У.Сарангэрэл
Аливаа улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний баялаг бүтээгчид байдаг. Учир нь тэдний бараа бүтээгдэхүүн гадагшаа экспортлогдож, ихээхэн хэмжээний валютыг Монгол Улсад оруулж чадвал эдийн засаг хөгжих нь мэдээж. Гэвч манай төр, засаг үндэсний баялаг бүтээгчдээ төдийлөн дэмжиж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс манай сонин үндэсний баялаг бүтээгчдээ алдаршуулж, тэдний хийсэн бүтээснийг олонд таниулан сурталчлах зорилгоор өнөөдрөөс эхлэн “Баялаг бүтээгч” булангаа нээж байна. Бид энэ удаад Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлд мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдлийг нэвтрүүлж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байгаа програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлдэг “Grape City” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Сүхдоржийг онцоллоо.
-Таны зав чөлөөг харж уулзана гэдэг хэцүү байлаа шүү. өглөө 6.30 цагаас 9 цаг хүртэл завтай гэхээр тань өглөө эртлэн босч, зорьж ирлээ. та ер нь ажилдаа дандаа ийм эрт ирдэг үү?
-Би ер нь юм сурахдаа удаан, бүтээмж муутай хүн. Гэхдээ нэг л давуу тал бий. Хийж байгаа ажилдаа сэтгэлээ өгч, төвлөрдөг. Тэрэндээ дурлаж, улайран ордог. Өглөөний 6.30 цагаас оройны 20 цаг хүртэл ажиллаад хэвшчихсэн. Хагас, бүтэн сайнд ч ажилладаг. Ажилдаа дуртай учраас ажил маань амралт болдог юм. Хэдэн жилийн өмнө гэртээ шөнө л харьдаг байлаа. Одоо өвгөн болсон учраас ядраад 20 цагт ажлаа дуусгадаг болчихоод байна.
-Таныг Элба дэлгүүр, “БСБ сервис” компанийг байгуулж байсан гэж сонссон юм байна?
-Би 1951 онд төрсөн хүн шүү дээ. 1969 онд нэгдүгээр арван жил төгсөөд тэр жилдээ Киев Улсын компьютерийн сургуульд элссэн. Социализмийн үед тоондоо сайн хүүхдүүдийг мэдээллийн технологийн чиглэлээр гадаад руу явуулдаг байлаа шүү дээ. Тэгээд сургуулиа төгсөж ирээд Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр ирж ажилласан. Дараа нь 1988 онд Улсын банкны тооцоолон бодох төвийг байгуулахад даргаар нь томилогдож байлаа. Ингээд хоёр жилийн дараа ардчилсан хувьсгал гарч, Улсын банкны тооцоолон бодох төвийн дарга байсан хүн чинь ажилгүй болоод гудамжинд гарах дээрээ тулж байлаа. Ингээд хоосон хонохгүйн тулд “БСБ сервис” компанийг байгуулж байлаа. БСБ гэдэг нь банк, санхүү, бүртгэл гэсэн үг. Программ үйлдвэрлэл социализмийн үед үнэгүй байлаа. Хэдий ардчилсан хувьсгал гарсан ч гэсэн биет бус бүтээгдэхүүнийг үнэлэх газар байгаагүй юм. Монголбанк болон арилжааны банкууд байгуулагдсан ч программ хангамж тал дээрээ ажиллаж чадаагүй. Миний ажил үнэлэгдэхгүй болохоор амиа тэжээж чадахгүйд хүрнэ биз дээ. Ингээд л 1994 оноос эхлэн наймаа хийж, электрон бараа импортолж эхэлсэн. Электрон барааны анхны ЭЛБА дэлгүүрийг байгуулж байлаа. Манай “БСБ сервис”-ийн анхаарал хэдэн банкуудын программ хийхээс дайжиж, электрон барааны бизнес рүү орчихсон юм.
Тэгээд би бодсон л доо. Энэ хэдэн арилжааны банкуудыг “гол гаргах” нь гэж бодоод тэр үеийн арилжааны банкуудын холбоо, Монголбанкинд албан тоот өгсөн. “Бид банкны программаар амиа тэжээж чадахгүй байдалтай байгаа учраас нөхцөл байдлыг сэргэтэл банкны программ хийх ажлаасаа татгалзаж байна. Тиймээс та нар бидэнд битгий найдаарай. Энэ салбартаа ирж ч магадгүй. Ирэхгүй ч байж магадгүй” гэсэн утгатай албан тоот өгөөд л явсан. Тэгээд баахан дэлгүүр байгуулж явлаа шүү дээ. Өнөөдөр манай “БСБ сервес” электрон барааны зах зээлийн номер нэг тоглогч болсон. Бид 2000 онд “Grapcity” компанийг байгуулж, эргээд банкны салбарт орж ирсэн. 50 хувь нь Японы хөрөнгө оруулалттай, 50 хувьд “БСБ сервис” хөрөнгө оруулалт хийсэн.
-Танай компани монголын банк, санхүүгийн салбарын зах зээлд ашиглаж буй нийт программын 80 орчим хувийг хөгжүүлсэн юм билээ. монголд танайхтай өрсөлддөг хэчнээн компани байдаг вэ?
-Бид программ хангамжийн салбар руу 2000 онд орсон. Тэгэхэд банк, банк бус байгууллагын программ хийдэг компаниуд байж л байсан. Бид 2005 он гэхэд Монгол Улсын банк санхүүгийн программ хангамжийн салбарын 70-80 хувийг бариад авсан. Бас номер нэг болсон. Арилжааны 14 банкны 11 нь манай программыг ашиглаж байгаа. 500 орчим банк бус санхүүгийн байгууллагын идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 200 хүрэхгүй байдаг юм. Түүний 120-130 нь манай программыг ашигладаг. Тэгэхээр бид дэндүү монополь байна л даа. Гэхдээ энэ нь тийм ч сонин үзэгдэл биш.
Дэлхий дээр ажилбарын систем хийдэг компани 3-4 байна. Маш цөөхөн байгаа биз. Харин Монголд банкны программ хийдэг компани нэг байгаа нь манай жижиг зах зээлд хэвийн л үзэгдэл. Манайх шиг банкны суурь систем хийдэг компани дэлхийд арав гаруйхан л байдаг юм. Манай программыг гурван банк хэрэглэдэггүй гэж би дээр хэлсэн. Энэ гурван банк бол Хаан, Голомт, Хас банк. Эдгээр банк дэлхийд дээрээсээ 1-2 дугаар байрт ордог программ ашиглаж байгаа. Нэг ёсондоо бид Монголын жижиг зах зээл дээр дэлхийн номер нэг, хоёр дугаарт ордог программтай өрсөлдөж байна гэж ойлгож болно. Зах зээл нь онцлогтой учраас тийм ч олон компани байгаад байдаггүй.
Сингапурын нэгэн компанитай нэгдэж, хамтарсан компаниа Сингапурт бүртгүүлж байна. Яагаад Сингапурт бүртгүүлж байна вэ гэхээр Монголынхоо нэрээр олон улсын зах зээл дээр бүртгүүлэхэд хүнд байдаг. Тэгэхээр бид Сингапурын компани юм шиг царай гаргаад Монголынхоо бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэж оролдож эхэлж байна. Сингапур жижиг орон учраас экспортондоо анхаардаг. Манайх жижиг улс хэрнээ экспортондоо анхаардаггүй. Тэрүүгээрээ ялгаатай.
-Та бүгдийн алс хэтийн зорилго юу вэ. Бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох боломжтой юу?
-Манай зах зээл жижиг. Бид гуравхан сая хүн амтай. Эдийн засаг багтаамж бага байна. Хөл дээрээ босохгүй байна шүү дээ. Энэ ядарсан эдийн засгийн багтаамжид бизнес хийгээд цаашид илүү хөгжих нь өрөөсгөл болчихоод байгаа юм. Тиймээс бид экспорт хийхийг зорьж байна. Экспорт хийнэ гэдэг нь том зах зээл рүү орж байна л гэсэн үг. Том зах зээл руу бид бүтээгдэхүүнээ гаргавал Монголын зах зээл нь тэлнэ шүү дээ. Хаан, Голомт, Хас банк дэлхийн томоохон программ хэрэглэдэг гэж хэлсэн. Тийм том программ бүтээсэн компаниуд манай дээрх банкуудад маш бага анхаарал хандуулдаг. Тиймээс тэд маш их хэлмэгддэг. Том компанийн программыг жижиг орны жижиг банк аваад ашиглана гэдэг тийм ч оновчтой биш. Үүний оронд “Grapcity” компанийхаа программыг аваад ашиглах нь өлзийтэй гэж хэлэх гээд байна. Гэхдээ бид олон улсын зах зээл дээр экспорт хийе л гэж үзээд байгаа юм.
-Экспорт хийх суурь нь тавигдсан уу. хэрвээ экспортлохоор болбол ямар улс орныг сонирхож байгаа вэ. танай мэдээллийн технологи гадаадад эрэлт, хэрэгцээтэй байж чадах уу?
-Экспорт хийхгүй бол болохгүй нь ээ гэж бодоод арваад жил болж байна. Экспорт хийх зорилго тавиад тэрэндээ хүрэхийн тулд эхлээд манай программууд олон улсын стандарт, сертификатуудыг авах хэрэгтэй. Бид үйлдвэрлэлийнхээ процессыг ISO болон дэлхийн нийтийн чанарын шаардлагад хүргэх хэрэгтэй. Энэ бэлтгэлээ хангачихсан. Тэгээд бодитойгоор экспорт хийх зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн харилцаа холбоо тогтоож эхэлсэн. Хамгийн түрүүнд Сингапурын Зүүн Өмнөд Азидаа олон салбартай нэгэн компанитай нэгдэж, хамтарсан компаниа Сингапурт бүртгүүлж байна. Яагаад Сингапурт бүртгүүлж байна вэ гэхээр Монголынхоо нэрээр олон улсын зах зээл дээр бүртгүүлэхэд хүнд байдаг.
Тэгэхээр бид Сингапурын компани юм шиг царай гаргаад Монголынхоо бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэж оролдож эхэлж байна. Сингапур жижиг орон учраас экспортондоо анхаардаг. Манайх жижиг улс хэрнээ экспортондоо анхаардаггүй. Тэрүүгээрээ ялгаатай. Хоёр адилхан орон шүү дээ. Сингапурт экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрынх нь тодорхой хэмжээний хөтөлбөр хэрэгжиж байна. Бараг гурван долоо хоногийн өмнө Сингапурын Засгийн газрын экспортыг дэмждэг агентлаг Филиппинийн банкны АТМ, бэлэн мөнгөний үйлчилгээний зах зээлийн 80 хувийг барьдаг томоохон банк бус компанитай биднийг уулзуулсан. Тэдэнд бид өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулсан. Маш их сонирхсон. Номхон далай, Зүүн Өмнөд Ази, Киргиз, Тажикистаны зах зээлүүдийг судлаад үзэхэд манай Монголоос хамаагүй хоцорчихсон явж байна. Бид бүтээгдэхүүнээ танилцуулахаар нүд нь орой дээрээ гарч байна. Тиймээс бидэнд гадаадын зах зээл дээр тоглох боломж байна. Гэхдээ эдгээр орнуудад ялгаагүй л лобби, авлига байж таарна. Өөрийнхөө орныг цөм гарч, лоббидож чаддаггүй бид чинь харь орныг лоббидоод гарч ирнэ гэдэг амар хоол биш гэдэг нь ойлгомжтой байна. Гэхдээ бид хичээгээд ажиллаж байна. Ямартай ч технологийн шийдлийн хувьд дээрх орнуудад бүрэн эрэлт, хэрэгцээ байгаа. Гэхдээ тэр зах зээл рүү нэвтэрч орно гэдэг амаргүй байна.
-Номхон далай, Зүүн өмнөд азийн орнуудаас манай мэдээллийн технологийн хөгжил хамаагүй дээгүүр явж байна гэж та хэллээ. тэгэхээр дэлхий улс орнуудтай эн тэнцүү өрсөлдөхүйц хэмжээнд очсон гэж ойлгож болох уу?
- Нэг зүйлийг уншигчид анхааралдаа авах хэрэгтэй. Юу вэ гэвэл ямар ч амбицтай хүн өөрийгөө дэлхий ертөнцийн төвд байна гэж төсөөлдөг. Би бас тийм л мангар амьтан байгаа юм. Бид гаргаж байгаа мэдээллийн технологийнхоо хувьд баруун Европ, Америк, Япон, Хятадаас доогуур гэж үзэхгүй байна. Гадаадын улс орнуудад бүтээгдэхүүнээ танилцуулахад энэ бодол маань нотлогдож байгаа. Тиймээс бидэнд боломж байна. Тэрийгээ хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдэг л асуудал байгаа юм. Бид 2008 онд “МОСТ” гэж төлбөр тооцооны компаниа байгуулсан. Гар утас гэдэг зүйл хорвоо ертөнцийг өөрчилж байна шүү дээ. Хүн гар утсаараа дамжуулан дэлхийг холбосон интернэтэд 24 цаг байнгын уяатай, үргэлж хажуудаа аваад явж байна шүү дээ. Тэгэхээр гар утсан дээр юу ч хийж болохоор байна. Гэхдээ үүнийг хийхийн тулд платфорум хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Тэрийг ойлгоод бид “МОСТ” гэдэг платфорум хөгжүүлж, 2012 онд гаргаж ирж байлаа.
Биднийг үйлчилгээгээ нээхээр Монголбанк, Төлбөр тооцооны үндэсний зөвлөл, банкууд сайшаан дэмжиж өлгийдөж авна гэж бодсон. Гэтэл огт тэгээгүй. Харин ч хууль бус үйлчилгээ нээлээ. Банк хоорондын тооцоо хийчихлээ гэсэн байдалтайгаар хүлээж авсан. Тэрнээс болоод бизнес маань хөл дээрээ босч чадахгүй удсан. Технологи яагаад АНУ-д хурдан хөгжөөд байна вэ. Гэтэл яагаад манайд хөгжихгүй хөл доороо дэвхцээд байна вэ. Хариулт нь тун энгийн. Хувийн секторээ дэмдэг нийгмийн харилцаа, хууль эрх зүйн орчин, уур амьсгал үүсээгүй нөхцөлд хэчнээн гоё, сайхан зүйл хийгээд байр сууриа олж авна гэдэг бэрх байдаг юм байна. АНУ руу манай шинэ инноваци хийдэг залуус яваад өгч байна шүү дээ. АНУ бүр тэднийг татдаг нийгмийг бүтээсэн байна шүү дээ. Тэгээд тэр улс хөгжиж байна. Бид энийг анхаарч өөрчлөхгүй бол манай улс дороо дэвхцсэн хэвээрээ л байна. Гэхдээ үүнд гомдоод юу ч хийхгүй бай гэсэн үг биш шүү. Бүх чадлаараа л зүтгэнэ. Ямар нэгэн байдлаар урагшилна. Болоод л байна.
-“Мост монни” программыг хийхэд хэдий хэр хугацаа шаардагдсан бэ?
-“МОСТ монни” бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн нь 2008 он. Зах зээл дээр 2012 онд зарлаж гаргасан. Дөрвөн жилийн хугацаа авсан байна. Тэрнээс хойш долоон жил болжээ. “МОСТ монни” программ зогсоо зайгүй хөгжсөөр байгаа. Цаашид ч хөгжих хязгааргүй зам руу явж байна. Гар утсан дээр хүний эрэлт, хэрэгцээтэй бүх зүйлийг оруулж болно гэж бид үзэж байгаа. Ямар л эрэлт, хэрэгцээ байна тэр бүгдийг хийнэ.
-Санхүүгийн зах зээл дээр финтек гэх технологи гарч ирсэн. сүүлийн үед “финтекийн дайралт” ч гэж ярих боллоо. Ер нь финтек хөгжвөл санхүүгийн зах зээлд ямар үр нөлөө үзүүлэх вэ?
-Энэ бол үзэгдэл. Технологийн компаниудын төлбөр тооцоо, санхүүгийн зах зээл рүү шуураад орж ирж байгаа үзэгдлийг финтек гэж нэрлээд байна. Хамгийн гол нь үйлчилгээг хямд, түргэн шуурхай хүргэж байна. Хэрвээ финтек амжилттай нэвтэрвэл зээлийн хүү навс бууна. Миний бодлоор энэ технологи зээлийн хүүг дорвитой бууруулж, үр ашгаа өгөх шатандаа хүрээгүй байна. Бид нэг зүйлийг анхаарах ёстой. Хурд, хялбар дөхөм байдал дээрээ алдвал хэн нь ч байсан зах зээлээс арчигдана. Тиймээс маш анхааралтай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.
-Хэрвээ финтек амжилттай нэвтэрвэл зээлийн хүү бууна гэж та хэллээ. өнөөдөр нэг хэсэг нь зээлийн хүүг хүчээр бууруулна гэж байхад нөгөө хэсэг нь зах зээлийн зарчмаар бууруулна гэж байгаа шүү дээ. нэг ёсондоо хоёр тал болчихоод байгаа. та ямар бодолтой байдаг вэ?
-Засаг, төр оролцоод зээлийн хүүд тодорхой хязгаар тавихыг би зөв л гэж бодож байна. Эдийн засгийн хямралын үед мөнгө хүүлэх бизнес цэцэглэдэг хуультай юм шүү дээ. Ломбард, банк бус санхүүгийн байгууллага, банк мөнгийг хүүлсээр байгаа. Үүн дээр жаахан хязгаар тогтоохгүй бол бид шаварт улам зоогдоод байж магадгүй. Яагаад гэвэл өндөр хүүтэй байсан арга нь барагдсан ард түмэн зээл авчихаад байна шүү дээ. Тэгээд өндөр хүүтэй зээл аваад хөл дээрээ босож чадахгүй байна. Авсан зээл нь тэр хүнд хэрэг болох бус алаад хаячихгүй баймаар байна шүү дээ. Тэр хэмжээнд нь хязгаарыг нь олоод тогтоочих нь зөв гэж бодож байна. Айхтар ухаан шаардаад байх ч юм биш. Тэрийг олж харахгүй байхдаа яахав дээ.