Д.Дорж
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо 2015 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-ын гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Хөрөнгө оруулагч талаас “Туркойс хиллс ресурсес лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой Лтд”, “Оюутолгой Нидерланд БиВи”, “Рио Тинто Интэрнэшнл Холдингс Лимитед” компанийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан. Гэрээг баталгаажуулах бэлтгэл ажил болгон олон улсын банк, санхүүгийн 20 орчим байгууллагатай ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын хэлцэл хийсэн гэдгийг талууд тодотгодог.
Улмаар Монгол Улс дахь хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум орчим ам.доллароор тэлж эхэлсэн. Хэрэв эдийн засгийн болоод улс төрийн эмзэг байсан тэр үед Дубайн гэрээ батлагдаагүй байсан бол өдгөө гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй 17 мянга гаруй ажилтан гэртээ сууж, 1000 гаруй үндэсний ханган нийлүүлэгч компани сул зогсолт хийх нөхцөл үүсэхээр байсан гэж үзэж болно.
Тэр өдрөөс эхлэн Оюутолгой ордын нийт баялгийн 80 хувь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж, “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” хэмээн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэвлэл мэдээллээр зарлаж байлаа. Тэрбээр гэрээ зурагдсан өдрөөс гурав хоногийн дараа “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа “Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Гэхдээ энэ хэлэлцээрийн явцад хөндөөгүй. 2009 онынхоо гэрээг үндэслэж явсан. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувь байсныг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан явдал.
Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн үр ашгийн 53 хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашгийн хэлбэрээр, “Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа” гэж байв.
Мөн Дубайн гэрээнд Монгол Улсыг төлөөлж, биечлэн гарын үсэг зурсан Б.Бямбасайхан “Өнөөгийн дэлхийн зах зээл дэх зэсийн ханшаар тооцвол гүний уурхай ашиглалтад орсноор 50 жилийн хугацаанд 47 тэрбум ам.долларын бодит мөнгөн урсгалыг Монголын Засгийн газар авна гэж тооцож байгаа. Ногдол ашгийг 2037 оноос авахаар байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан бүдүүн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлтээ өнгөрсөн сард ҮАБЗ-ийн гурван гишүүнд хүргүүлээд байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан талаар Д.Тэрбишдагва гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 4.7 тэрбум ам.долларын хэлцэл буюу “Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” талаар дурдлаа. Тэрбээр “Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас Оюутолгойн гэрээнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа. Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн. Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай” хэмээн ярьжээ.
Гэхдээ энэ удаагийнх Дубайн гэрээтэй холбоотой УИХ-аас гарч буй анхны дүгнэлт биш. 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй нэг кабинетэд ажиллаж байсан МАНынхан “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж, дүгнэлт хийгээд, сонгуульд ялмагцаа замхруулсан удаатай. Тэр үед Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр ажилласан туршлагатай Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтдээ “Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна” гэж дурдсан нь бий. Тэдний зүгээс Дубайн гэрээгээр 4.2 тэрбум долларыг гаднын банкуудаас авах болж байгаа. Олон нийт 4.2 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан компани авна гэж ойлгож байгаа.
Гэтэл Дубайн гэрээгээр бол 4.2 тэрбум долларыг “Оюутолгой” төсөлд бус, “Рио тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой. Уг зээлийг “Рио тинто” толгой компани гэдгээрээ өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь “Оюутолгой” компани төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж дүгнэсэн.
“Оюутолгой” компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Тийм учраас Засгийн газрын хөрөнгийг барьцаалах бол УИХ-аас заавал зөвшөөрөл авах тухай хуулийн хэд хэдэн заалт байдаг. Гэтэл энэ зөвшөөрлийг авалгүйгээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж “Оюутолгой’’ компанийн хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл авахаар болсон нь хууль зөрчсөний дээр Монголын талыг эрсдэлд оруулсан. Өөрөөр хэлбэл, Монголын парламентын эрх мэдлийг “Эрдэнэс-Оюутолгой” компани дангаараа шийдсэн аж.
Мөн 2010 онд баталсан ТЭЗҮ-ээр Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөж 53 хувь гэж байжээ. Харин Дубайн гэрээгээр нийт үр өгөөжийн 53 хувь гэж томъёолсон нь Монголын талын хүртэх ашгийг тодорхойгүй болголоо зэргээр хэд хэдэн тодорхой гаргалгаа хийж, асуудал Засгийн газрыг огцруулах хүртэл өндрөө авч байсан юм.
Үүнээс гадна тухайн үеийн “Шударга ёс” эвслийн бүлгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Оюутолгойн гэрээг байгуулахад гэрээн дээрээ дөрвөн тэрбум доллар шаардагдана гэж заасан. Харин засвартайгаар хүлээн авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгасан. Үүнд ил уурхай, далд уурхайн 1.5 тэрбум доллар, баяжуулах фабрик, хаягдлын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтэц, эзэмшигчийн зардал, шууд бус зардал, валютын ханшны зардал, бусад эрсдэл гэх мэт бүх эрсдэлийг тооцоолсон.
Гэтэл дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4.7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтын 5.1 тэрбум доллараа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гарсан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Тиймээс би Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна” хэмээн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсан ч нэгдсэн хуралдаан дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар тэсч үлдэж байлаа.
Тухайн үеийн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлт хийгээд Д.Тэрбишдагва гишүүний ахалсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн дүгнэлт аль аль нь Монголд ашиггүй гэрээ болсон, цуцлах шаардлагатай гэдэг утга агуулсан ч урт удаан үргэлжилж буй маргаан хаана хүрч дэнслэгдэх нь тодорхойгүй.
Түүнчлэн энэ асуудалд хууль хяналтын байгууллагууд ч оролцож үзсэн. Одоогоос жилийн өмнө буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг цагдан хорих арга хэмжээ авч байлаа.
Удалгүй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хорьсон юм. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг “С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж хийгдсэн гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал ол госон байж болзошгүй гэж үзэж байгаа. Дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангид заасны дагуу сэжигтнээр татаж, Баянгол дүүргийн шүүгчийн захирамжаар баривчилсан.
Үүнээс гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт прокурорын байгууллагаас зарлан дуудах хуудас хүргүүлсэн байгаа. Тэрбээр одоогийн байдлаар гадаадад байгаа. Эх орондоо ирэхэд нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авна” гэж мэдээлсэн байдаг. Олон хүнийг хамарсан энэ асуудал одоо ч хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд одоо ҮАБЗ-ийн шийдвэр гарч, УИХаар дахин хэлэлцэх үеэр бүх зүйл олон нийтийн нүдэнд ил болно.
“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэгт Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.БатЭрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа, М.Оюунчимэг тэргүүтэй 10 гаруй гишүүн орж ажилласан бөгөөд тэдний найм нь ийнхүү “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн санал дүгнэлтийг дэмжин гарын үсэг зураад байгаа талаар мэдээлэл байна.
Тэднээс гадна улс төрийн дөрвөн нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид таван дэд ажлын хэсэг болж ажилласан. Дэд ажлын хэсгүүдийг таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахалсан юм. Харин одоо УИХ-ын даргын чиглэл гарч, Байнгын хороогоор оруулах уу, УИХ-ын чуулганаар оруулах уу, ажлын хэсгийг өөрчилж, нэмж сайжруулах уу гэдэг нь тодорхой болно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлжээ.
Өөрөөр хэлбэл, Дубайн гэрээний дуулиан өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ бүхэн ил болсны дараа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баатар уу, балагдагуулагч уу гэдэг нь тодорхой болно. Харин одоо ил болоод буй мэдээллээр бүрэн эрхийн хугацаандаа Дубайн гэрээ хийж, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахаас татгалзах замаар хувьд шилжүүлсэн гэх хоёр том асуудал дээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж, бие даан шийдвэр гаргасан том толгойтой Ерөнхий сайд гэдгээрээ түүхэнд үлдэхээр байна.
Ямар сайндаа л Дубайн гэрээ зурагдах үед АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Эрхэмбаяр “Юм үнэнээрээ байх сайхан. Дубайн гэрээг Ардчилсан намд хэлээгүй. Ч.Сайханбилэг өөрөө явж хийсэн. Би намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан үе. Дубайгаас ирэхэд нь л мэдсэн юмдаг. З.Энхболд дарга ч тийм л болов уу гэж таамаглаж байна. Засгийн газрын шийдвэрийн зөв, бурууг тэргүүн нь, салбар хариуцсан сайд нь шууд хүлээдэг байх ёстой. Дубайн гэрээ сайн бол гавьяаг нь саар бол хариуцлагыг Ч.Сайханбилэг үүрэх учиртай” гэх тайлбар хийх вэ дээ.