Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг сар бүр олгож байна. Том хүн 16000, хүүхэд 8000 төгрөгийн эрхийн бичиг авах бөгөөд түүгээрээ дараах нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авч болдог аж.
Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалт
1.Мах дайвар бүтээгдэхүүн( импортын бус)
2.Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)
3.Гурил, гурилан бүтээгдэхүүн ( импортын бус)
4.Цөцгийн тос
5.Элсэн чихэр
6.Төмс, хүнсний ногоо
7.Будаа
8.Ургамлын тос
9.Өндөг
10.Жимс, жимсгэнэ.
Хүнсний эрхийн бичгийг хэн авч болох вэ?
Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан аргачлалын (орлогыг орлуулан тооцох аргачлал) дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлж, өрхийн гишүүн-иргэний мэдээллийн нэгдсэн санд орсон, Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнээс тухайн онд хүнсний эрхийн бичиг олгохоор Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго онооноос доогуур байгаа өрхийн гишүүн-иргэн энэ үйлчилгээнд хамрагдана.
Хүнсний эрхийн бичиг нь өрхийн гишүүн иргэний тухайн сарын хүнсний хэрэгцээг хангахад зориулсан үйлчилгээ юм. Сонгогдсон зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр зөвхөн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхээр зааж өгсөн.
Та дээрх ангилалд багтсан бол дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгөөрэй
Өрхийн гишүүн-иргэдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хэрэв 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
Өрхийн гишүүн-иргэн бүрийн хаяг, ам бүлийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт
Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний 3Х4 хэмжээтэй цээж зураг
Дараах тохиолдолд хүнсний эрхийн бичгийн олголтыг зогсооно
1. Дахин үнэлгээгээр амьжиргааны түвшингийн үнэлгээ нь заасан босго онооноос дээш гарсан
2. Өрхийн гишүүн иргэн өөрийн хүсэлтээр хүнсний эрхийн бичиг авахаас татгалзсан
3. Монгол улсын харьяатаас гарсан
4. Хуурамч бичиг баримт бүрдүүлж худал мэдээлсэн нь тогтоогдсон
5. Хүнсний эрхийн бичиг авах эрх үүсэхгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон
Эх сурвалж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам