Б.Гантулга: АН улс орноо сүйтгэж, ард түмнийхээ эсрэг ажиллаж эхэлсэн учраас би намаасаа гарч байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батмөнх, Б.Гантулга болон тус намын гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа талаараа өнөөдөр 12 цагаас мэдээлэл хийлээ.
Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батмөнх “Бид энэ олон жил хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулсан намаасаа гарч байгаа нь улс төрийн хүнд шийдвэр байсан. Сүүлийн есөн жил АН-ын ҮБХ-ны гишүүнээр би тасралтгүй ажиллаж байгаа хүн. Би Ардчилсан намын лидер, алтан хараацай нь байгаагүй ч Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан. АН өнөөдөр юу болоод байгааг та бүхэн харж байгаа. Одоо бүр бүлэггүй болчихлоо. Эрх барьж байгаа нам нь хоёр хуваагдаж нэр хүндээ унагаж байхад сөрөг хүчин нь тэднээс ч дор нэр хүндтэй байгаа нь ичмээр байна. АН 2016 онд дотоод тэмцлээсээ болж ялагдсан. Үйл ажиллагаандаа шинэчлэл хийж босч ирэх болов уу гэтэл тэгсэнгүй. Улам л талцан хуваагдаж байгаад харамсаж байна” гэлээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Гантулга: Манай намын удирдлагууд эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэн хуваагдаад зогсохгүй жирийн гишүүдээ талцан хувааж байна. Өчигдөр ҮБХ-ны хурал дээр шинээр сонгогдсон хүмүүс нь намаа шинэчлэх бус бүр булшлах ажил хийх гэж байгааг хараад харамсал төрж байна. АН-д МАНАН бүлгэм, МАНАН дэглэм тогтож байгаад харамсаж байна. Улс орноо сүйтгэх, ард түмнийхээ эсрэг ажиллаж эхэлсэн учраас бид намаасаа гарлаа. Манжийн үед Монголчууд нутаг усаараа хуваагдан алалцаж байсан бол одоо нам намаараа хуваагдан талцаж байна. Үндэсний эв нэгдлийг эвдэн сүйтгэж байгаа энэ намын удирдлагууд одоо болих хэрэгтэй” гэсэн юм.
АН-ын гишүүн Д.Нямхүү “Би 1990 онд ардчиллыг ялуулахын төлөө тэмцэж явсан оюутнуудын нэг байна. Энэ намаас татгалзахаас өөр арга алга. Цаашид улс эх орныхоо төлөө аль нам эвсэлтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.
Хурлын дараа Д.Батмөнхөөс хоёр асуулт асуулаа.
-Өчигдөр болсон ҮБХ-ны хурал дээр яг юу болсон юм бэ?
-Урьд нь АН-ын ҮБХ-ны хурал дээр гишүүд үгээ хэлж түүнийг нь дарга нар нь сонсдог байсан. Сүүлийн үед дээр үеийн МАХН нам шиг хурлаа хийдэг болж. Нижигнэтэл алга ташаад өөрсдийн хүмүүсээ томиллоо. Дотоод ардчилал гэж алга болсон байна.
-Та өмнө нь АН-ын томилгоогоор төрийн ямар нэгэн албан тушаалд томилогдож байсан уу?
-Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан.