Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг 350.org байгууллагаас энэ долоо хоногийн баасан гарагт олон улсын сурагчдыг хамруулсан жагсаал зохион байгуулж байна. Тус байгууллагын санаачилсан жагсаалд 72 орны сурагч оролцохоор бүртгүүлснээс хамгийн багадаа 40 орны сургуулийн сурагчид жагсана гэж тооцоолжээ.
Сургуулийн жагсаалд оролцогчид цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэж баасан гарагийн хичээлээ орхиж гарах юм байна. Шведийн иргэн, дунд сургуулийн сурагч Грета Танбэрг жагсаал, хичээлээ орхих хөдөлгөөнийг дэмжиж байгаа юм. Грета охин өнгөрсөн оны наймдугаар сараас хойш долоо хоног бүрийн баасан гарагт хичээлээ орхин гарч Шведийн парламентын ордны гадаа жагсаал хийж цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд нэгдэхийг улс төрчдөд уриалдаг байна.
Грета “2078 онд би 75 нас хүрнэ. Хэрэв миний хүүхдүүд тэр үед одоогийн улс төрчдийн талаар асуувал юу гэх вэ. Магадгүй тэд хөдлөх боломж нь байхад яагаад юу ч хийгээгүй юм бэ гэж асууна” хэмээн ирээдүй хойч үедээ санаа зовнин ярьжээ.
Хэрэв энэ долоо хоногийн баасан гарагт бусад орны сурагчид Гретатай нэгдвэл олон улсыг хамарсан хамгийн өргөн хүрээтэй жагсаал болно гэж Reuters мэдээлжээ.
Эх сурвалж: www.qz.com