УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын цахим хаягнаас /drmlts Жадамба Энхбаяр/ өнөөдөр өглөөний 09:00 цагийн орчимд "Өргөдлөө өгөхөөр шийдлээ. Үхрээ маллаад сайхан амьдарч чадна гэж үзлээ. Баярлалаа та бүхэндээ. Уучлаарай" хэмээн жиргэжээ.
Тэрээр ЖДҮХС-аас үхрийн ферм дээрээ зээл авч, төрийн өндөр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж буй. Түүний зээл авсан компаний хаягаар шалгалт хийхэд сайн үүлдрийн үхэр үржүүлэх үйл ажиллагаа явуулдаг байжээ.
Түүний ийнхүү цахим хаягаараа жиргэсэн нь ЖДҮХС-аас зээл авсандаа өөрийгөө буруутгаж, албан тушаалаа хүлээлгэн өгч хариуцлагаа хүлээж байна гэж ойлгогдохоор аж.
Гэтэл нэг цагийн дараа /Enkhbayar_MP Ж.Энхбаяр/ гэх хаягнаас дахин жиргээ оруулжээ. Энэ удаад "Миний өмнөөс хуурамч хаяг нээж худлаа жиргээд байгаа энэ нөхрийг кипер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгсөн айпи хаягаар нь олсон гэнэ. Ямархуу нөхөр байна. Харуулнаа" хэмээн дахин жиргэжээ.
Өөрөөр хэлбэл энэ хоёр хаягын аль нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр жинхэнэ хаяг эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Учир нь ихэнх твиттер албан ёсны хаяг твиттерээс баталгаажуулсан цэнхэр тэмдэгтэй байдаг бол Ж.Энхбаяр гишүүний гэх дээрх хоёр жиргээ хоёулаа ийм цэнхэр тэмдэглэгээгүй байгаа ажээ.
Бусад УИХ-ын гишүүдийнх ийм цэнхэр тэмдэглэгээтэй байдаг.