Б.Тэгш
“Үндэсний дата төв”-ийн захирал Б.Батжаргалтай уулзаж, тус төвийн үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцлаа.
-“Үндэсний дата төв” ямар үйл ажиллагаа явуулдгийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх. Тэгэхээр байгууллагынхаа үүсэн байгуулагдсан түүх, зорилго чиглэлийн талаар уншигчдад танилцуулна уу?
-Анх үүсгэн байгуулахдаа өгсөн нэрээс эхлээд бүгд бидний хувьд шинэ зүйл байсан. Манай байгууллагыг анх “Үндэсний өгөгдөл мэдээллийн төв” гэж Монгол хэлэнд шууд орчуулан нэрлэх гэж байсан боловч “дата” гэдэг үг утга агуулгын хувьд оновчтой гарч чадахгүй байсан.
Олон улсад дата төв 1980-аад оноос эрчимтэй хөгжиж дэлхий нийтэд танил болчихсон байсан үе. Харин тухайн үед манай улсын хувьд олон улсын стандартад нийцсэн бие даасан дата төв хараахан бий болоогүй байсан. Мэдээж хэрэг хостингийн үйл ажиллагаа явуулдаг байсан интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, үүрэн холбооны операторуудыг эс тооцвол шүү дээ.
Ингээд Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэхэд суурь дэд бүтцийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны зургадугаар сарын 24ний өдрийн 183 дугаар тогтоолоор “Үндэсний дата төв” гэдэг нэртэй улсын төсөвт үйлдвэрийн газрыг анх байгуулсан түүхтэй.
Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага барилгыг нь барьж, үндсэн дэд бүтцийн тоног төхөөрөмжийг суурилуулж ажиллагаанд оруулан 2009 онд манай улсад хүлээлгэн өгсөн байдаг. Энэ онд 10 жилийн ойтойгоо золгож байна.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын хүрээнд бид байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, чиглэлийг шинэчлэн тодорхойлж, байгууллагыг чадавхижуулах, урт хугацааны хөгжлийн тогтвортой бодлоготой болох замаар төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллаж байна.
-Анх байгуулагдахдаа хэчнээн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан вэ?
Анх 36 ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 66 хүн ажиллаж байна.
Шинэ зүйлийг хүмүүс шууд хүлээгээд авчихдаггүй шүү дээ, тиймээс эхний хэдэн жил Дата төв гэж ямар үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэх мэтчилэн олон нийтэд таниулах сургалт, сурталчилгааны ажил их хийгдсэн.
-Танай төвөөс гаргаж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний талаар ярина уу?
-Манай төвийн үндсэн үйл ажиллагаа нь вэб байршуулах, “gov.mn” домэйн нэр олгох, зохиомол сервер болон зогсуур түрээсийн үйлчилгээг төрийн байгууллагуудад үнэ төлбөргүйгээр үзүүлдэг. Мөн иргэдийн сайн мэдэх ТҮЦ машиныг 2015 оноос хариуцаж, үйлчилгээний хэвийн, тасалдалгүй ажиллагааг ханган ажиллаж байна.
Дээрх үндсэн үйлчилгээнээс гадна Үндэсний дата төв нь төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шат дараатай ажлуудыг хийж байна. Тухайлбал, нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хариуцан ажиллаж тоон гарын үсгийг иргэн аж ахиун нэгжид олгох боломжийг бүрдүүлэх, “МИХХ” интернетийн харилцан холболт, “DCERT” кибер түргэн тусламжийн үйлчилгээ, “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем, “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системийн үйл ажиллагааг манайх хариуцан ажилладаг.
-Төрийн үйлчилгээг цахимжуулах асуудал яригдаад олон жил болж байна. Үүнд Дата төвийн үндсэн зорилго чиглэдэг гэж ойлгодог, зөв үү?
-Тийм ээ. Дата төв нь дээр дурдсан үйлчилгээнүүдээ тасралтгүй үзүүлэхээс гадна Монгол Улсад цахим засгийг хөгжүүлэх, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Дижитал үйлчилгээ нэмэгдэх тусам төсвийн зардал буурч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэж, төрийн үйлчилгээний үргүй зардал, хүнд суртал багасах болохоор төрийн дижитал шилжилтийн экосистемийг боломжит богино хугацаанд бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг болоод байгаа. Дата төв энэ чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим засгийг хөгжүүлэх, төрийн дижитал шилжилт гээд ойролцоо мөртлөө ялгаатай хэд хэдэн ойлголт ихээр яригдах болсон. Цахим засаг, мобайл засаг, ухаалаг засаг гээд яриад байвал олон зүйлс бий. Гэхдээ зарчмийн хэд хэдэн асуудлыг нь тодорхой ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн бидний үйлчилгээ үзүүлж, авч байгаа төр болон хувийн хэвшил, иргэний харилцааны хэлбэрийг дараагийн түвшинд л гаргах гээд байгаа юм. Түүнийгээ бид цахим засаг гэж нэрлэж байна. Цахим засгийг хөгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд товчхондоо бол төрийн үйлчилгээг цахимжуулах замаар, төрийн дижитал шилжилт хийнэ гэж ойлгож болно.
Дижитал шилжилт гэдэг нь ерөнхийдөө өнөөгийн байгаа нөхцөл байдлаасаа дараагийн өөр түвшинд хүрэхийн тулд тодорхой хэмжээнд хийгдэх процесс гэж ойлгож болно. Ингэхдээ мэдээллийн технологийн дэвшилтэт технологи, арга барил ашиглан хуучны уламжлалт арга барилыг халах замаар цогц шилжилт хийж дижитал шилжилт хийх экосистемийг бүрдүүлэх шаардлагатай юм.
Энэ зорилгыг хэрэгжүүлэхээр бид зургаан төрлийн суурь системийг тодорхойлоод байгаа бөгөөд одоогийн байдлаар “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем, “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн систем гэсэн хоёр системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна.
-Та нэлээн олон зүйлийн талаар ярилаа. Эхлээд “ХУР”, “ДАН” системийнхээ талаар жаахан дэлгэрүүлж яривал болох уу. Хэр амжилттай явж байгаа вэ. Цаашид ямар ажил хийгдэх бол?
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Засгийн газрын баталсан баримт бичгүүдэд тулгуурлан “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг хөгжүүлэн, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цахим засгийг хөгжүүлэхэд хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь мэдээлэл солилцооны систем байдаг. Мэдээлэл солилцооны систем нь төрийн байгууллага хооронд, төрөөс иргэдэд, төрөөс бизнесийн байгууллагад, бизнесийн байгууллагаас төрд гэх мэтчилэн хэд хэдэн зарчмаар ажилладаг.
Монгол Улсад нийт 616 төрийн үйлчилгээ байдаг. Үүнээс цахим хэлбэрээр үзүүлэх боломжтой 496 үйлчилгээ байгаа бөгөөд 80 хувь нь цахим хэлбэрт шилжээгүй байгаа талаар холбогдох байгууллагаас хийсэн судалгааны дүн гарсан. Мөн төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээгүйгээс хамгийн багаар бодоход жилд иргэдэд 153 тэрбум, төсөвт 166 тэрбум төгрөгийн дарамт учирч байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний үргүй зардал гарч байгаа талаар судалгаанд дүгнэсэн байсан. “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг нэвтрүүлснээр иргэд болоод төсөвт учирч буй дээрх 319 тэрбум төгрөгийн үргүй зардлыг бууруулах боломж бүрдэж байгаа. “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системд нийт 87 веб сервисийг хөгжүүлсэн нь тэдгээр 496 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж өгсөн. Одоогоор төрийн 31, банк санхүүгийн 25 байгууллага гэх зэргээр нийтдээ 86 байгууллага “ХУР” системд холбогдож хандах эрх олгогдоод байна. Нийт 15 сая гаруй удаа мэдээлэл солилцох хүсэлтийг боловсруулж, хариу илгээсэн байна. Хувийн хэвшилтэй холбоотой нэг л жишээ хэлэхэд 2017 оны эцсийн байдлаар иргэд арилжааны банкнаас 6,2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл авснаас 2,8 их наяд төгрөгийн цалингийн зээлийг 417 мянган иргэн авсан байдаг. Ингэхдээ нэг иргэний зээлийн материал бүрдүүлэх зардлыг хамгийн багаар 9000 төгрөг гэсэн судалгаа байсан ба нийт 417 мянган иргэн 3.7 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.
Уг системийг ашигласнаар цаашдаа төр болон хувийн хэвшлээс үйлчилгээ авахад дугаарлах, олон цагаар хүлээх зэрэг асуудлууд үгүй болж бүх үйлчилгээг цахимаар, хялбараар авах боломжтой болох юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна, “ХУР” систем бол зөвхөн мэдээлэл дамжуулах үүрэгтэй, өөрөө ямар нэгэн мэдээлэл агуулаагүй, хадгалаагүй, мөн “ХУР” системд холбогдсон байгууллага дураараа иргэний мэдээлэлд хандаад байгаа хэрэг огт биш, заавал тухайн иргэн өөрөө биеэр очсон бол хурууны хээгээр баталгаажуулж байж мөн тухайн үйлчилгээний ажилтан өөрийгөө баталгаажуулж байж тухайн иргэний зөвшөөрсөн мэдээлэлтэй танилцаж байгаа юм.Тэгэхгүй бол манай системтэй холбоотой буруу ташаа ойлголт нилээн байгаа санагдсан, энэ ч магадгүй бидний мэдээлэл, сурталчилгааны ажил муу хийгдсэнтэй холбоотой байх.
Энэхүү системийг дотоодынхоо хүний нөөцөд тулгуурлан хөгжүүлснээр улсын төсвөөс ихээхэн хөрөнгө хэмнэсэн ба Монгол Улсын хэмжээнд ашиглагдах томоохон системийг зардал багатайгаар бий болгох боломжтойг харуулахыг зорьж байна. Ажлынхаа үр дүнд бид сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ мэдээж хэрэг ямар ч систем нэг удаа хөгжүүлэлт хийгээд бүрэн гүйцэд болчихгүй, цаашдаа сайжруулах зүйл их бий.
Харин “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг 2018 оны 10 дугаар сард “sso.gov. mn” домэйн нэрээр үйлчилгээнд нэвтрүүлсэн. Ямарваа нэг үйлчилгээг онлайнаар үзүүлэхэд тухайн “хэрэглэгчийг онлайн орчинд хэрхэн таньж баталгаажуулах вэ?” гэсэн асуудалтай олон байгууллага тулгардаг. Тэгвэл манай систем төрийн болон хувийн хэвшлийн ямар ч байгууллагын систем онлайнаар үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчийг нэгдсэн нэг системээр таньж баталгаажуулах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Хэрэглэгч “ДАН” системийг ашиглан нэвтрэхдээ Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцээс олгогдсон тоон гарыг үсэг эсвэл өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараа ашиглах боломжтой.
Үндсэндээ burtgel.mn, smartcar.mn гэх мэт төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас цахимаар үйлчилгээ авахдаа нэгдсэн нэг хэрэглэгчийн эрх ашиглан нэвтрэх боломжтой гэсэн үг юм. Энэ системд одоогоор 21 байгууллага хандах эрхээ авснаас найман байгууллагын есөн систем холбогдоод байна.
Түүнчлэн улсын хэмжээнд ухаалаг төхөөрөмжийн нэгдсэн бүртгэлийн систем бий болгох, ухаалаг төхөөрөмжийн хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар болон үүрэн холбооны операторуудтай хамтран уг системийг “Smartdevice.mn” цахим хаягаар үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Энэхүү систем нэвтэрснээр хэрэглэгч өөрийн алдсан, гээсэн ухаалаг төхөөрөмжийг цагдаа, үүрэн холбооны оператор болон иргэдийн тусламжтайгаар олох, иргэн тус системийг ашиглан хулгайн эд зүйл худалдан авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
-Та Дижитал шилжилтийн экосистем гэж ярилаа. Энэ чухам юу юм бэ. Энэ талаар уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Дэлхий нийтээр төрийн болон бизнесийн байгууллагын боломжит бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байна. Энэ нь иргэдийн цаг зав болоод санхүүд ихээхэн тустай гэдгийг хүн бүр мэддэг болсон. Манай улсын хувьд дэлхийн хөгжингүй орнуудын дижитал шилжилтээс хоцролгүй, туршлагаас нь судалж, нэвтрүүлэхэд онцгой анхаарах ёстой.
Экосистем гэдэг ойлголт зөвхөн экологи дээр сонсдог байсан бол өнөөдөр бүх зүйлийг экосистем хэлбэрээр бүрэн цогцоор нь харж төлөвлөж, шийдэж байж амжилтанд хүрдэг болсон. Иймээс бид өөрсдийн гэсэн төрийн дижитал шилжилтийн экосистемийн загварчлалыг бий болгож түүний гол бүрэлдэхүүн болсон суурь системүүдийг тодорхойлж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ цахимжих нөхцөл бололцоо бүрдэнэ гэж ойлгож болно. Суурийг нь сайн тавьсан тохиолдолд цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд төвөггүй. Бидний хийж байгаа ажил энэ чиглэлд явж байгаа.
Үндсэн суурь гэдэг ойлголт нь өөрөө дэд бүтэц юм. Дэд бүтэц гэдэгт бол дата төвийн үндсэн дэд бүтцээс гадна, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын найдвартай сүлжээний холболт, хэрэглэгч буюу иргэдийн онлайн хэлбэрээр үйлчилгээ авах хүртээмжтэй байдал зэрэг багтана.
Манай улсын хувьд өнгөрсөн 10 гаран жилд үндсэн дэд бүтцээ хөгжүүлэхэд салбарын зөв бодлого, хувийн хэвшлийнхний хичээл зүтгэл, хөрөнгө оруулалтын үр дүнд харьцангуй боломжийн түвшинд хүрчихээд байна.
Үндсэн суурь дэд бүтэц дээрээ тулгуурлан суурь системүүд болох платформуудыг зөв тодорхойлж хөгжүүлж, нэвтрүүлснээр төрийн гэлтгүй бизнесийн байгууллагаар дамжуулж иргэд үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Дижитал шилжилтийн экосистемийн суурь системүүд болох Мэдээлэл солилцооны систем, Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем, Иргэнд мэдээлэх систем, Цахим төлбөр тооцооны нэгдсэн систем, Цахим албан хэрэг хөтлөлтийн систем, Клаудад суурилсан орон зайн мэдээллийн систем гэх мэт системүүдийг бий болгохоор ажиллаж, эхнээс нь үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
-Төрийн байгууллагуудын сервер, мэдээллийн сан танайд байрлаж, танайхаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгодог, зөв үү?
-Төрийн байгууллагуудад мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг манайх үзүүлдэг. Манай төв дээр төрийн зарим байгууллагуудын хуулбар мэдээллийн сангууд байршиж “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем болон ТҮЦ машинаар дамжин иргэдэд цахим үйлчилгээг хүргэхэд ашиглагдаж байна. Хүсэлт гаргасан төрийн бүх байгууллагад төвийнхөө нөөц бололцооны хүрээнд бүх төрлийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай, чанартай хүргэх нь бидний үүрэг.
Монгол Улсад нийт 616 төрийн үйлчилгээ байдаг. Үүнээс цахим хэлбэрээр үзүүлэх боломжтой 496 үйлчилгээ байгаа бөгөөд 80 хувь нь цахим хэлбэрт шилжээгүй байгаа талаар холбогдох байгууллагаас хийсэн судалгааны дүн гарсан. Мөн төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээгүйгээс хамгийн багаар бодоход жилд иргэдэд 153 тэрбум, төсөвт 166 тэрбум төгрөгийн дарамт учирч байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний үргүй зардал гарч байгаа талаар судалгаанд дүгнэсэн байсан. “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг нэвтрүүлснээр иргэд болоод төсөвт учирч буй дээрх 319 тэрбум төгрөгийн үргүй зардлыг бууруулах боломж бүрдэж байгаа.
-Нууцлал, аюулгүй байдал чухал нь дамжиггүй. Хамгаалалт, дархлаа бүрэн хангагдаж чадсан уу?
-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэдэг нь зөвхөн нэг удаа үнэтэй программ хангамж, систем худалдан аваад шийдвэрлэчих боломжгүй, нэгдсэн ойлголт юм. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг тасралтгүй, тогтмол авч хэрэгжүүлж байх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалт маш их шаарддаг асуудал. Мэдээллийн технологи өдөр тутам өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдлын асуудал ч мөн түүнийг дагаад тогтмол өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа тул системийг хариуцан ажиллуулж байгаа байгууллага тасралтгүй хөрөнгө оруулалтаар өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авах, системийг ашиглаж буй хэрэглэгч нар тус бүрдээ өөрсдөөс хамаарах үүрэг, хариуцлагыг бүрэн биелүүлж байх ёстой.
Төрийн байгууллагуудтай холбоотой мэдээллийн аюулгүй байдлын асуудал их гардаг. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Манай улсын хувьд Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй, мөн түүнийг дагаж гарах шаардлагатай стандарт, журмууд хангалттай бус зэргээс шалтгаалан эрх зүйн орчин дутмаг байсаар байна. Энгийн нэг жишээ хэлэхэд нэг төрийн байгууллага вэб аппликэйшн хувийн нэг компаниар гүйцэтгүүлж нэвтрүүллээ гэж бодъё л доо. Тэгэхдээ ямар хууль тогтоомж, стандарт, журмын дагуу аюулгүй байдлыг хангахаар захиалж, гүйцэтгэгч байгууллага нь мөн ямар хууль, стандарт, журам мөрдөж гүйцэтгэх нь тодорхойгүй байдлаас болоод мэдээллийн аюулгүй байдлын хувьд хангалтгүй системүүд бий болсоор байгаа. Тэгээд тухайн төрийн байгууллага манай төвд хандан виртуал сервер дээр тухайн вэб аппликэйшнээ байршуулчихдаг.
Бидний зүгээс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тухайн системд аюулгүй байдлын шалгалт, үзлэг хийдэг ба ямар нэг алдаа цоорхой илэрсэн тохиолдолд тухайн төрийн байгууллагад засварлуулах талаар ханддаг боловч харамсалтай нь ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Үр дүнд нь тухайн төрийн байгууллагын вэб аппликэйшн халдлагад өртлөө гээд манай төвийг шууд буруутгадаг зүйл их гарч байгаа. Нэг үгээр хэлэхэд төр цахим систем захиалж, хөгжүүлүүлж нэвтрүүлэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн стандарт, дүрэм, журам, зохицуулалт байхгүй нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байна гэсэн үг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь тухайн сүлжээ, системд оролцогч бүх талуудыг хамтын ажиллагааны үр дүнд сайжрах ёстой гэдгийг дэлхий дээр анх 1980-аад оны сүүлээс томоохон улс орнууд ойлгосон байдаг ч манай улсын хувьд өнөөдрийг хүртэл хангалттай ойлгож өгөхгүй л байна. Гэхдээ тэглээ гээд вэб аппликэйшн хөгжүүлэхгүй, цахим үйлчилгээ нэвтрүүлэхгүй гэж болохгүй л дээ, хэрхэн сайжруулах вэ, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгтээ анхаарч шийдвэрлэх нь чухал. Хэдхэн жилийн өмнө мэдээллийн аюулгүй байдлыг хэн ч тоодоггүй анхаардаггүй байсан шүү дээ, гэтэл сүүлийн үед мэдээллийн аюулгүй байдал гэж их ярьж шуугиж байгаа нь нөгөө талаараа бол бас сайн талтай гэж харж байгаа. Бид мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар нэгдсэн зохион байгуулалттайгаар шат дараатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.
-Дата төв өнөөдрийн байдлаар үүргээ бүрэн гүйцэтгэх чадавхаар бүрэн хангагдаж чадсан уу. ДАТА төвийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Манай төв байгуулагдаад энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна. Мэдээж хэрэг өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөл тодорхой хэмжээнд хийгдсэн боловч ихэнх тоног төхөөрөмжийн хувьд насжилт ихтэй болчхоод байна. Дэд бүтэц гэдэг их хэцүү л дээ их хэмжээний хөрөнгө оруулалтыг тодорхой хугацааны интервал тутамд хийж байхгүй бол хуучирч муудах, эвдрэл гэмтэл их гарах, эргээд найдвартай ажиллагаанд нөлөөлж эхэлдэг. Иймээс хөрөнгө оруулалт гэдэг дата төвийн хувьд бол маш чухал. Манай төвийн хувьд нөөц төвтэй болох асуудал үүсгэн байгуулагдсан цагаасаа л хойш яригдаж эхэлсэн. Мэдээж хэрэг манай төвийн үе үеийн удирдлагууд нөөц төвтэй болгох талаар хөөцөлдсөөр ирсэн.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд энэ жил манай төвийн нөөц төвийг Дархан-Уул аймагт байгуулж энэ жилдээ ашиглалтад оруулахаар төслийн ажил эхлээд байна. Энэ төв нь дэлхийн стандартад нийцсэн TIER3 түвшний Дата төв болох бөгөөд үндсэн Дата төвийн нөөц байдлаар ажиллах юм.
Мөн “Ухаалаг засаг” төслийн хүрээнд манай үндсэн төв дээр өргөтгөлийн ажлууд энэ жил хийгдэхээр төлөвлөгдөн ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй байх.
Эдгээр бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажлууд хийгдсэнээр манай төвийн үндсэн дэд бүтцийн хэвийн найдвартай ажиллагаа хангагдах бөгөөд суурь системүүдийг найдвартай, аюулгүй ажиллуулах техникийн боломж бүрдэнэ.
Байгууллагынхаа ирээдүйг бол маш өөдрөгөөр харж байгаа. Ойрын 3-4 жилд хэвийн найдвартай ажиллах техникийн боломжтой болсноор төрийн дижитал шилжилтийн суурь системүүдийг нэвтрүүлэх техникийн чадавхтай болно. Ингэснээр төрийн болон бизнесийн байгууллагад үйлчилгээгээ хүртээл болгож, цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд гол суурь дэд бүтэц, түлхэх хүч болж ажиллана гэж бодож байна.
-Энэ жил Дата төвийн 10 жилийн ой болж байгаа юм байна. Ойгоо угтаж ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
Арван жилийн ойн хүрээнд хийгдэх хамгийн том ажил бол нөөц төвөө ашиглалтанд оруулж нээлтийг нь хийнэ. Бусад олон арга хэмжээг хийхээр төлөвлөж байгаа. Заримаас нь дурдвал, энэ жил “Скайтел” компанийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан манай хоёр байгууллага хамтран ирэх тавдугаар сард Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын 98 жилийн ойн спортын арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн төрийн байгууллагуудад зориулсан “Мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж, үйлчилгээнийхээ хүртээмжийн талаар, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар санал бодол солилцоно.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.