Эрчүүдийн дунд хамгийн нийтлэг тохиолддог төдийгүй үхлийн аюултай түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөгсдийн тоо буурсан тухай шинэ судалгаа гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид таван тивийн оршин суугчдын 1980-2012 оны хоорондох эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж дүгнэлт хийсэн байна.
Ингэхэд дэлхийн ихэнх хэсэгт түрүү булчирхайн хорт хавдрын тархалт тогтворжсон, зарим газарт буурсан үзүүлэлттэй байжээ.
Виржиниагийн хамтын нийгэмлэгийн их сургуулийн олон нийтийн эрүүл мэнд, гэр бүлийн эмчилгээний профессор Алекс Крист судалгаанд оролцсон мэргэжилтнүүдийн нэг юм. Түүний тайлбарласнаар түрүү булчирхайн хорт хавдар нь эрчүүдийн хамгийн их өвчилдөг өвчнүүдийн нэг бөгөөд маш удаанаар өвчний тохиолдол нэмэгддэг байна. Хорт хавдрын тархалт хэр зэрэг байгаагаас шалтгаалж өвчтнүүдийн амьд үлдэх эсэх нь тогтоогддог.
Дэлхийн хэмжээнд түрүү булчирхайн хорт хавдар нь эрчүүдийг үхэлд хүргэдэг зургаа дахь өвчин ба хамгийн түгээмэл тусдаг хоёр дахь хавдрын төрөл юм. 2012 оноос хойш 96 орны эрчүүдийн дунд хамгийн түгээмэл оношлогдож байгаа хавдар төдийгүй 51 оронд эрчүүдийн хамгийн их амиа алддаг өвчин болжээ. Харин 2008-2012 оны хооронд дэлхийн зургаан улсад түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол буурсан, 33 улсад тогтворжсон байна. АНУ-д хорт хавдрын тархалт хамгийн их багасчээ.
Энэ хугацаанд хамгийн олон тохиолдол илэрч байсан орнуудад Бразил, Литва, Австрали улсууд багтжээ. Тэр дундаа Карибын Барбадос, Тринидад ба Тобаго, Куба, Эстони, Латви улсуудад халдвараар өвчлөгсөд хамгийн их бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com