Оюутолгойн гэрээгээр Монголчууд ногдол ашгаа 2050 оноос авч эхэлнэ
“Дархан Монгол нэгдэл” ТББ-ын зөвлөх Ч.Бат-Эрдэнэ өнөөдөр 11 цаг 30 минутад Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Монголчууд Оюутолгой орд газраас ногдол ашгаа 2050 онд авч эхлэх гэрээг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд хийсэн. Одоогийн байдлаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тус уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд 2037 он гэхэд далд уурхайн нийт нөөц шавхагдсан байна.
Монгол Улсад илт хохиролтой “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг байгуулах ажлын хэсгийг байгуулах тухай, гарын үсэг зурах эрх олгохтой холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хууль зөрчсөн захирамжуудыг хүчингүй болгуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн онд хандсан.
Гэвч Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох “Эрдэнэс Монгол” компанийн ажилтнууд Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгүүлэхгүй байх, хэргийг хаах хүсэлтийг байнга гаргаж, давж заалдах шатанд гомдол гаргах зэргээр хугацаа хожсоор байгаа.
Монголчуудын эрх ашгийг ноцтой зөрчсөн энэ гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайдын дөрвөн захирамжийг Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгуулж чадвал Оюутолгой, Дубайн гэрээг эргэн харах, өөрчлөх боломж Монголчуудад бий болно” гэв.
Үндэсний эрх ашгийнхаа төлөө Засгийн газар холбогдох эрх бүхий байгууллагууд нэг талдаа гарч байж ялах боломжтой хэмээн тэрбээр тодотгосон юм. Хурлын дараа түүнээс цөөн асуулт асуулаа.
-Хэрвээ гэрээг өөрчилбөл Рио Тинто бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа зогсоож гарч явна гэсэн мэдээ байгаа. Хэрвээ ийм зүйл болбол яах вэ?
-Монголчууд асар их хохирч, Рио Тинто асар их хожиж байгаа. Тэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа шууд хаяад эсвэл Хятадуудад зараад гарчихаж чадахгүй. Олон удаагийн яриа хэлэлцээр шинээр хийгдэнэ.
-Дубайн болон Оюутолгойн гэрээг хүчингүй болгуулсан тохиолдолд Монголын Засгийн газар хэдэн төгрөгийн торгуульд унах вэ?
-Ямар нэгэн торгуульд унах зүйл заалт гэрээнд байхгүй.