СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эмээлт”-д хог мэт үзэгдэх болсон арьс ширээ мөнгө болгох энгийн жишээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

.

Уг нь хаягдал болж хувирдаг түүхий эдээр эмийн гаднах капсул, мэс заслын утас, хүнсний желатин зэрэг бүтээгдэхүүн болон “кош картон” гэж уян зөөлөн материал гаргаж гутал хийхэд ашиглах боломжтой аж. Эмийн капсул хийхэд шир нь малын гаралтай түүхий эд учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ходоодонд ороод шууд уусдаг байна. Мэс заслын утас болгож ашиглахад тухайн утсыг нь хүний биеэс салгах шаардлагагүй, өвчтөнд зовиургүйгээр өөрөө уусч эдгэдэг. Төрөл бүрийн нарийн боов, талх, чихэр, резинэн чихэр хийдэг гол түүхий эд болох желатиныг ч мөн арьс ширний тасархай, өөдсүүдээр хийдэг байна.

Арьс, ширний хаягдлаар хийсэн бүтээгдэхүүн нь элдэв химийн найрлага орсон бүтээгдэхүүнээс илүү малын гаралтай экологийнх гэдэг утгаараа хүний биед ашиг тустай байдаг гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Арьс ширний үйлдвэрүүд дэргэдээ хатуу хаягдал боловсруулдаг байсан цаг саяхан. Гэвч одоо ийм боловсруулалт хийдэг үйлдвэр бараг үгүй болсон. Одоогоор улсын хэмжээнд хатуу хаягдлыг боловсруулж халиман цавуу хийдэг ганцхан үйлдвэр байдаг аж. Арьс, ширний өөхөн давхаргыг авахыг халимлах гэдэг учраас боловсруулж буй бүтээгдэхүүнээ халиман цавуу гэж нэрлэжээ.

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Т.Төрмөнх “Таван хошуу малаас хаягдал гардаггүй юм. Бидний иддэг хорхог, боодог, хонины толгойг болгож идэхтэй л адил хоргүй гэдгийг амьдрал дээр тогтоочихсон. Социализмын үед Монгол Улсын эдийн засгийн нийт орлогын 18 хувийг арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлдэг байсан. Түүхий эдийг хаягдалгүйгээр, хагас болон эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр боловсруулдаг цогц үйлдвэрүүд хөгжиж байлаа. Манай улсын ууган үйлдвэрийн нэг арьс шир боловсруулах анхны үйлдвэр 1934 онд Хан­Уул дүүргийн “Цагаан хаалга” орчимд баригдаж, төрөл бүрийн үйлдвэрүүд нэмэгдэж, хүрээгээ тэлсээр “Ажилчдын дүүрэг” болтлоо өргөжин, олон мянган ажилчид хөдөлмөрийн гараагаа эхэлж байв” хэмээн хөнгөн үйлдвэрлэлийн уг суурийг дурссан.

Манай улс ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үндэсний брэндтэй болж, дэлхийн зах зээлд тэргүүлэгч брэндүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа. Гэтэл ноос, ноолуурын салбараас гадна арьс ширний салбарт хөгжил үгүйлэгдсээр байна. Хэдхэн жилийн өмнө. Улмаар хог болон хаягдах болж. Үнэ унах болсон шалтгаанийг “Угаагдсан адууны дэл, сүүл болон боловсруулсан ширийг л урд хөрш рүү гаргана гэсэн тогтоол гарсны дагуу 2016 оноос хойш адууны ширийг экспортоор гаргаагүй нь нөлөөлсөн” хэмээн худалдаачид тайлбарласан. Үүний уршгаар “Эмээлт” захад хоёр болон түүнээс дээш жил давсалж хураасан 600 гаруй мянган адууны шир хаягдал болж дуусахад ойрхон байгааг ченжүүд ярьж байсан юм. 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Металл, машин судлалын салбарынхан үслэг эдлэл боловсруулах тоног төхөөрөмжүүдээ өөрсдөө хийдэг. Харин арьс шир судлалын салбарынхан технологийн сургалтыг олон нийтэд явуулдаг байна. Ингэснээр хурга, ишиг, хонь, ямаа, үхэр, адууны арьс ширнээс гадна ангийн арьсыг хүртэл боловсруулж, сайн чанарын материал гаргаж байна. Гаргасан материалыг нь оёдлын үйлдвэрүүд авч ашигладаг. Мөн дээр дурдсанчлан сайн чанарын монгол савхин материал гаргах болжээ. Тэдний боловсруулсан түүхий эдээр үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчид тусгай зориулалтын бат бөх, чанартай хувцаснаас эхлээд төрөл бүрийн урлагийн бүтээл үйлдвэрлэх боломж бүрдүүлж өгч байна. Савхи боловсруулахдаа адуу, үхрийн ширний өөх, тос, шар махыг салгаж цэвэрлэхээс эхлээд арьсны захалгаа, годолгоо, махлах зэргээр 35-50 технологийн шат дамжиж, 300 гаруй химийн бодис орж байж бэлэн савхи гардаг байна. Технологийн дамжлага нь төрөл, зориулалтаас хамаарч өөр өөрийн гэсэн нарийн аргатай аж.

Ийнхүү арьсыг боловсруулахад эхлээд бэлдэж хатаасан арьсаа усанд дэвтээнэ. Тусгай зориулалтын саванд ус хийж, 24 цагаас дээш хугацаанд байлгана. Арьсанд эвгүй үнэр оруулахгүйн тулд бохирдсон усыг тогтмол солино. Дараа нь махлах машинд хийж, арьсан дахь үндсэн тос, өөхийг салгаж авна. Дахин арьсны гүн дэх тос, өөхийг салгаж авахын тулд зориулалтын шингэн нэмсэн устай төхөөрөмжид байлгаж, 2­3 удаа зайлж угаана. Ингээд арьсыг уснаас шүүж гаргаад “гандах” ажлыг хийнэ. Энэ нь уламжлалт аргаар арьсанд хэрэгтэй бодисыг шингээж өгөх технологи бөгөөд 24 цагийн турш явагдана. Үүний дараа арьс анхны хэлбэрээсээ уян зөөлөн болдог. Ингэж уян зөөлөн болсон арьсаа сэврээж хатаана. Тухайн арьсан дахь чийг, тасалгааны хэмээс шалтгаалж хатаалтын ажлыг дуусгана. Зориулалтын тосоор арьсыг тосолсноор сүүлийн хэсэг болох хуурай элдэх хэсэгт арьсыг боловсруулна. “Барбан” нэртэй резинэн бөмбөлөгтэй төхөөрөмжид хийж зөөлрүүлснээр арьс нь зөөлөн биетэй материал болж, боловсруулагддаг технологитой аж. Арьсыг боловсруулж буй технологич арьсны хатуу зөөлнөөс хамаарч элдэж, зүлгэх байдлаар илүү зөөлрүүлнэ. Ингэж боловсруулах үйл явц нь дунджаар 14 хоногийн турш үргэлжилдэг, урт хугацааны хөдөлмөр шаардаж байна.

Харин ажиллах явцад ямар материал гаргах гэж байгаа технологи нь нарийн судалгаагаар, мэргэжилтний хяналтан дор хийгддэг гэдгийг цехийн ажилчид хэлж байв. Үслэг эдлэл боловсруулах нэг цехт хамгийн багадаа долоон төрлийн 10 гаруй төхөөрөмж хэрэгтэй байдаг. Үнийн хувьд багадаа 20 сая төгрөг болдог байна. Жишээлбэл, 1.4 тэрбум төгрөгөөр нийт 70 үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж болох аж. Ингэснээр манай улсын 330 сумын таван сум тутамд нэг цех ажиллуулах боломж бүрдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд малын тоо толгой 70-­80 саяд хүрсэн боловч малын нэхий, арьс шир нь боодол бохьны үнэд хүрэхгүй байгаа энэ үед тэдгээрийг бүрэн боловсруулах цех, үйлдвэрүүд байгуулснаар эргэлтэд орох боломж бүрдэх юм байна.

Ажлын байрыг нь бэлтгэж чадвал, ажлыг нь хийх хүний нөөц хангалттай байгаа гэдгийг хөнгөн үйлдвэрийн салбарт аж ахуй эрхлэгчид хэлж байгаа юм. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн технологич хэлэхдээ “Манай хүрээлэн арьс, ширэн бүтээгдэхүүний түүхий эд, технологид лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн хэмжээнд туршилт хийж байна. Туршилтаар гарсан технологийн дагуу үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах боломжтой байдаг. 2013 оноос арьс ширний өндөр технологийн инкубаторын цехийг 387 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан. Үр дүнд нь судалгаа шинжилгээ, сургалт хөгжилд ахиц гарсаар байгаа” гэв. Энэ хүрээлэнгийн Арьс шир судлалын салбарын дэргэдэх туршилтын инкубатор төвд “Үхрийн шир”­ийг үстэй буюу дэвсгэрийн зориулалтаар боловсруулдгаараа онцлогтой.

Тодруулбал, Германы Dr.Boehme компанийн технологийн горимоор уян зөөлөн, жигд гадаргуйтай, торгомсог, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн гаргадаг аж. Чанарын хувьд барууныхтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн. Гэхдээ үнэ нь 2­3 дахин хямд гэдгийг үйлдвэрийн технологич хэлэв. Тэрбээр “Өвлийн улиралд үхрийн шир нь мэр сэр үс нь ойчих тохиолдол гардаг учраас махнаас нь салгаад шууд хүйтэнд хөлдөөвөл илүү сайн. Хутганы зүсэлттэй ширийг тоног төхөөрөмжөөр оруулж, механик боловсруулалт хийх үед урагдаж цоорох нь элбэг учраас гараар хуулж ширийг авбал сайн. Надад алаг тарлан, цоохор, цагаан, буурал, тас хар зүстэй үхрийн шир илүү гоё, үзэмжтэй харагддаг. Гэхдээ тухайн хүний сонирхлоос хамаарч зэгэл, саарал, хөх, судалтай гээд олон өнгүүд гарах боломжтой” гэлээ. 

МОНГОЛ УЛС НООЛУУРЫНХАА ЧАНАРЫГ СҮҮЛИЙН 10 ЖИЛ ТОДОРХОЙЛООГҮЙ

Ноос, ноолуур, арьс ширний салбарын мэргэжлийн байгууллагын судалгааны үр дүнд малчдын орлого нэмэгдэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд гаргаж, Монголын үндэсний брэндийн нэр хүндийг өсгөх зэргээр эдийн засаг, санхүүгийн өгөөж өгөх боломжтой. Мөн бүтээгдэхүүний чанар, төрөлжилт нэмэгдэх ач холбогдолтой байдаг аж. Хан-­Уул дүүрэгт байрлах Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс төслийн хүрээнд малчидтай хамтарч ажилладаг бөгөөд тэдний өгсөн дээжийг нь судалдаг байна. Мөн тухайн орон нутгийн малчдаас гадна аж ахуйн нэгж, хоршоодтой хамтардаг. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд 10 орчим жилийн өмнө л улсын хэмжээнд ноолуурын чанар ямар байгааг шинэчлэн тогтоожээ. “Монгол, Германы хамтарсан 2+2” гэсэн олон улсын төслийн хүрээнд ийн судалсан байна. .

Олон жилийн өмнө тогтоосон энэ үзүүлэлт нь “Олон улсын стандартыг хангасан” хэмээн үнэлэгдсэн байна. Түүнээс хойш тоймтой судалгаа хийгдээгүй аж. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс 2016 онд ноосон бүтээгдэхүүнээр “Оны шилдэг шинжлэх ухааны бүтээл” алдарыг авч байв. Тухайн бүтээгдэхүүн нь хамгийн нимгэн, хөнгөн, зөөлөн гэх гурван шалгуурыг хангаж байсан учраас ийн шагнагджээ. Урд хөршөөс авч байгаа чанар муутай савхи, элдэв төрлийн баталгаагүй бодисоос бүрдсэн материалыг авч хувцас хийж өмсөж байхаар дотооддоо үйлдвэрлэсэн материалаар төрөл бүрийн бүтээл хийх боломж байгааг хүрээлэнгийн захирал Т.Төрмөнх бардам хэлж, хийсэн материалаа харуулав.

Тэрбээр хувцаснаас гадна хөнжил, мишок, дээл болон куртканы дотор зэргийг үнэгүй хэвтэж байгаа хонины нэхийг ашиглаад хийвэл дулаахан, сайхан бүтээгдэхүүн болно. Манай хүрээлэнд жилд ойролцоогоор 100 гаруй иж бүрэн шинжилгээ хийдэг. Жижиг шинжилгээ нь маш олон. Эдгээр шинжилгээгээр “Хувцасны зориулалтад материалын чанар тохирч байна уу, даавуу, утас, түүхий эдийн гээд бүх төрлийн дээжийг шинжилнэ. Материал болон хими судлалаар тухайн дээжинд агуулагдах тос, будаг, химийн нэгдлүүд, бүтээгдэхүүний шинж чанар”­ыг тодорхойлдог. Сарын өмнө “SEM” гэдэг дээжийн зургийг 100 мянга дахин томруулж харуулах боломжтой төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Төхөөрөмжийг олон улсын хэмжээний томоохон лабораторид ашигладаг бөгөөд цаг хугацааг хэмнэсэн, илүү оновчтой хариуг гаргадаг, үүнийгээ дагаад шинжээчдээс нэлээд ур чадвар шаарддаг учраас дээжийн шинжилгээ улам чанаржина гэдгийг Т.Төрмөнх хэлж байв.

Мөн залгаа байрлах “EDX” төхөөрөмжөөр элементийн шинжилгээг давхар хийх боломжтой. Ингэснээр материал болон химийн шинжилгээг хослуулан гаргадаг болсон гэдгийг тэрбээр онцлон ярив. Түүнчлэн Англи, Белги, Герман, Узбек, Киргез, Казак зэрэг улсаас дээжүүд явуулж, манай улсын лабораториор шинжлүүлдэг юм байна. Үндэсний хэмжээнд “Стандарчилал хэмжилзүйн газар”­ын стандартыг дагаж мөрдөхөөс гадна ноос, ноолуурын салбарт олон улсын хэмжээнд манай шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөг ажээ. Хувь хүн, байгууллага, аж ахуй нэгж аливаа бүтээгдэхүүн, бүтээлээ итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлснээр түүхий эд, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний чанараас болж маргаан үүсвэл мэргэжлийн талаас шийдэх боломжтой байдаг гэнэ. Сонирхуулахад, ноос ноолууран бүтээгдэхүүнээс гадна сарлагын хөөвөр, торомны ноосыг сүүлийн үед үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж эхлээд байна. Сарлаг, торомноос гарсан түүхий эд нь нарийн ширхэгтэй, илүү тансаг зэрэглэлийнх байдаг аж.

Сарлагын хөөврийг ашиглах санааг профессор, шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Г.Надмид олон жилийн өмнө гаргаж байсан бөгөөд хэд хэдэн туршилт, судалгааны үр дүнд үйлдвэрлэл явуулах боломжтойг нээж, технологийн горимыг баталсан байна. Сарлагын хөөвөр нь зөөлөн, тансаг. Бас Монгол, Түвдэд л байдаг, олдоц багатай гэдгээрээ инновацын бүтээгдэхүүн болж чаджээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.