Хуульч Д.Түвшин Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч “Хун Юн Син Хан” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр 11.00 цагтмэдээлэл хийлээ.
Хууль Д.Түвшин “Хүмүүс өнөөдөр шударга бусын хонгилын талаар их ярьж байна. Би өөрт тохиолдсон гэмт хэргийн талаар, шударга бусын хонгилын талаар ярих гэсэн юм. Одоогоос нэг жилийн өмнө би Сүхбаатар аймагт "Цайрт минерал"-ийн тээвэр хийдэг “Хун Юн Син Хан” ХХК-д ажилд орсон.
Улмаар Ван Шин Пинг захирал Өвөр Монголын иргэн н.Сарнайтай муудалцсан асуудалдаа намайг буруутгаж намайг алуулах захиалгыг гурван монгол иргэнд өгч, амь насыг минь хөнөөхийг завдсан. Энэ энэ гэмт хэргийн талаар би ХУД-ийн прокурор, цагдаад хандсан. Бүр Улсын Ерөнхий прокурорт хүртэл хандаад тусыг олоогүй. Тэгээд судлаад үзэхэд энэ компанийн ард нэр нөлөөтэй улс төрч хүн байсан юм байна. Энэ компани сүүлийн таван жилийн хугацаанд нэг ч татвар төлөөгүйг мэдсэн.
“Хун Юн Син Хан” компани одоо Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Саусгоби сэндс” компанийн нүүрсний хөрсийг хуулах ажлыг гүйцэтгэж байгаа.
Мөн “Хун Юн Син Хан” ХХК-ийн уурхай хариуцсан монгол талын ажилтан нь УЕП Д.Дорлигжавын үед УЕПГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан н.Мөнхбат гэдэг хүн байсан юм билээ. Миний энэ хэргийг хаах талаар Нийслэлийн прокурор Ж.Ариунаа голлон ажилласан. Ж.Ариунаа бол жаран тэрбумын бичлэгийг эвлүүлэг байсан гэж үзэн хаасан хүн. ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч н.Мөнхбат гэдэг хүн энэ хэргийг хэрэгсэхгүй болгох чиглэлээр маш идэвхтэй ажилласан. Тэр байцаагчтай би хэрэлдэж, муудалцаж, учирлаж янз бүрээр хэлээд бараагүй. Би сүүлдээ “Чи эцсийн эцэст үнэнд гүйцэгдэнэ дээ. Би чиний талаар Хуульзүйн сайдад гомдол гаргана” гэж хэлэхэд “Тэр сайд чинь юугаа мэддэг юм. Тэр сайд чинь юу чаддаг юм” гэж тавлаж байсан. Өнөөдөр хуулийн байгууллагууд монгол хүнийг үнэгүйдүүлж, үнэ цэнийг алдагдуулж байна.
Би хэдэн жил цагдаад ажилласныхаа хүчинд тэр гурван захиалгат алуурчны гарт амиа алдаагүй. Жирийн хүн байсан бол амиа алдах байсан. ХУД-ийн цагдаагийн хэлтсийн цагдаа нарыг хуугаар нь солих хэрэгтэй байгаа. Би цагдаагийн байгууллага н.Пүрэв генералаас хойш хэрхэн ялзарсан бүх баримтыг би Хуульзүйн сайдтай уулзаж өгмөөр байгаа” гэв.
Хуульч Д.Түвшингээс захиалгат алуурчдын гарт өртөх шахсан асуудлыг нь тодруулж асуухад “2018 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед энэ үйл явдал болсон. Захирал Ван Шин Пинг бид хоёрт долоон сая төгрөгийн тооцоо байсан. Түүнээс таван саяыг нь төлж барагдуулаад үлдэгдэл хоёр сая төгрөгийн тооцоогоо хийхээр "Маршал таун"-д байдаг оффист нь очих үед ороод ир гэсэн. Яагаад ч юм муу зөн төрөөд орохгүй гэсэн юм.
Гэтэл Лексус-570 унасан гурван залуу давхиж ирээд намайг барьж “Чи муу ямар овоо хүн бэ. Би тэр хүний ард байдаг хүмүүс байна. Аварга Санжаадамба байна. Чиний амийг авна" гэж заналхийлж дайрсан. Би тэдэнтэй 30 орчим минут тэмцэлдээд арайхийн амь мултран зугтаж чадсан. Намайг тусламж хүсэн хашхирахад нэг ч хүн туслаагүй гэлээ.