Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин өслөө гэдэг мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэлсэн.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэлийн ажилтан Б.Цоожчулуунцэцэгээс тодруулахад
"Өчигдөр нэг залуу Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын хавсралтын толгойг өөрчилж худал мэдээлэл түгээсэн байна билээ. Олон нийтийн сүлжээнд яваад байгаа тэр зураг бол уул уурхайн компаниудаас тооцон авдаг цахилгааны тариф шүү. Монгол Улсад цахилгааны 18 төрлийн тариф мөрдөгддөг. Цахилгаан эрчим хүч ихээр ашигладаг “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт уул уурхайн томоохон компаниудын тариф нь өндөр байдаг. Харин иргэдээс авч байгаа цахилгааны тариф квт тутамд гурван төгрөгөөр нэмэгдсэн" гэлээ.
Цахилгааны тарифтай холбоотой асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос маргааш албан ёсоор мэдээлэл хийх юм байна.