Хүсэл сонирхлоо хобби, харин хоббигоо ажил хэрэг болгосон хүн ховор л байдаг. Ж. Жагаамаагийн чулуутай нөхөрлөсөн түүх сонин. Тэрбээр “Бид чулууг гоёл чимэглэл гэдэг утгаар ойлгодог ч чухам хэзээ, хаана, хэрхэн зүүх тухай төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл чулууны энерги шингээх, ойлгох, гэрэл нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөр өөр. Тэдгээр шинж чанарыг олон түвшинд судалж, олон янзаар ангилдаг. Чулуу нь эзэндээ эерэг энерги өгдөг гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Байгалийн чулуу хүний биед нь сайнаар нөлөөлдөг тул та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүй.Таны энерги тухайн хүний энергитэй холбогдож таагүй мэдрэмж төрүүлнэ. Чулуу нэг талаасаа гоо сайхан, нөгөө талаасаа эрүүл мэндэд ач холбогдолтой. Тиймээс эмчилгээний увдистай гэж ойлгож болно. Хүний эрүүл мэндэд нь шаардлагатай тодорхой өнгө дутсанаас өвчин үүсэх нь элбэг. Тиймээс дутагдсан өнгө, энергитэй чулууг нь сонгож зүүлгэх хамгийн тохиромжтой” хэмээн зөвлөж, гоёлыг нь урлаж үйлчлүүлэгчдээсээ урмын үг сонсох энэ бүсгүйн ажил надад их сонирхолтой санагдаж билээ. Чулуунд дурлаж, чулуутай ойлголцож чаддаг түүний хүсэл сонирхлын ертөнцөд та бүхэн тавтай морил.
Хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгож чадсан
-Хүмүүс байгалийн гэх зүйл рүү өөрийн эрхгүй тэмүүлдэг болжээ. Чулуугаар гоёл урладаг бүсгүй рүү зорин ирэх хүн олон байдаг биз?
Ажиглаад байхад хүмүүс алт, мөнгө, үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги, эрч хүч авахыг хүсдэг болжээ
-Намайг мэддэг хүн олон бий. Хүмүүс өөрт буй чулуугаар гоёлын зүүлт, ээмэг хийлгэе гээд бариад ирдэг. Байгалийн чулуу өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр өөр. Хаврын улирал эхлэхээр хүмүүс ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулуу сонгодог. Монголчууд эрт үеэс чулууг гоёл чимэглэл, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, шүр өртөг өндөртэй. Гоёлын хувьд тансаг хэрэглээ. Далайн гаралтай чулуу болохоор хар цагаан хэл ам, таагүй муу зүйлээс эзнээ хамгаалдаг гэж үздэг. Ногоолин чулууг нярай хүүхдийнхээ өлгийд хийхэд нүднээ үл үзэгдэх ад донгоос хамгаалдаг байжээ. Мөн улаан маныг эрүүл мэндийн чулуу гэлцдэг. Шөрмөс мана, усан мана чулуу дотроо болорын ургалттай, монголд хамгийн их олдоцтой. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гариг, эрхэсийн хэлбэртэй, янз бүрийн амьтны дүрс агуулсан байдаг. Газарзүйн байрлалын хувьд ийм чулуунууд Өмнөговь, Дундговь, Хэнтий аймагт бий. Тэр дундаа Өмнөговь аймагт байдаг уулын булга, усан болор чулуу цэвэр ариуныг бэлгэддэг. Чулуу болгон түүхтэй. Би ажлынхаа онцлог байдлаас хамаараад чулуу сонирхож судалдаг ч түүж олборлодоггүй. Надад очиж үзээгүй газар ховор. Нутаг нутгийн иргэд намайг чулуу хайж ирснийг сонсоод чулуугаа авчирч сонирхуулдаг юм. Одоо намрын улиралтай золголоо. Хүмүүс яг энэ үед цаг улирлын байдалдаа зохицуулж гоёлоо сонгодог. Чулуун гоёлоос шүр их эрэлттэй. Японоос терагерц, шүр, бразилаас алтан үст чулуу манайд ирсэн. Эдгээр чулуу энерги өндөртэй, эрүүл мэндэд ач тустай тул хүмүүс өдөр тутам зүүх гоёл болгон хэрэглэх болсон. Хэрэглээгээ дагаад захиалга ч ихэсдэг.
-Чулуу сонирхож судалдаг зан чинь таныг хаанаас ямар чулуу олж болох вэ гэсэн эрэл хайгуулд байнга хөтөлдөг юм биш үү?
-Монголчуудын ахуй амьдрал байгальтай ойр байдаг болохоор чулуутай олон жил нөхөрлөж ирсэн. Аливаа зүйл энергиэрээ таталцдаг шүү дээ. Чулуунд хүний сэтгэлийг татах увдис, өвчин анагаах энерги байдаг. Би хайж байсан турмалин чулуугаа өнгөрсөн жил олсон. Интернэтээс хайж, ойр дотны найзуудаасаа асууж сураглаж байсан болохоор ОХУ-аас авчирч өгсөн. Одоо опал, рубин чулууг сонирхон судалж байна. Турмалин чулуу өөртөө ягаан, ногоон, шар гэх зэрэг тод өнгө үүсгэдэг. Соронзон долгионыг бууруулдаг тул эрүүл мэндэд тустай. Энэ мэтчилэн эрсэн зүйл маань ямар нэгэн аргаар олдоод л байдаг юм. Сүүлийн үед эрдэмтэд шинжлэх ухааны салбарт нано технологи ашиглаад эхэлсэн байна. Энергийн төв, энергийн засал хийдэг газрууд хаш, турмалин, терагерц чулууг түлхүү сонирхож байгаа. Байгалийн чулууг энерги ялгаралт, хүмүүсийн эрүүл болъё гэсэн хүсэл сонирхол дээр тулгуурлаж эмчилгээний чиглэлээр худалдаж авдаг юм.
-Чулуу ямар энерги агуулдаг, тухайн хүндээ хэрхэн нөлөөлдгийг мэдэх амаргүй. Мэдээж багагүй судалсан байж л чулууны ертөнцөд нэвтэрнэ шүү дээ?
-Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй болохоор тухайн эзэндээ эрч хүч хайрлаж, урам зориг төрүүлдэг. Зарим чулууг харахаар өөрийн эрхгүй сэтгэл сэргэж баярладаг. Сайхан үйл явдал өрнөсөн газраас олдсон чулуу эзэндээ эерэг энерги өгдөг. Би хар мана зүүх дуртай. Сүүлийн үед терагерц, турмалин, усан болор зүүж байгаа. Ажиглаад байхад хүмүүс алт, мөнгө, үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги, эрч хүч авахыг хүсдэг болжээ. Японоос ирсэн терагерц чулуу нь 1 тера буюу 1.000.000.000.000 өндөр давтамжтай, мөс хайлуулах, хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүй байлгах зэргээр олон давуу шинж чанартай. Терагерц цацраг нь цахилгаан соронзон долгионы нэг төрөл юм. Энэ нь маш богино долгионы, өндөр давтамж бүхий цацраг бөгөөд байгаль дээр хүрэм чулуунаас ихээр ялгардаг. Хүрэм чулууг эрт дээр үеэс өвдсөн хүнд бариулах, шархан дээр нь тавих зэргээр эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн байдаг. Учир нь энэ чулууны долгион эсийг нөхөн төлжилтийг дэмжих өндөр үйлчилгээтэй. Терагерц долгион нь хүн, амьтан, чулуунаас мөн ялгардаг. Нялх хүүхдээс терагерц долгион өндөр цацарч хүний бие өвдөх болон өтлөхтэй хамтаар тус долгионы ялгаралт буурдаг. Ургамал амьтны хувьд ч мөн хүнтэй төстэй өвдөх, гэмтэх, хөгшрөхтэй холбогдон терагерц долгион нь багасдаг. Иймээс эрдэмтэд терагерц долгион ялгардаг хүрэм чулуу, болор чулуу, титан зэрэг орцуудыг ашиглан терагерцийн чулууг бүтээсэн байна. Энэхүү чулууг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг олон салбарт болоод өндөр техник технологид ашигладаг. Япончуудын гоёл чимэглэлийн зүйлсэд хэдийнэ нэвтэрсэн нано технологиор гаргаж авсан терагерц чулуунд хүний биед зайлшгүй шаардлагатай маш олон увдис бий.
-Хүмүүсийн тоодоггүй зарим нэг зүйл хэн нэгний хүсэл мөрөөдөл, бүр хобби нь ч болох тохиолдол байх юм аа?
-Би хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл урлаж сурсан. Хүсэл сонирхол маань намайг аажим аажмаар чулууны ертөнц рүү хөтөлсөн. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл, чимэглэл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэг байв. Нэг удаа санамсаргүй байдлаар үнэ төлбөргүй сургалтад хамрагдахаар болж суралцсан. Тэр сургалтаас чулуу хэлхэх, сүлжих технологи ямар байдаг, яаж гоёл урлаж хүнд хүргэж болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Хүнд анхны бүтээл нь дурсамж үлдээж, илүү ихийг бүтээх урам өгдөг шүү дээ. Анх 4 мм хэмжээтэй 100 ширхэг жижиг болороор бөгж урлаж билээ. Би чулуугаар хийсэн гоёл харахаараа дахин давтагдашгүй, өвөрмөц хийц загвартай бүтээл урлах гэж хичээдэг зантай. Завгүй байсан ч зав гаргаад хийдэг. Тиймдээ ч хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгож чадсан. Манай гэр бүл ажлыг маань сайн ойлгож дэмждэг. Нөхөр, хүү хоёр маань бугуйн цагаа, чулуун бугуйвчтай хослуулж зүүдэг. Том хүү дэлгүүр нээхэд их тусалсан. Намайг орон нутгаар явсан үед дэлгүүрээ ажиллуулаад, үйлчлүүлэгчдээс захиалга авч зарим нэгэнд нь гоёл зэхэж өгсөн байдаг юм. Хөдөөгийнхөн “Сувдан гоёл”, “Уран гар” гэхээр андахгүй мэднэ. Манай компанийн фэйж хуудас одоогоор 120.000 дагагчтай. Бид чөлөөт цагаараа компанийнхаа фэйж хуудсыг ажиллуулаад хүмүүстэй харилцдаг юм.
Миний урласан загвар бусдын дэлгүүрт тэр бүр байдаггүй
-Чулуугаар бүтээл урладаг бүсгүйчүүд хоорондоо их өрсөлддөг гэж сонссон юм байна?Худалдаа бизнесийн ажил эрхэлдэг хүмүүс алтан үст чулууг зүүвэл тохиромжтой.
-Гар урлалын дэлгүүртэй бүсгүйчүүд олон бий. Хүсэл сонирхол нэгтэй тэдний нүүр номоор аялж, бүтээлийг нь сонирхож хардаг. Тэдний дунд гадаад хүмүүс ч бий. Миний хувьд өөрийн загвараараа ялгарахыг боддог. Гараар гоёл урладаг хүн их ажигламтгай байдаг. Тархиа байнга ажиллуулдаг болохоор хурдан сэтгэж, урлах бүтээлийнхээ санааг хаа явсан газраасаа, эсвэл амьдарч буй орчноосоо олж хардаг. Шинэ бүтээлийн санаа толгойд нь байнга эргэлдэнэ. Бүсгүйчүүд нэгнийхээ гоёлоос санаа авч бүтээлээ баяжуулдаг. Нүүр тулж, тухалж яриагүй ч гэсэн бүтээлээр нь нөгөө хүнээ таньдаг болчихсон тохиолдол цөөнгүй. Загвар хийцийг нь хуулбарлахгүй ч гэсэн шинэ сэдэв санаа олдог бүсгүйчүүд нэгнээсээ суралцах сайхан санагддаг. Сүүлийн үед би бүтээлдээ үндэснийхээ өв соёл, уламжлал шингээхийг зорьж, монгол хатны ээмэг, бугуйвч, малгай, толгойн унжлага, энгэрийн зүүлт сувдаар урлаж алт, мөнгө, чулуу шигтгэн хийж байгаа. Үндэснийхээ өв уламжлалаас санаа авч өдөр тутамд зүүж болох гоёл руу түлхүү анхаарч байна. Надад үргэлж эрч хүч өгч, өөдрөг бодол төрүүлдэг хэдэн чулуу бий. Миний хэтийн зорилго өөрийн бүтээлээ гадаадын зах зээлд гаргах. Тиймээс бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрх харуулахыг зорьдог. Амьдарч буй орчинтойгоо нийцүүлж мэдрэмжтэй урлахыг хичээдэг тул миний урласан загвар бусдын дэлгүүрт тэр бүр байдаггүй.
-Хүмүүс өөрийн зан араншин, стиль имиж, дотоод ерөнцөө илэрхийлсэн, эсвэл амьдарч, ажиллаж буй орчныхоо уур амьсгал, эрхэлж буй ажлаасаа хамаараад ямар гоёл сонгохоо өөрсдөө шийддэг болжээ?
-Хүмүүс сонголтондоо их мэдрэмжтэй ханддаг болсон. Тиймээс засвар хийгдээгүй байгалийн хэв тогтоцтой чулууг их сонирхдог. Тухайлбал багш, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүс чамин хийцтэй жижиг чулуун зүүлт, ээмэг, бөгж зүүх сонирхолтой байдаг бол худалдаа үйлчилгээ, бизнес эрхэлдэг хүмүүс том шигтгээтэй чулуугаар гоёх дуртай. Мөнгөтэй байнга харьцдаг ажил эрхэлдэг хүмүүс голдуу мөнгөний энерги дууддаг чулуу сонгодог юм. Оюунлаг, зохион байгуулах авьяастай, мөн шүүгч, прокурор ажилтай хүмүүс хар, цагаан хэл амнаас хамгаалсан утаат болор чулуу зүүдэг. Мөнгөтэй болохыг зорьж байгаа хүнд нил ягаан болор тохиромжтой. Энэ чулуу санхүүгийн эрсдэлээс эзнээ хамгаалдаг. Би чулууг аль болох засахгүйгээр өөрийнх нь хэлбэр дүрсээр урлах сонирхолтой. Чулууг гоёл болгох амаргүй. Тэр тусмаа байгалийн чулууг засаж загвар гаргах хэцүү. Хэрэглэгчийнхээ сэтгэлзүйг мэдэрч, гоёлыг нь урлахад ур чадвар, ухаан шаардана. Чулуу үнэт эдлэл болохоор олон дахин засварлах боломжгүй. Тиймээс тухайн хэрэглэгчийнхээ саналыг сайн сонсож, хамт зөвлөлдөж байж загвар гаргадаг. Зарим чулуу засагдахааргүй хэлбэртэй. Нил ягаан болор талсттай байдаг тул засахад хялбар биш. Хүмүүс овор ихтэй эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунд алт, мөнгө, монет оролцуулан хослуулж зүүх болсон байна. Ингэж зүүхэд металлын өнгө харшлахгүй зохицдог.
-Нутаг, нутгийн ёс заншил өөр өөр байдаг шиг хүмүүсийн чулууны гоёлд хандах хандлага нь бас өөр л байгаа даа?
-Би сүсэг бишрэлтэй. Хаана ч очсон тухайн нутгийн газар шорооноос дураараа чулуу хөдөлгөж авдаггүй. Хүн эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй, болгоомжтой хандахад гэмгүй. Хөдөө явж байхад нутгийн иргэд чулууг авахдаа зан үйлийг ёсчлон үйлдэж газар аргадаж авсан тухайгаа хуучилдаг юм. Хамгийн гоё чулуу Хэнтий, Өмнөговь аймагт байдаг. Зүүн зүгийн нутгаас Дорнодчууд үнэт эдлэлд дуртай байдаг бол баруун аймгийнхан тод өнгийн чулуу сонгодог. Хэнтий аймгийнхан болор чулуу, Хөвсгөл аймгийнхан өнгө өнгийн чулуу алаглуулж зүүх сонирхолтой. Энэ жил үйлчлүүлэгчдийн захиалга ихтэй байсан тул орон нутгаар явсангүй. Энэ сард багтаж Эрдэнэт хотын бүсгүйчүүдэд шинэ чулууныхаа тайлбарыг хүргэж гоёлоосоо хуваалцаж сонирхуулахаар төлөвлөсөн.
Нарны энерги, сарны тусгалд чулуу өнгөө хувиргаж, хэлбэрээ өөрчилдөг
-Тухайн нутгийн онцлогоос хамаараад чулууны олдоц хэр байдаг вэ?
-Анзаарч байхад баруун урагшаа зүгт, тухайлбал Ховд аймгийн Булган суманд байдаг чулуунууд алтны ширхэг шиг гялтганасан өнгөтэй. Алтны хольцтой гэж андуурмаар. Мөн урд зүгт байрлах Дундговь, Дорноговь аймагт манын төрлийн чулуу түгээмэл. Зүүн зүгийн нутгаар өнгө өнгийн жонж чулуу олдоц ихтэй. Чулуу хайж олборлох зав надад гардаггүй учраас нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцдог. Нутаг, нутгийн хүмүүс миний бүтээлүүдийг сонирхож их авдаг юм. Зарим ч надад ийм чулуу бий, сонирхож авахгүй биз гээд үзүүлнэ. Өөрт таалагдсан, ховор чулуу байвал нь худалдаж авдаг. Баруун аймгийн хүмүүс их уриалгахан, зочломтгой, ажилсаг. Найз нөхөд болвол нөхөрлөлдөө үнэнч ханддаг шиг санагдсан. Надад орон нутгаас захиалга байнга ирдэг. Зарим аймгийн иргэд надаас чулуун гоёл чимэглэл худалдаж аваад ойр зэргэлдээ аймгийнхаа иргэдэд сонирхуулах жишээтэй. Өнгөрсөн жил би Дорноговь аймгийг зорьж, байгалийн чулууны олдоц ямар байгаа талаар судлаад ирсэн. Чулуу газрын гүнд он удаан жил энерги, бүтцээ хадгалж чаддаг, тэр газрынхаа мэдээллийг өөртөө агуулдаг. Газрын хэвлийгээс гарсан чулуу нарны энерги, сарны тусгалд өнгөө хувиргаж, хэлбэрээ өөрчилдөг. Олон зуун жил газрын хэвлийд байсан чулууны чанар улам чанарждаг. Хамгийн их хувирдаг чулуу бол Александр. Өглөө, өдөр, орой өнгө нь өөр өөр болж хувирна.Гэхдээ чулууг их хэмжээгээр олборловол тухайн газрын хөрс дэх нөөц багасдаг.
-Байгалийн чулуу сайхан ч эзэндээ хүнддэг талтай хэмээн үздэг хүмүүс байх юм?
-Магадгүй. Буруу санаа өвөрлөж, хулгайн гараар орж ирсэн чулуу сөрөг үр дагавартай. Муу сэтгэлтэй хүнээс чулуу авбал бие тавгүйрэх, айж сандрах, уур уцаар төрөх гээд таагүй, мэдрэмж төрүүлдэг. Байгалийн чулуу жирийн чулуунаас олон зүйлээр ялгардаг. Чулуу болгонд өөрийн гэсэн хатуулаг чанар бий. Зарим чулуу зөөлөн чанартай. Байгалийн чулууны жинхэнийг нь мэдэх олон арга бий. Хүмүүс энергийн зуунд амьдарч байна. Өөртөө тохирох чулууг сонирхон, эрж хайж, тодорхой мэдээлэл авсны үндсэн дээр гоёлоо хэрэглээ, хэрэглээгээ гоёл болгож өдөр тутам зүүдэг болсон. Зүүж байгаа чулуунаас биедээ гарч буй эерэг өөрчлөлтүүдийг мэдэрч эхэлж байна.
-Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг чулуунууд ямар энергитэй байдаг талаар сонирхуулаач?
Би чулууг аль болох засахгүйгээр өөрийнх нь хэлбэр дүрсээр урлах сонирхолтой. Чулууг гоёл болгох амаргүй. Тэр тусмаа байгалийн чулууг засаж загвар гаргах хэцүү.
-Та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүй. Таны энерги тухайн хүний энергитэй холбогдож таагүй мэдрэмж төрүүлнэ.Тиймээс сахиус мэт дээдлэх хэрэгтэй. Учир нь танд зөв энерги өгч, амьдралын тань хэв маягийг идэвхжүүлж байдаг юм шүү. Тухайлбал, эзэнд нь ямар нэгэн аюул заналхийлэл ирлээ гэхэд зүүж буй зүүлт, бугуйвч нь тасрах, бие нь муудвал өнгөө алдаж харлах зэргээр мэдрэгдээд эхэлдэг. Байнга завгүй ажилласнаас амархан бухимдах гээд байдаг хүмүүс саран чулууг зүүвэл тайвширна. Биндэръяа чулуу үнэнч дурлалын бэлгэдэл болдог тул гэр бүлийн хосууд муудалцсан үед зүүхэд эвлэрүүлэх энергитэй. Сувд эмэгтэй хүний нулимсыг тодруулж, зовлонг нимгэлдэг гэж үздэг. Мөн урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэдэнэ. Настай хөгшчүүд дөш чулууг сонгож зүүхэд сайн. Энэ чулуу цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг учир хамгаалалт болж өгдөг онцлогтой. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог. Молор чулуу гэр бүлийн сахиус болдог учир айл гэрт байхад тохиромжтой. Гартаам чулуу зүрх судасны өвчин, ядаргаа арилгахад тустай. Манай дэлгүүрт 20 гаруй төрлийн мана чулуу бий. Мана чулуу болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, анагаах чадвартай. Халтар мана гэхэд л эд баялгийн чулуу, хар мана эрх мэдлийн чулуу, улаан мана эрүүл мэнд хамгаалах үүрэгтэй. Мана чулууны олдоц монголд их байдаг. Энэ чулууг хэрэглэдэггүй хүн ховор. Сонирхуулж ярихад чулууны өнгө дээр хүртэл энерги нь солигдож байдаг. Миний хувьд жил бүр өөр өөр чулуу сонирхон судалж, эрэл хайгуул хийдэг. Чулуу байгалийн бүтээл. Байгаль зарим чулууг өвөрмөцөөр бүтээсэн байдаг. Тухайлбал, алтан үст болор чулуу дотроо үс ургасан мэт харагдана. Энэ чулуугаар хийсэн гоёл хүний нүдэнд өвөрмөц содон харагддаг. Миний хувьд худалдаа бизнесийн ажил эрхэлдэг болохоор алтан үст чулууг байнга зүүдэг. Энэ чулууг зүүсэн хүн энергийн таталцлаар ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байдаг. Хааяа сэтгэл санаа тогтворгүй, стресстэж тавгүйрхэх, бие хөших үед терагрец чулуу, ажил үйлсээ бүтээх зорилгоор гарах үедээ нил ягаан болор чулуу зүүдэг юм.
Чулууг халуун уур, хүйтэн чийгтэй газар хадгалж болохгүй
-Намар хуримын сар эхлэхээр залуу хосуудад зориулж үзэсгэлэн гаргавал яасан юм бэ, сонирхолтой санагдана даа?
-Энэ талаар төлөвлөчихсөн. Хуримын салоныг цогцоор нь гаргах бодол бий. Хуримын даашинз чимэглэхээс гадна, зүүх гоёл, мөн өмсөх гутлыг нь хүртэл чимнэ. Захиалга ихсэх тусам би завгүй болдог.Тэр ч хэрээрээ өөрийгөө дайчлан шаргуу ажилладаг. Ажиллахынхаа хэрээр өөрийгөө хөгжүүлэх гэж шинэ загвар гаргаж урлахыг хичээнэ. Надад завгүй ажиллах заримдаа жаргалтай санагддаг юм.
-Олны танил хүмүүс үйлчлүүлдэг үү?Мөнгөтэй болохыг зорьж байгаа хүнд нил ягаан болор тохиромжтой. Энэ чулуу санхүүгийн эрсдэлээс эзнээ хамгаалдаг.
-Сүүлийн үед фэйсбүүкээр тренд болоод буй хөтлөгч Д.Одзаяа, дуучин Т.Амина, Ч.Ану жүжигчин С.Өлзийхүү, дуучин Д.Бурмаа нар үйлчлүүлдэг. Дуучин Т.Амина Мартын наймны баяраар ээждээ зориулж сувдан зүүлт бэлэглэсэн. Манай дэлгүүрээр гадаадад ажиллаж амьдарч байгаад монголдоо ирсэн хүмүүс их үйлчлүүлнэ. Тэд надтай санал бодлоо хуваалцаж, тухайн амьдарч байсан орных нь иргэд ямар, ямар чулуун гоёлоор гангардаг байсан тухай өгүүлж, чулууны талаар сонирхолтой яриа өрнүүлдэг. Өвөрмонголчууд үндсэрхэг үзэлтэй. Миний урласан бүтээлүүдээс үндэсний хэв маяг шингээсэн гоёл худалдаж авдаг юм. Хурим найрын улирал эхлэхээр толгойн мөнгөн шанх, тэр дундаа оёмол хатгамал шанх олноор захиалдаг. Манай дэлгүүрээр гадаад хүмүүс зочлох дуртай. Саяхан солонгос хүмүүс ирж бугуйвч худалдаж авлаа.Тэд интернэтээс манай дэлгүүрийн тухай мэдээлэл олж уншаад надтай уулзахаар зорьж ирсэн. Цаг үе, орчноо дагаад хүмүүсийн сонирхол өөрчлөгддөг. Энэ жил бүсгүйчүүдийн гоёлд алтан үст болор, терагерц, шүр чулуу давамгайлж байна. Зарим олны танил хүн терагерц, алтан үст болор чулуун хөөрөгтэй хослуулж дээлийн товч хийлгэж байна. Үйлчлүүлэгчдээс гоёлоо зөвхөн өөрийнх нь л байх давтагдашгүй загвараар урлуулах санал ирдэг.
-Хүмүүс чулуун гоёлыг зөв хадгалах аргыг тэр бүр мэддэггүй. Өөрөөс нь шалтгаалахгүйгээр хагарч бутарсан тохиолдол их байдаг?
-Металл болоод байгалийн чулуун гоёл, чимэглэлийг тус тусад нь арчилж, өөрийн гэсэн хайрцаг саванд хийж хадгалах нь зүйтэй. Халуун, хүйтэн уур, чийгтэй газар хадгалж болохгүй. Алт, мөнгийг хооронд нь хольж хадгалбал өнгө, хэлбэр дүрсээ алддаг. Хөлс их ялгаруулдаг хүмүүс шүр зүүвэл өнгө нь амархан хувирдаг. Үнэртэн түрхэхдээ ч гэсэн анхаарч гоёлдоо хүргэхгүйгээр биеийнхээ арьсанд цацаж шингээх хэрэгтэй.
Ярилцсан Г.Батцэцэг