрхгүй бахархдаг.Бид ингэж хичээснийхээ дүнд, манай улс элэг шилжүүлэх мэс заслын хувьд дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнууд дундаа анхдагч улсаар тодорсон. Хамгийн сайхан нь анхлан элэг шилжүүлж байгаа орны хувьд 50 хувийн үр дүнтэй байдаг бол бид эхний гурван сардаа 91 хувь, жилдээ 89 хувийн амжилттай ажилласан. Энэ бол “АСАН” төвийн багш нарын минь ач гавьяа юм.
Манай мэс заслын багийнхан 2019 онд 24 хүнд элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн. Он гарсаар бид найман хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Энэ сард дөрвөн хүнд, таван сард гурван хүнд, зургаан сард гурван хүнд элэг шилжүүлэн суулгана. Бид голдуу бүлэг тохирсон доноруудад мэс засал хийж байгаа. Харин энэ сарын 24, 25-нд бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ. Шинэ технологи нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Мэдээж энэ бол маш том ажил болно. Мөн манай багийн залуус БНСУ-ын “АСАН” төв дээр очиж нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагаанаас суралцаж байгаа. Энэ бол бидний зорьсон томоохон ажлуудын нэг. Эхлээд бөөр шилжүүлэн суулгаад дараа нь элэг шилжүүлэн суулгадаг. Үүний дараа нойр булчирхайг шилжүүлэн суулгадаг. Тиймээс бид энэ ажлыг удахгүй хийнэ. Өнгөрсөн баасан гаригт бид 72 дэх хүнд элэг шилжүүлэн суулгалаа. Энэ мэтчилэн бид цаашид олон хүнд амь, амьдрал бэлэглэхээр хичээн ажиллаж байна” гэснээр бидний яриа энэ хүрээд өндөрлөв. Эмч хүн та энэрлийн ижий юм аа. Бурхан гартай эмч нартаа ажлын амжилт хүсье!
2019.4.15 № 76, 77 (6043, 6044)