АНУ-д зөвхөн цагаан арьстнууд л амьдрах ёстой гэсэн үзэл их гардаг. Энэ үзлийг Facebook компани цаашид дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
Энэ сарын эхэнд Шинэ Зеландын Крайстчөрч хотын исламын сүмүүдэд халдлага гарч 50 хүн амиа алдсан. Гэмт этгээд Facebook-р халдлагыг шууд дамжуулан үзүүлсний дараа олон улсын Засгийн газрууд хурцаар шүүмжлэн буруутгаж энэ мэтчилэн террорист, хэт даврагсдын контентуудыг хатуу хянаж хориглохыг олон нийтийн цахим сүлжээнүүдээс шаардсан.
Facebook компани халдлага гарснаас хойш 24 цагийн дотор Крайстчөрч хотын халдлагын 1,5 сая бичлэгийг устгасан гэдгээ мэдэгдэж байсан бол цаашид илүү нарийн хяналттай болохоо амлаж байна. Урьд өмнө нь жижиг ястан үндэстнүүдийн улс байгуулах, салан тусгаарлах зэрэг пост, групп, уриалгыг тус сүлжээнд зөвшөөрдөг байжээ. Харин ирэх долоо хоногоос эхлэн цагаан арьстнуудын хэт үндсэрхэг үзэл, салган тусгаарлалт түүнийг дэмжсэн контентуудыг хориглоно.
Тухайлбал “би цагаан арьст үндэстэн гэдгээрээ бахархдаг”, “АНУ-д зөвхөн цагаан арсьтнууд л амьдрах ёстой” зэрэг уриа үгнүүдийг ч олон нийтэд түгээхгүй гэсэн байна. Мөн хэт даврагсад, үзэн ядагчдын пост, комментыг нийтлэхгүй гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com