Монгол улс бүхэлдээ хулгай нүүрлэсэн улс болоод байна гэхэд хилсдэхгүй. "Монголоор сонин юу байна гэж асуувал. Хулгай л их байх шив дээ гэж хэлмээр байна" гэсэн үг ч гарсан байна. Тэртээ Орос улсад ийм "үзэгдэл" болж байснаас улбаалж ийм үг, хэллэг гарчээ.
Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газрын түвшиндээ хувийн компанид хулгайн замаар шилжүүлсэн нь илрээд байгаа. Мөн Эрдэнэтийн 51 хувийг "Стандарт" банкинд барьцаалан их хэмжээний зээл авсан хэргийг хаахын тулд Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр гал унтрааж ч байх шиг. "Буруутнаар мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгоно" гэж мэдэгдэж байгаа ч улстөрчдийн хулгайн хэргийг намжааж байгаа нэг хэлбэр юм. ЖДҮХС-ийн зээлийг хавтгайруулан, авлига хэлбэрээр 950, 950 саяар олгосон нь улстөрчдийн хулгайн хамгийн том хэрэг болж түүхэнд үлдэх болно. Хүрээний бузрыг ухвал далай л гэсэн үг гэдэг шиг улстөрчдийн хулгайн түүхийг бичвэл энэ насны амьдрал ч хүрэлцэхгүй.
"Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй" гэж ухаант өвгөд маань сурган үлдээсэн. Европ дахь хулгайч монголчуудын тухай өмнө нь бид бичиж байсан. Гэтэл одоо визгүй орнуудаар аялах нэрийдлээр хулгайн хэрэг үйлдэж, дэлхийгээр нэг муу муухайгаа зарлуулж байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг. Ичсэндээ газар доогуур орох ч багадам.
Зөвхөн он гарсаар Тайланд улсад монгол иргэдийн хулгайн таван удаагийн үйлдэл илэрч, есөн хүн баригдан шалгагдаж байгаа талаар ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Монгол, Тайланд улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр 2007 оноос хойш хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсныг хулгайч нар ийнхүү ашиглаж, тайланчуудын шүтээн болсон Эзэн хааны ордноос хүртэл хулгай хийсэн анхны улс болоод байна. Таван удаагийн үйлдлийн дөрвийг нь нэхэн сануулбаас,
-Бангкок хотын Суварнабуми нисэх буудалд 41 настай Б.Төрмөнх, 40 настай Б. Хишигбат, 35 настай Б.Өлзийбаяр гэх эмэгтэйн хамт баривчлагдсан. Тэднийг баривчлах үед биедээ 200,000 бат, 8,665 ам.доллар, 3,650 евро, 900,000 иен, 1,355 аргентины песо, 500 авс.доллар, 400,000 вьетнам дон авч явсан нь илэрсэн.
-М.Батболд, С.Солонго, Г.Золзаяа гэх Монголоос ирсэн гурван иргэн Тайландын хааны ордон байсан сүмд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан. Эдгээр халаасны хулгайчид сүмд аялж байсан америкийн жуулчдын мөнгө, төлбөрийн карт, үнэт зүйлсийг хулгайлан худалдан авалт хийжээ.
-Шри Ланкын Калутара Норт дүүрэгт 6,5 сая рупийгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагдсан гэх гомдлл гуравдугаар сарын 12-ны өдөр ирсний дагуу таван этгээдийг баривчилсны дунд 43 настай монгол эмэгтэй байжээ.
-Тайландын нийслэл Бангкок хотод Словакаас ирсэн жуулчин өнгөрсөн даваа гарагт хэтэвчээ хулгайд алдсан ба хэрэг гарсан газраас холгүй хулгай хийсэн гурван этгээдийг баривчилсан нь Монголын иргэн 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар байжээ. Сэжигтэн Г.Ихбаяр, И.Мөнхбаяр нар нь өөрсдийгөө "Монголд алдартай рэпперүүд" гэж мэдэгдсэн ч энэ нь хуурамч мэдээлэл байсан гэж эх сурвалжид дурдсан байна.
Монгол улсаас Тайланд улсад суух Элчин сайдын яамнаас саяхан анхааруулга гаргасан бөгөөд тус анхааруулгад:
"Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчих манай иргэдийн урсгал нэмэгдэхийн хэрээр хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж байна. Ялангуяа, гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар Тайланд Улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах болов. Иймд гадаад улсад аялж буй иргэдэд ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАХЫГ АНХААРУУЛЖ байна" гэжээ.
Хулгайн хэргийн улмаас саяхан хүртэл амар тайван аялж байсан монголчууд өдгөө хилээр нэвтрэхдээ нэмэлт анкет бөглөж, бэлэн мөнгө болон картын мэдээллээ дэлгэрэнгүй мэдээлэх үүрэгтэй болоод байна. Цаашид харилцан зорчих нөхцөл, журамд ч тодорхой өөрчлөлтүүдийг хийж ч мэдэх нөхцөл байдал үүсээд байна.
Хулгай нүүрлэсэн энэ улсыг яах вэ?