Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал чуулганыг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тус ажлын хүрээнд “Тархи судлал–XXI зуун” сэдэвт Нобелийн шагналтны анхдугаар чуулган энэ сарын 24-нд Төрийн ордонд зохион байгуулагдах юм.
Тус чуулганд Нобелийн шагналт эрдэмтэн Э.Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч П.Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Х.Лерма тэргүүтэй тархи судлалын шилдэг эрдэмтэд Норвеги, Швейцарь, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас хүрэлцэн ирж "Цаг Хугацаа ба Орон Зай", "Оюун ухааны хөгжил", "Оюун ухааны чадвар" зэрэг сэдвээр лекц унших аж. Монгол улсын нэрт эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын удирдлагууд, хувийн хэвшлийн болоод олон нийтийн төлөөлөгч нар оролцох аж. Чуулганы үеэр Монгол улсад тархи судлалын хүрээлэн үүсгэн байгуулах тухай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх ач холбогдол, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тухай зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.