УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг анх УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ахалж байсан ч явцын дунд ажлын хэсгийг өргөтгөж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан юм. Ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд таван дэд ажлын хэсэг байгуулж ажиллажээ. Тэд санал дүгнэлтээ Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, “Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа зэрэг үндсэн долоон чиглэлээр гаргасан байна. Улмаар ажлын хэсгийнхэн тайлангаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлжээ.