НМХГ-аас “Singapore School of Mongolia”-д хийсэн шалгалтын дүнг танилцууллаа
Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарсан билээ. Тодруулбал, SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж ЭМЯ-наас мэдээлсэн.
Халдварын голомтод эмч нарын баг ажиллаж “Singapore school of Mongolia” сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 40 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр ХӨСҮТ-өөс дуудлага ирүүлж, "БЗД-ийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Singapore School of Mongolia” сургуулийн найман хүүхэд цусан суулга өвчнөөр өвчилсөн" гэсэн мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу манай БЗД-ийн мэргэжлийн хяналтын албанаас тухайн сургуульд очиж халдварын голомтод тандалт судалгаа хийж ажиллалаа.
Одоогийн байдлаар нийт эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83 хүн байна. ХӨСҮТ-лд 43 хүн хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхэд сэхээнд байна. Гэрээр 39 хүн эмчлүүлж байна.
Тус сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үдийн цайнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээс 43 дээж авч УМЭАЦТЛ-д өгсөн. Лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байна.
-Хүүхдүүд юу идсэнээс болж хордсон юм бэ?
-Тахианы махан шницель идсэн гэж байгаа. Бид "Үдийн цай" хэрэгжүүлэгч ААН-ын мэдүүлснээр "Хүчит шонхор" захын тахианы мах авсан гэх лангууг түр хугацаагаар хаасан. Тахианы махыг нь хураасан. Лабораторид найман дээжийг нь өгч шинжлүүлсэн.
-Хаанаас тахианы махаа оруулж ирдэг юм бол?
-Урдаас оруулж ирдэг юм билээ.
-Нийт хэдэн хүүхэд уг хоолыг идсэн юм бэ?
-Нийт 173 хүүхэд, 32 багш тэр хоолноос идсэн.
-Лабораторийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Эцсийн байдлаар 3-5 хоногт гарна. Нэг бэлтгэгч нь ариун цэврийн шинжилгээнд хамрагдаагүй байсан. Бусад эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэсэн дүгнэлт үзлэгээр гарсан.
-Танай газар энэ байгууллагад хамгийн сүүлд хэзээ хяналт шалгалт хийсэн бэ?
-Энэ сургууль 2018 оны найман сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ. Манай газраас 2019 оны эхээр очиж "ямар зарчмаар яаж ажиллах вэ" гэдэг зөвлөмж өгсөн юм билээ.
-Үдийн цай хэрэгжүүлэгч ААН-д танай газраас өмнө нь шалгалт хийж байсан юм болов уу?
-Уг компани нь 2019 оны гурван сарын 01-нээс тухайн сургуультай гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн юм билээ. Дөнгөж сар гаран л болж байсан гэсэн үг. Нэрийг нь одоогоор хэлэх боломжгүй байна. Иргэн н.Бадамхандын гэх нэртэй.