АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд тавих татвараа нэмлээ. Хятадаас импортолдог 6,000 ширхэг 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүний татварыг 10 хувиар нэмэхээр болжээ. Трампын гаргасан шийдвэр энэ сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмснээр олон жилийн турш хөгжин цэцэглэж ирсэн хоёр улсын эдийн засгийн харилцаанд том сэв сууж болзошгүй нөхцөл байдал үүслээ. 2017 оны байдлаар хоёр улсын худалдаа 375 тэрбум долларт хүрсэн.
Татвар нэмсэн импортын барааны төрөлд гар цүнх, будаа, нэхмэл даавуу зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд багтаж байна. Даваа гаригийн орой Цагаан ордон 300 төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг нэмэлгүй хэвээр нь үлдээхээр шийдсэн. Үүнд ухаалаг бугуйн цаг, бльютүт хэрэгслүүд зэрэг технологийн салбарын бүтээгдэхүүнүүд, унадаг дугуйны дуулга малгай, хүүхдийн суудал гэхчлэн эрүүл аюулгүй байдлыг хамгаалах тавилга эдлэл мөн химийн түүхий материалуудын татварыг нэмэлгүй үлдээжээ. Apple, Dell, Hewlett Packard Enterprise зэрэг дэлхийн томоохон технологийн компаниуд хэрэв татвар нэмбэл зардал, үнэ дагаж нэмэгдэнэ хэмээн эсэргүүцлээ илэрхийлсний дараа ийнхүү чөлөөлжээ.
Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнүүдийн татварыг 10 хувиар нэмэх тухай Цагаан ордон өнгөрсөн долдугаар сард урьдчилан мэдэгдэж байсан. 2019 он гараад АНУ-ын Засгийн газар Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварыг 25 хувь хүртэл нэмэхээ анхааруулсан. Ингэснээр Америкт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ импортын бараанаас хямд болно. Энэ нь дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжиж, улсын эдийн засгийг хөгжүүлнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Дональд Трамп энэ үйлдлээрээ Бээжинд хандан АНУ-ын компаниудыг технологийн мэдээллээ Хятадын компаниудтай хуваалц хэмээн шаардахгүй байх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тэтгэмж олгохоо болихыг сануулсан гэж тайлбарлаж байна. Тиймээс Хятадын засгийн газар цаашид ухаалаг хандана гэдэгт найдаж байна гэж Цагаан ордон үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.qz.com