- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр тус албаны дарга Д.Отгонжаргал сүлжээний хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тус албанд шалгагдаж байгаа томоохон хэргүүдийн нэг бол “Жи тайм” сүлжээний хэрэг аж. Уг хэрэгт нийтдээ 11734 иргэн хохирсон гэсэн байдлаар мэдүүлэг өгч шалгагдаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн шалгагдаж байгаа ч тэрээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлж одоогоор олдоогүй байгаа.
Энэ хэрэг дээр 6.9 тэрбум орчим төгрөг мөн 400-гаад сая төгрөгийн үнэтэй автомашин, 3 тэрбум орчим төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг тус алба хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн. Эдгээр эд хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар, дүүргийн шүүх болон дээд шүүхэд санал хүргүүлээд ажиллаж байгаа гэв. Хэргийн холбогдогч оргон зайлсан байгаа учраас хүний гэм буруугүй нь тогтоогдохоос өмнөх шатанд яаж хохирлыг барагдуулах вэ гэдэг тал дээр хүндрэл үүсээд байгаа талаар хэллээ.
Түүнчлэн уг хэрэгт Монгол Улсын нэг, Казакстан улсын нэг иргэн нийт хоёр хүн татагдсан. Монгол Улсын иргэн уг компанийн төлөөллийг хууль эрх зүйн орчинд шийдвэрлүүлж чадвал бид энэхүү битүүмжилсэн хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх боломжтой гэж үзэж ажиллаж байгаа гэв. Уг хэргийн улмаас хохирсон иргэд 26 тэрбум төгрөгөөр хохирсон гэснийг мэдүүлгийн явцад гаргасан.
Уг хэргийн талаар эргэн сануулахад, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан.
Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр сүлжээний бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.