СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Жаст"-ын Ш.Батхүүгийн "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Монгол Улсын "саалийн үнээ" гэгддэг, улсын төсвийн тэн хагасыг шахуу дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь Монгол улсын Засгийн газарт, 49 хувь нь ОХУ-ын Засгийн газарт харьяалагдаж ЗСБНХУ, БНМАУ гэсэн нэршилтэй байх үед хоёр улсын хамтарсан үйлдвэр нэрээр байгуулагдаж байсан билээ. 

Ердөө 2016 оныг хүртэл хоёр улсын хамтарсан үйлдвэр нэрээр үйл ажиллагаа явуулж олсон ашгаа хоёр тийш нь хуваарилдаг байсан Эрдэнэт үйлдвэр өдгөө 100 хувь Монгол улсын мэдэлд ирсэн. ОХУ-ын талаас эзэмшигч Ростех "үйл ажиллагааны хувьд ашиггүй болсон" гэх шалтгаанаар өөрийн эзэмшлийн 49 хувийг Монголын засгийн газарт худалдах саналыг 2016 онд гаргасан. Гэвч Монголын засгийн газар хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар "Монголын зэс корпораци"-д давуу эрхээр уг 49 хувийг худалдсан нь өнөөдөр улс төрчдийн дунд томоохон "дайн" өрнүүлээд буй.

Энэ асуудлыг түр орхин Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг энд хөндье

Анх 2009 онд "Жаст групп"-ийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахаар гэрээ байгуулж, 2012 оныг хүртэл хэд хэдэн удаа нэмэлт гэрээ хийж нийтдээ 160,1 сая ам.долларыг зээлж авчээ. Ингэхдээ батлан даагчаар нь “Эрдэнэт” үйлдвэр байгаа хэмээн мэдүүлж тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлсэн гэнэ.

Стандарт банк "Жаст групп" хугацаандаа зээлээ төлөөгүй учраас 2013 оны долоодугаар сард Их Британи улсын Лондон хот дахь Олон улсын арбитрын шүүхэд ханджээ. Нэхэмжилсэн үнийн дүн нь 51 сая ам.долларын өр, 41.22 сая ам.долларын зээлийн хүү юм.  

Их Британийн Лондон хотын Олон улсын арбитрын шүүхээс хариуцагчаар Монгол улсын Засгийн газрыг татаж, 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд ирүүлсэн аж.

Энэ хооронд мөн Өмнөд Африкийн “Стандарт” банк үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа нэмж гаргуулахаар Лондон хотын олон улсын Арбитрын шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан аж. Ингээд шүүх 2017 оны долдугаар сарын 27-нд уг асуудлыг авч хэлэлцээд Монгол улсын ТӨҮГ болох “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийт 44.3 сая ам.доллар гаргуулан “Стандарт” банканд олгох шийдвэрийг гаргажээ. 

Хэрэв энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол батлан даагчаар орсон Эрдэнэт үйлдвэрийн гүйлгээ, төлбөрийн үйлчилгээг царцаах,  гурав дахь этгээдэд өрийг зарах, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг гадагш, дотогш нэвтрүүлэхгүй байх зэрэг маш олон арга хэмжээ авах эрхээ хэрэгжүүлнэ Олон улсын арбитрын шүүх мэдэгджээ. Тэр ч байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх захирамж гаргуулах хүсэлтийг ч Английн Худалдааны шүүх хангаж шийдсэн байдаг.

Монгол улсын ганц "саалийн үнээ" гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан иргэн Ш.Батхүүг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудын санал, НПГ-ын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 2017 оны наймдугаар сарын 13-наас цагдан хорьж эхэлсэн.

Тэрээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэж мэдүүлдэг ч  “Стандарт” банкныхан “Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан” тайлбарлаж буй. 

Энэ хооронд Олон улсын арбитрын шүүх дөрөв дэх хуралдаанаа хийж Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн 86,95 сая ам.долларын 35,95 сая ам.долларыг "үндэслэлгүй" хэмээн хасаж 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төлөх шийдвэрийг 2016 оны 09 сарын 20-нд гаргажээ. 

Гэхдээ Монгол улсын Засгийн газар олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Английн дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн ч давж заалдахын тулд нэгэнт шийдвэр нь гарчихсан 51 сая ам.долларыг Стандарт банкны дансанд байршуулж байж давж заалдах эрхээ олж авах ёстой гэсэн хариу ирсэн байна. 

Шүүхийн хяналтын процесс явагдаж байгаа хэдий ч манай улсын Засгийн газрын төлөөллийн хүмүүс Стандарт банктай 2018 оноос хойш хэлцэл хийж, үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох талаар ярилцаж эхэлжээ.

Дундын зуучлагчаар дамжуулан хэлэлцээ хийхэд "40 сая ам.долларыг төлчихвөл асуудлыг дуусгавар болгоё" гэж мэдэгдсэн хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн. Ингээд Монгол улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.доллар гаргуулж Стандарт банк руу шилжүүлсэн талаараа өчигдөр албан ёсоор мэдээллээ.

“Стандарт” банкинд төлөх өрийг Засгийн газар бус, буруутай байж болзошгүй Ш.Батхүү нар төлөх ёстой

Энэ асуудлаар “Жаст групп”-ийн Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”- ийн захирал асан Ч.Ганзориг, хэлтсийн дарга байсан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, “Алтжин групп”-ийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нар хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа юм.  

Шог зургийг: Зураач С.Цогтбаяр 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.