Д.Эрдэнэ
Манай улс өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр орнуудын тоонд ордог. 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг бөгөөд тэдний 14.1 хувь нь үр хөндүүлдэг гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан удаатай. Үүнээс өсвөр үеийнхний бэлгийн боловсролын мэдээлэл хангалтгүй байгааг харж болно. Энэ хүрээнд хүүхдийн бэлгийн боловсролын талаар боловсрол судлаач Г.Төмөрзаяатай ярилцлаа.
-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ яг хэдэн наснаас нь эхэлж бэлгийн боловсролын тухай яривал зохимжтой юм бэ?
-Хүүхэд 2-3 насандаа анх бэлгэ эрхтнээ сонирхон таньж эхэлдэг. Янз бүрээр зогсож шээж үзэж, өөрийнхөө бэлгэ эрхтнийг барьж, оролдож үзнэ. Энэ насны хүүхэд бэлгэ эрхтнээрээ оролдох нь тийм ч буруу, айх зүйл биш боловч үргэлж оролддог, түүгээрээ уйдаагаа гаргадаг болгож болохгүйг анхаарах хэрэгтэй. Харин оролдоод эхлэх үед нь “Боль, болохгүй, баба” гэж чанга дуугаар ширүүн хэлэхээсээ илүүтэй тэрхэн зуур анхаарлыг нь өөр зүйлд чиглүүлж мартуулах үйлдлийг хийх нь зүгээр. Мөн хүүхэд 4-5 насандаа хүйсийн ялгаагаа мэдэж охид аавдаа, хөвгүүд ээждээ илүү сайн ханддаг болдог. Мөн энэ үед эсрэг хүйсийн найз охин, хөвгүүнтэй болж тэднийгээ илэх, үнсэх, тэдэндээ чихэр өгөх сонирхолтой болно. Энэ үеэс нь бэлгийн боловсролын асуудал, сэдвийг зугуухнаар ярилцаж, энэ талын мэдээ мэдээллийг хүүхдийнхээ чихэнд дасгаж байх нь зөв юм. Мөн “Бэлгэ эрхтэн нь зөвхөн чиний нандин зүйл” гэдгийг маш сайн ухааруулах нас.
Түүнчлэн эсрэг хүйстнээ сонирхож буйг нь хэт өхөөрдөн эрлүүлж, хэт хориглон эсэргүүцэж болохгүй. Харин хацар дээр нь үнсэж, гараас нь хөтөлж, тэвэрч, хамтдаа тоглож хайрлаж болно гэдгийг нь тайлбарлах нь чухал. 4-5 насныхан “Би хаанаас гарсан бэ” гэж их асуудаг болдог. Энэ үед нь “Аав, ээжийнхээ хайран дундаас гарсан” гэх мэтээр бодит байдал руу дөхүүлж хариулах хэрэгтэй. Мөн бэлгэ эрхтний тухай зурагт ном үзэх, амьтдаар дамжуулан эр, эм хүйсийн ялгаа, онцлогийг таниулаарай. Хэт хийсвэр, буруу хариулт хэлж, худал тайлбарлахгүй байх нь хүүхдэд маш чухал юм. Онцолж хэлэхэд “Бэлгийн боловсрол +2” гэсэн ном номын дэлгүүрүүдэд худалдаанд гарсан байсан. Энэ үнэхээр сайшаалтай санагдсан шүү.
-Анзаараад байхад хүүхэд зургаан наснаас эхлэн бусдын хажууд хувцасаа тайлах, өмсөх дургүй болдог юм шиг. Өөрөөр хэлбэл, нүцгэн байх нь ичих зүйл гэдэг ойлголттой болж байна. Энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн харилцан ойлголцох ёстой вэ?
-5-7 насанд эсрэг хүйстнээсээ ичих, нэрэлхэх, хажууд нь бардамнах шинжүүд илэрнэ. Хувцасаа солихдоо нуугдаж, биеийн хэсгээ халхалдаг болдог. Иймээс зургаан наснаас нь эхлэн хувцасаа тусдаа өрөөнд орж солих боложийг олгож өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн биеийн анатомын бүтцийг номоор дамжуулан ярилцвал илүү үр дүнтэй. Мөн аав нь хүүгээ, ээж нь охиноо дагуулан халуун ус, саунд орж хэвшээрэй. Энэ нь хүүхдийн өсвөр насанд хөвгүүдтэйгээ нойтон зүүд, БЗХӨ-ний талаар охидтойгоо сарын тэмдэг, жирэмслэлтийн талаар нууж хаалгүй ярилцдаг болоход тань бие халаалт болох юм. Харж байхад манай ээж аавууд бэлгийн боловсролыг өсвөр насанд нь ярина гэж ойлгодог. Бас бэлгийн боловсрол гэхээр зөвхөн бэлгийн харилцааны тухай гэсэн төсөөлөлтэй байдаг тал бий.
-Хөвгүүдийн бэлгэ эрхтэнд хүрч, “тамхилах” нь маш буруу гэж түрүүн дурдсан. Гэтэл эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ өхөөрдөж байгаа нэг хэлбэр нь, энэ. “Тамхилах” нь яг ямар сөрөг нөлөөтэйг дэлгэрүүлж яриач?
-“Алив нэг тамхилчихъя” гээд хөвгүүдийн эрхтэнд дураараа хүрдэг. Гэтэл энэ үйлдлээс хүүхэд таашаал авдаг болох магадлал өндөртэй. Дээр нь нандин зүйлд нь дурын хүн хүрэхийг зөвшөөрдөг болчихож байгаа юм. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай. Хэдийгээр бид бэлгийн боловсролын асуудлыг нууж хаалгүй ярих ёстой ч зохистой хэмд байлгах ёстойг бас мартаж болохгүй. Тухайлбал, охид ээжтэйгээ, хөвгүүд аавтайгаа бие засах өрөөнд орох ёстой гэх мэт. Мөн өөрийнхөө нууцлаг газрыг харахаас ичихгүй байхаас гадна бусад хүмүүс хараад ичингүйрнэ гэдгийг мэддэг байх нь бас л нэг бэлгийн боловсрол юм.
-Хүүхдийн балчир буюу 2-7 насанд бэлгийн боловсролыг эцэг, эхчүүд маань ярилцах маягаар зугуухан олгож болох нь. Тэгвэл яг хэдэн наснаас мэргэжлийн эмч, багш нарын зөвлөмжийг өгөх ёстой юм бол?
-Охид 10 нас хүрч эхлэхэд хөх ургах, хөвгүүдийн 11 наснаас дуу хоолойны өнгө өөрлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Цаашлаад биеийн нууц газруудад үс ургах, хөлсний үнэр ялгарна. Энэ үеэс мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар бэлгийн боловсролыг ярьж болно.
Өнөөдөр 17, 18-тай хөвгүүд БЗХӨ-ийг зөвхөн ДОХ-оор мэддэг, төсөөлдөг жишээ цөөнгүй байна. Гэтэл бэлгийн замын маш олон төрлийн өвчин бий бөгөөд үргүй болгох хэмжээний хор уршигтай гэдгийг ойлгуулах шаардлага бас л байна. Мөн охидод “Гэдсээ чирээд ирэв ээ” гэж хэлэх нь байнга шахуу сонсогддог. Энэ яг юу гэсэн үг вэ. Үүний оронд охидын сарын тэмдэг ирсэн тэр үеэс чи жирэмслэх боломжтой болж байгаа юм шүү гэдгийг ойлгуулах ёстой. Гэтэл охид тэр дундаа 12-13 насныхан маань том болоод насанд хүрсэн хойно л жирэмсэн болдог гэсэн ойлголттой, үүн дээр ч маш их алддаг. Нөгөө талаас ээжүүд охиддоо аавтай нь анх бэлгийн харилцаанд хэрхэн орж байсныг эелдэгээр нуулгүй ярьж, ямар нандин зүйл вэ гэдгийг хэлэх ёстой. “Өдий хүртэл бид хоёр бие биенээ хайрлаж байна” гэх зэргээр. Өөрөөр хэлбэл, бэлгийн харилцаа нь хайр байж байж хийдэг зүйл гэдгийг өөрсдийн түүхээр дамжуулж хэлэх хэрэгтэй. Бэлгийн боловсрол гэдэг маань энэ мэт энгийн зүйл шүү дээ.
-Ээжүүдийн группт “Дотно харилцаанд орж байгаад хүүхдэдээ баригдчихлаа. Одоо яах бол, яавал дээр вэ” зэрэг санаа зовнисон асуултууд маш их байдаг. Энэ асуултад та хариулаач?
-Эцэг, эхчүүд маань 2, 3 настай хүүхэд юу мэдэх юм гэж бодоод дэргэд нь сексийн харилцаанд ороод байдаг. Энэ нь болохгүй асуудал юм. Тухайн үед хүүхэд түүнийг ойлгож мэдэхгүй л дээ. Гэхдээ тэр хандлагыг харчихдаг. Тэгээд тоглож наадахдаа нөгөө үйлдлийг нь үзүүлэх, тоглоомоороо орлуулан тоглох үйлдэл гаргадаг. Ийм буруу зуршилтай болчихсон нэг биш хүүхэд мэдэх юм. 4, 5 настай хүүхэд өдрийн унтлагын цагаар огт унтахгүй, өөрийгөө оролдоод байдаг. Тэр хүүхдүүдийг удаан ажиглаад, судлаад үзэхээр дандаа ганц бие ээж, аавуудын хүүхэд байх жишээтэй. Нээлттэй байх ёстой гээд үйлдлээ харуул гэсэн үг биш шүү дээ.
Харин ээж, аав нь хүүхдийнхээ дэргэж гар гараасаа хөтлөөд, бие биенээ аз жаргалтайгаар үнсэх бол өөр хэрэг.