Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийг ирэх 23-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 2016 оны аравдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль болсон юм.
Тухайн үед 10 дугаар тойрогт нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, 19 дүгээр тойрогт нэр дэвшсэн Х.Өлзийхорол нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул Улсын дээд шүүхээс тухайн тойргуудад дахин сонгууль явуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Тиймээс дахин сонгууль явуулах болсон талаар нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээллээ.
Дахин сонгуульд дөрвөн намын найман төлөөлөл нэрээ дэвшүүлсэн байна. Мөн дөрвөн хүн бие даан нэр дэвшиж буй аж. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт зургаан нэр дэвшигч өрсөлдөх юм байна. Хоёр тойрогт санал авах таван байр байгаа бөгөөд нэр дэвшигчид энэ сарын пүрэв гарагийн 00.00 цагт сурталчилгаагаа зогсоох ёстой аж.