Цайны цагийн зочин: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны их эмч З.Сэцэн:
ХДХВ-ын халдвараар 270 хүн бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар 238 орчим хүн халдвартай хүн амьдарч байна. Өнгөрсөн оны судалгаагаар ХДХВ-тэй 597 хүн амьдарч байх боломжтой бөгөөд тэдний 40 хувийг оношилсон байдаг. Бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь нь эрчүүд эзэлдэг. Үүний 70 гаруй хувийг бэлгийн цөөнх эрчүүд байдаг. Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүд ХДХВ-ийн халдвар авах тохиолдол бүртгэгдэх болсон. Иймд иргэд эрсдэлтэй зан үйл хийхгүй байх, бэлгэвч байнга хэрэглэхийг зөвлөж байна.
Тэмбүүгийн тархалт өсөн нэмэгдэж байгаа нь нэг талаас тухайн хүнд зовиургүй, шинж тэмдэг нь илрэхгүй олон жил явдаг учраас хожуу үедээ оношлогдож байна
Гэхдээ бэлгийн цөөнх эрчүүд шинжилгээнд маш сайн хамрагддаг. ТББ-ын тусламжтайгаар тэднийг ХДХВ-ийн шинжилгээнд хамруулж чаддаг. ХДХВ-ээр 20-44 насны, БЗДХ-аар 35 хүртэлх насныхан халдвар авдаг. БЗДХ-аар нэг удаа өвдөөд эмчилсэн ч дахин өвдөхгүй байна гэсэн үндэслэл байхгүй. Иймд өөрийгөө хамгаалахын тулд бэлгэвч хэрэглэх, эрсдэлтэй зан үйл хийхгүй байх, тохиолдлын бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөж байна.
Сүүлийн үед заг хүйтэн өвчний эмчилгээний үр дүн муу үзүүлэх болсон. Эмэнд тэсвэртэй болсон учир мэргэжлийн эмчийн зааврын дагуу эмчлүүлэх хэрэгтэй. Тэмбүүгийн тархалт өсөн нэмэгдэж байгаа нь нэг талаас тухайн хүнд зовиургүй, шинж тэмдэг нь илрэхгүй олон жил явдаг учраас хожуу үедээ оношлогдож байна. Ийм учраас эмнэлэгт зургаан сар тутамд хандаж оношлуулж байх хэрэгтэй.
Хүнийг гаднаас нь хараад сайхан залуу, хүүхэн харагддаг ч ХДХВ, БЗДХ, тэмбүү өвчтэй гэдгийг мэдэх боломжгүй. Иймд аюулгүй бэлгийн харилцаанд орох, бэлгэвч тогтмол хэрэглэх, зургаан сар тутамд шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөж байна. ХӨСҮТ болон харьяа дүүргийн эмнэлгүүдэд дээрх өвчнүүдийн шинжилгээг тогтмол үнэ төлбөргүй авдаг гэдгийг дахин сануулж хэлье.