Циркийн урлагтай өөрийн амьдралаа 47 жил холбосон “Шинэ цирк” төвийн тэргүүн, найруулагч Д.Зоригт “Монгол циркийн товчоон” нэртэй хоёр цуврал ном эмхтгэн олны хүртээл болгоод байгаа билээ.
Тэрбээр, “Миний амьдрал 1972 оноос хойш циркээс “уяатай” яваа. Монголын циркийн тухай хэвлэлүүдэд нийтэлсэн материалуудыг би 2001 оноос цуглуулахдаа хаана ч, хэзээ ч үзүүлсэн хөдөлшгүй баримтат түүх гэж нэг талаар бодсон. Нөгөө талаар тэдгээрийг би биш, циркийнхэн ярьсан, сэтгүүлч, сурвалжлагч нар газар дээр нь очиж, үзсэн, мэдсэнээ бичсэн болохоор баталгаатай, олон эх сурвалж болно. Ингэж бодож цуглуулсан материалуудаа 2011 онд эмхтгээд ном болгохыг хүссэн ч амжихгүй явсаар өдий хүрчхэж.
Улсын цирк маань хувьд очоод 12 жил болсон байна. Уг хувьчлалын үеэр циркчид маань хувьдаа 30 гаруй продакшин болж өрх тусгаарласан ч уран бүтээлээ орхигдуулахгүй хийж байна.
Монголын циркийн төлөө дөрвөн холбоод ажиллаж байна. Үүнд “Монголын циркчдийн холбоо”, “Монголын мэргэжлийн циркчдийн холбоо”, “Монголын циркийн ахмад зүтгэлтнүүд холбоо”, “Монголын залуу циркчдийн холбоо” ажиллаж, 30 гаруй продакшин ажиллан уран бүтээлээ туурвиж байна.
Циркийн хувьчлалын талаар ганцаараа 10 гаруй жил ярилаа. Өнөөдрийн байдлаар циркийн хөгжил маань 10 гаруй жилээр хоцорсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын циркчдийн 95 хувь нь гадаадад уран бүтээлээ толилуулсан байна. Ер нь бол манай уран бүтээлчид гадаадын томоохон цирк, шоу тоглолт, амралтын газарт үзүүлбэрээ үзүүлдэг.
Гэхдээ том том уран бүтээл хийх газар, боломж нь бүрдэж өгөхгүй байна. Үндсэндээ циркийн жүжигчид маань ямар ч харьяалалгүй, уран бүтээлийн, боловсон хүчний бодлого, гадаад, дотоодын тоглолт зэрэг энэ бүхнийг зангидан харьяалалтай байгууллага байх хэрэгтэй байна. Улсынхаа нэрийн өмнөөс тоглодог тул улс нь аав шиг нь хэрэгтэй цаг үе ирсэн.
Өнөөдрийн байдлаар гадаадад тоглож байгаа циркчдийн хувьд эргэж хандах байгууллага байхгүй, томоохон тэмцээн уралдаанд байр эзэлсэн тохиолдолд шагналд тодорхойлох газаргүй, ахмад циркчиддээ нийгмийн халамж үзүүлэх боломжгүй циркчдийн хувьд хаягдсан хүүхэд шиг хэсүүчлэн амьдарч байна.
Манай циркчдийн хувьд уран нугаралт, морьтой үзүүлбэр, акробат, үсрэлт, шидэх банз гэсэн төрлөөр илүү хичээллэж дагалдах амьтны үзүүлбэрүүд маань орхигдон хөгжихгүй байна" хэмээсэн юм.