Монгол улсын Их хурал өнгөрсөн долоо хоногт шүүх байгууллага, авлигатай тэмцэх газруудын тусгаар байдлыг сахин хамгаалж байсан дарга нарыг албан тушаалаас нь огцруулсан. Ингэснээр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын эрх мэдлээ бататгах оролдлогыг улам бүр дэмжиж өглөө. Өнгөрсөн хэдэн сарын дотор болсон жагсаал, эмх замбараагүй байдал ч мөн Баттулгын санааг хэрэгжүүлэхэд дөхөм болов.
1990 онд ЗХУ бутарснаас хойш Монгол улсыг ардчиллын баян бүрд хэмээн ажиглагчид үнэлдэг байлаа. Харин одоо энэ ардчилал захиргаадалтын хэв маяг үнэртүүлэх болжээ. Монгол улсын хууль өмнө нь улс төрийн дарамт шахалтаас шүүгчдийг ангид байлгадаг байсан. Улсын Их хурал Авлигатай тэмцэх газрын даргыг томилж, Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог байж. Хоёулаа зургаан жилийн турш бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэвч өнгөрсөн лхагва гарагт баталсан хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга дээрх албан тушаалтнууд болон бүх шүүгчдийг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө халж сэлгэх эрхтэй болов.
ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ? ЧУХАМ ЯАГААД ОЛОН УЛСЫН АЖИГЛАГЧИД ЗОВНИЖ ЭХЛЭВ?
Өнгөрсөн долоо хоногт баталсан хуулийг Монголын хуульчид эсэргүүцэж Үндсэн хуулинд нийцээгүй үйлдэл хэмээн гарын үсэг цуглуулжээ. Шүүхийн бүрэн эрхт байдлыг үгүй хийсэн нь ардчиллыг бөхөөж буй анхны шинж тэмдэг биш. 2016 онд болсон Их хурлын сонгуулиар 60 тэрбум төгрөгийн хэрэг гарсан. Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Монгол ардын нам, Ардчилсан нам гэсэн улс төрийн хоёр гол хүчин сонгуулийн хуулийг өөрчилж гуравдагч намын нэр дэвшигч их хуралд суудалтай болоход тун бэрх болсон.
Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2004 онд Их хуралд сонгогдсоноосоо хойш 2012-2014 оны хооронд Ардчилсан нам Засгийн эрх барьж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Аж үйлдвэр, газар тариалангийн сайдын алба хашиж байжээ. Төрийн тэргүүн болохоосоо өмнө шалгагдаж байсан ч түүнтэй холбоотой авлигын хэрэг олон нийтийн санал зөрөлдөөн дунд шахагдав.
2018 оны 11 дүгээр сард эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Их хурлын 10 гаруй гишүүн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн сангийн мөнгийг хууль бусаар хувьдаа ашигласан хэргийг илрүүлсэн. Ерөнхийлөгч Баттулга Ерөнхий Прокурорыг албан тушаалаас нь хөөх хүртэл Их хурлын 20 гаруй гишүүнтэй холбоотой хэргийг шалгаж байсан юм. Мөн Ерөнхий прокурорыг халах хүртлээ Монгол улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийг мөрдөн шалгахыг Баттулга шаарджээ. Ерөнхий прокурор шаардлагаас татгалзсаны дараа Баттулга Монголын шүүх байгууллага олигархуудын нууц бүлэглэлээр удирдуулж байна гэж турхиран Их хурлын гишүүдэд хандан шинэ хуулийн төслийг дэмжихийг уриалсан. Энэ үйлдэл нь шүүх байгууллагын эрх мэдэлтнүүдийн томилгоо, халаа сэлгээ улс төрийн зориулалттай болж байгаагийн хамгийн том илрэл төдийгүй Баттулгын өрсөлдөгчдийнхөө эсрэг барих зэвсэг болгож магадгүй гэсэн сэрдлэг төрөв.
АМЖИЛТТАЙ АЛХАМД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭЭД ХУУЧИН НИЙГЭМДЭЭ ЭРГЭН ТАВТАЙ МОРИЛ!
Улс төрийн шинжээчид Монгол улсын хөгжлийг гацаанд орсон төдийгүй ардчиллын таагүй үлгэр дуурайллыг давтан харуулж байна гэж үзжээ. Тухайлбал Унгар, Турк, Польш, Боливи, Венесуэл зэрэг дэлхийн ард түмний 1/3 нь амьдардаг улс орнуудад ардчилал бүтэлгүйтсэн. Ардчилал нуран унах үед иргэний дайн гарч, хувьсгал хийх тохиолдол бий ч энэ нь тун ховор. Харин ардчилсан замаар сонгогдсон удирдагчид эцэст нь ардчиллыг үнэгүйдүүлж зэврүүлэх нь нийтлэг үзэгдэл. Хамгийн аюултай нь чин шударга ард түмэн, авлигад автсан элитүүд гэсэн үзлээр ард түмнийг хуваах популист удирдагчид мөн гэж судлаачид үзэж байна. Монгол улсад 2020 онд Их хурлын, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ажиглагчид Баттулга болон түүний дэмжигчид сонгуулийн үйл явц, Монголын ардчилалд хэрхэн хөндлөнгөөс оролцохыг харах үлджээ.
Эх сурвалж: www.washingtonpost.com