Хотын дарга С.Амарсайханы ах С.Уламбаярын "Зүүнбаян рефайнери" компани Маршалын гүүрний зүүн талд, Туул голоос 50 мер дотор барилга барихдаа 2-6 га бургасыг устгасан байдаг. Харин тэд бургас устгах зөвшөөрлийг Нийслэлийн байгаль орчны газраас зөвшөөрөл авсан хэмээн тайлбарлаж байна. Гэвч Нийслэлийн байгаль орчны газар ямар ч зөвшөөрөл өгөөгүй хэмээн тайлбарлаж буй юм. Тэд хэрхэн "СӨРӨГ ТАЙЛБАР" хэлснийг хүргэж байна.
“Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал О.Сайнбаяр:
- Бургас хядсан гэж яриад байгаа юм. Бургас хядсан асуудал дээр тухайн үедээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээг БОАЖЯ-д хандаж гаргуулаад НБОГ-т хандаад “бүтээн байгуулалт явах гэж байгаа тул бургасыг тодорхой хэмжээнд холдуулах шаардлагатай байна, бид яах вэ” гэдэг хүсэлт өгсөн. НБОГ-аас бургасны нөхөн төлбөр гээд, БОАЖЯ-д хандаад Богд уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд хандаад, тэрнээсээ явсаар байгаад НБОГ гэдэг газраас “11 сая 163 мянга 420 төгрөгийг байгаль орчин нөхөн сэргээх төлбөр гэдэгт төл” гэсэн. Ингэж бичгээр өгсөн юмыг бид аваад 11 сая 163 мянга 420 төгрөгийг тушаасан.
НБОГ-ын он хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин:
- Нэгт, Нийслэлийн ногоон бүсээс гэдэг юм уу, ямар нэгэн зориулалтаар байгалийн ойгоос мод шилжүүлэн суулгах хориотой. Холбогдох газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр тус үйл ажиллагааг явуулдаг. Манай байгууллагаас ямар нэгэн байдлаар байгалийн ойгоос мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгоогүй.
Байгаль орчны газраас зөвшөөрөл биш ойн нөөцөд учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг эрх бүхий шалгасан байцаагч нь 2014 он болон 2017 онд Байгаль орчны газарт, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн хүслэтийн дагуу, ойн тухай хуульд заагдсаны дагуу ойн нөөцөд учруулсан хохирлыг тогтоож, хүргүүлсэн. Үүнийг зөвшөөрөл олгосон мэтээр ярьж байгаа нь ташаа ойлголт.