Нисэх онгоц хөөрөх болон газардахад агаарын даралтаас шалтгаалан бүхээгийн даралтыг тогтворжуулах товчлуурыг нисгэгчид асаах ёстой байдаг. Гэтэл Энэтхэгийн хамгийн том нислэгийн компанийн нисгэгч бүхээгийн даралтыг тохируулахаа мартсанаас болж 30 гаруй зорчигч бэртсэн байна. Бэртэж гэмтсэн зорчигчдын заримынх нь чихээр хатгуулж, хамарнаас нь цус гарчээ.
Жет Эйрвэйсийн Мумбайгаас Жайпур хүртэл 9W 697 дугаар нислэг хөөрөөд удалгүй буцаж газардсан. Зарим зорчигчид бичлэг хийж олон нийтийн цахим сүлжээндээ тавьжээ. Бичлэгээс харахад онгоц хөөрөх үед бүхээгийн даралт унаж, хүчилтөрөгчийн багууд бууж ирсэн байна. Хэдийгээр нисгэгч алдаа гаргасан ч Боинг 737 онгоц 166 зорчигч, нислэгийн багийн таван гишүүнтэй эсэн мэнд буцаж газардсан. Энэтхэг улсын Нисэх хүчний яам нислэгийн үеэр гарсан алдааг шалгаж байгаа гэжээ.
Зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалж, даралт унаснаас болж чих нь өвдөж, хамарнаас нь цус гарсан зорчигчдод анхны тусламж үзүүлсэн байна. Жет Эйрвэйс нислэгийн компанийн нисгэгчид анх удаа алдаа гаргаж байгаа биш. Өнгөрсөн нэгдүгээр сард Лондонгоос Мумбай хүрэх нислэгийн үеэр хоёр нисгэгч бүхээгтээ зодолдсон хэрэг гарсан. Тухайн нислэгийн үеэр онгоцонд байсан 324 зорчигч эсэн мэнд газардсан юм.
Эх сурвалж: www.bbc.com